Египетийн сүүлчийн хатан хаан Клеопатра нь Ромын хаан Юлий Цезарь, түүний ач хүү Августус нарын сэтгэлийг эзэмдсэн юм. Түүний маргаантай зан чанар, домогт гоо үзэсгэлэн нь олон зууны туршид зохиолч, яруу найрагч, уран бүтээлчид, мэдээж зохиолч, найруулагчдын анхаарлыг татсаар ирсэн. Кино театр оршин тогтнох бүх хугацаанд домогт хатан хаанд 50 гаруй жүжигчин тоглосон байдаг. Тэгвэл энэ удаа Улаанбаатар чуулга, "Монгол" театрын уран бүтээлчид хамтран "Клеопатра" сонгодог жүжгийг тайзнаа тавих гэж байгаа аж.
Уг жүжгийн хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх ажиллах бол найруулагчаар УДЭТ-ын найруулагч, жүжигчин А.Чингүн, ерөнхий зураачаар О.Баярмагнай нар ажиллаж байгаа гэнэ.
Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх нь Хятад, Испани, ОХУ, Польш, Америкт өөрийнхөө концертыг тоглож, Норвеги, Бельги зэрэг олон оронд зохиол нь тоглогдсон хөгжмийн зохиолч бөгөөд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн удам залгасан уран бүтээлч юм. Харин алдарт зохиолын орчуулагчаар жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва ажиллажээ. Тэрбээр өмнө нь “Кихот ноён”, “Амьгүй албат”, “Фауст” зэрэг дэлхийн сонгодгуудыг тайзны бүтээл буюу жүжгийн зохиол болгосноос гадна У.Шекспир, Карло Гольдони, Карло Гоцци, Бернард Шоу, Бертольд Брехт зэрэг олон алдартны бүтээлийг эх хэлнээ хөрвүүлж, үзэгчдийнхээ оюуны цангааг тайлахад хувь нэмэр оруулсан нэгэн.