Бээжинг зорьсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Улаанбаатарт бууна. Парисаас ирсэн даруйдаа “Бүс зам” уулазлт руу мордсон тэрбээр Бээжинд Хятадын удирдагч Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нартай уулзсан юм. Мэдээж, найрсаг хөршүүдийн хувиар. Аль ч улсын удирдагчид улс орныхоо эрх ашгийг ярина, хөндөнө, тулгана, тохирно. Монгол ч ялгаагүй эрх ашгаа илүүд тавина. Товчхондоо тэнцвэрийг хадгалах, балансаа барих нь Монголын нэг номерын гадаад бодлого болжээ.
Ерөнхийдөө Монголын гадаад харилцаа Төрийн тэргүүн хэн байхаас, түүний үнэт зүйл, үзэл баримтлаас хамаардаг, хөгждөг. У.Хүрэлсүхийн хувьд гэр дотроо, гэрийн гаднаа ч эв, эеийг сахихад анхаарч байгаа, ажиллаж байгаа. Хамгийн сүүлийн дараалсан хоёр айлчлалаас нь, Парис, Бээжинд хийсэн уулзалт, тохирооноос нь дүгнэхэд Монгол Улс улс төрийн хувьд, эдийн засаг талдаа тэнцвэр барьж байна.
Нэг. Улс төр
“Бүс зам” бол Ши Жиньпин том амбиц. Түүний урилгаар дэлхийн 130 орны удирдагч нар Бээжинд цугларсан. Тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байлаа. Тэрбээр Бээжинг зорихоосоо өмнө Эммануэл Макроны урилгаар Парист төрийн айлчлал хийж, Монголын эдийн засгийн түүхэнд үлдэх том төслийг эхлүүлэх “шав тавиад” ирсэн.
Энэ нь, Франц улстай ураны салбарт хамтрах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан нь У.Хүрэлсүхийн “эдийн засгийн аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулах” бас нэгэн бодлого нь.
Мөн Европын соёл иргэншлийн төвд их Эзэн Богд Чингис хаанаа сурталчлаад ирсэн нь улсынхаа үндэсний аюулгүй байдлыг хамгаалж буй арга тактик нь ч байв.
Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон Оюутолгойн удаад бичигдэх “Орона”-тай хийх төслийн хүрээнд цаашдаа уранаас цахилгаан үйлдвэрлэх асуудал ч яригдах биз. Харин өнөөдрийн тухайд Монгол Улс эрчим хүчнийхээ 20 хувийг гаднаас хангаж байна. Экспорт, импорт нь Хятадаас, эрчим хүч, шатахуун нь Оросоос зуун хувь шахуу хамааралтайн хувьд У.Хүрэлсүх В.Путинд албан ёсны айлчлалын урилга өгч, Ши Жиньпинтэй цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахаа илэрхийлсэн ч Монголын аюулгүй байдлын төлөөх үг, үйлдэл болох нь ойлгомжтой.
Өмнө нь “өгөх хүн гэдийдэг” гэх маягаар монголчуудтай харилцаж ирсэн оросууд энэ удаад хошуу дэвсээд эхэлсэн нь У.Хүрэлсүхийн хэрэгжүүлж буй олон тулгуурт, нээлттэй, энхийг сахисан гадаад бодлогын үр дүн биз.
Хоёр. Эдийн засаг
“Бүс зам”-д оролцож, Бээжин, Москватай уулзаж, У.Хүрэлсүхийн тохирсон яриа хэлэлцээрийн нэг нь Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц байлаа. Үндсэндээ, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар төсөл гараанаас гарлаа гэж хэлж болно. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдсанаар эхний ээлжинд баруун таван аймгийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана. Илүүдэл эрчим хүчийг төвийн бүсэд нийлүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр үйлдвэрлэлийн өртөг, зардал ч буурна.
Мөн Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хооронд Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар уг бүтээн байгуулалтын ажил нэг шат урагшилж байгаа аж. Монголчуудын хувьд сайн мэдээ, сайхан үйл явдал гарцаагүй мөн.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Шивээхүрэн боомтыг Б Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил өнгөрснө тавдугаар сард эхэлсэн. Энэхүүөмөр зам ашиглалтад орсноор тус боомтын экспортын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломжтой.
Тэгвэл Москвагаас юу амалсан бэ гэж үү?! Монголд нийлүүлдэг түлш, шатахууныг нийлүүлэлтээ тогтвортой байлгахаа Кремлийн тэргүүн амалсан байна. Мөн Монголын мах, ноос, ноолууран бүтээгдэхүүний татварыг бууруулахад анхаарна л гэж. Гэх мэтчилэн манай Ерөнхийлөгчийн хувьд “явсан хүн яс зууж иржээ”.
Эцэст нь АНУ, ОХУ, Хятад аль аль нь Монголын, монголчуудын эрх ашгийг илүүд тавихгүй. Аль нь ч Монголыг хамгаалахгүй. Монголыг эрх ашгийг илүүд эрэмбэлэх хүмүүс бол монголчууд бид өөрсдөө билээ!
Холбоотой мэдээ