Протокол: Орано майнингтай ямар гэрээ байгуулав?!

Хуучирсан мэдээ: 2023.10.23-нд нийтлэгдсэн

Протокол: Орано майнингтай ямар гэрээ байгуулав?!

Протокол: Орано майнингтай ямар гэрээ байгуулав?!

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аравдугаар сарын 13-16-ны өдрүүдэд бүгд найрамдах Франц улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэ хүрээнд Францын “Орано майнинг” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн протоколд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан билээ. Тэгвэл энэхүү протоколд юу тусгасан, талууд ямар ямар асуудал дээр зөвшилцсөн, ойлголцсон талаар протоколыг хүргэж байна.

“Орано” групп нь цөмийн энергийн чиглэлээр 17 улсад үйл ажиллагаа явуулдаг, нийт 17 мянган ажилтантай дэлхийн топ 3 компанийн нэг юм. “Орано” группын хувьцаа эзэмшигчид 2022 оны жилийн эцсийн байдлаар дараах байдалтай байна.

  • Францын засгийн газар нийт хувьцааны 89.99 хувь, санал өгөх эрхийн 87.50 хувь;
  • БНФУ-ын Атомын энерги болон сэргээгдэх эрчим хүчний комиссариат (CEA) нийт хувьцааны 0.0000004 хувь, санал өгөх эрхийн 0.0000005 хувь;
  • Япон Улсын  Japan Nuclear Fuel Limited нийт хувьцааны 5 хувь, санал өгөх эрхийн 6.25 хувь;
  • Япон Улсын  Mitsubishi Heavy Industial. Ltd нийт хувьцааны 5 хувь, санал өгөх эрхийн 6.25 хувиар тус тус эзэмшиж байна.

Төслийг нийт 47 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 2024-2027 оны хооронд бэлтгэл ажлыг хангах, 2028-2060 оны хооронд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 2061-2070 оны хооронд нөхөн сэргээлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн ашиглалтын хугацаанд ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар, цэвэр ашиг нь жилд 130 сая ам.доллар буюу нийт дүнгээр 4.3 тэрбум ам.доллар байх тооцоолол гарсан байна.

“Орано” группын эзэмшлийн “Арева Монгол” ХХК-ийн охин компани “Кожеговь” ХХК нь 1996 оноос хойш Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт геологийн эрэл хайгуулын ажлыг тасралтгүй хийж, 2007 онд Дулаан-Уул орд (7.6 мян.тонн), 2010 онд Зөөвч-Овоо (93.2 мян.тонн) ордыг тогтоосон.

Протоколд,

Монгол Улсын ажлын хэсэг 2023 оны зургадугаар сараас хойш нийт 8 удаа хөрөнгө оруулагч талтай уулзалт хийжээ. “Орано майнинг” компани нь Дорноговь аймагт байрлах ордын  Дулаан-Уул MV-018916,  Зөөвч-Овоо MV-018915 болон  Өмнөт MV-018914 дугаар бүхий (цаашид хамтад нь “Уурхай” гэх) гурван тусгай зөвшөөрлийн эзэмшигч болох Бадрах Энержи ХХК-иар дамжуулан сүүлийн 25 жил Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, ашигт малтмалын хайгуулын ажилд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ.

Монгол Улсын Засгийн газар нь Мон-Атом ХХК-иар дамжуулан Төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт зарласан болон гаргасан хувьцааны 34 хувийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, Хөрөнгө оруулагч нь Төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт зарласан болон гаргасан хувьцааны 66 хувийг тус тус эзэмшдэг.

Хөрөнгө оруулагчийн групп нь Уурхайг бүтээн байгуулах болон ашиглах, боловсруулах үйлдвэр болон хүхрийн хүчлийн үйлдвэр, эрчим хүч үйлдвэрлэх, логистикийн байгууламж зэрэг холбогдох дэд бүтцэд зориулж Төсөл хэрэгжих хугацаанд ойролцоогоор 1.6 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт буюу Монгол Улсын иргэдэд ажлын байр шинээр бий болгох, мөн Монгол Улсын эдийн засагт томоохон хэмжээний хувь нэмэр оруулахуйц хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөжээ.

Төсөл хэрэгжүүлэгч компани нь хариуцлагатай уул уурхайн компани болохын хувьд Монгол Улсад уул уурхайн салбарыг төрөлжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр болохуйц байгаль орчинд ээлтэй, аюулгүй байдлын дээд зэргийн стандартад нийцсэн уул уурхайн технологийг хөгжүүлэх юм. Ингэснээр Монгол Улс нь ураны зах зээлийн гол тоглогчдын нэг болж, олон улсад нүүрсхүчлийн хий (CO2) ялгаруулдаггүй эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж талууд онцлон тэмдэглэжээ.  Мөн талууд нь Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компанийн татвар, үйл ажиллагааны орчин болон Уурхайн бүтээн байгуулалт, олборлолт, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний борлуулалт, нөхөн сэргээлт болон уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаа (цаашид “Төсөл” гэх)-г тогтворжуулах зорилгоор Хөрөнгө оруулалтын гэрээ (цаашид “Хөрөнгө оруулалтын гэрээ” гэх)-ний төслийн зарим нөхцөлийг урьдчилан зөвшилцсөн байна.  Ингэхдээ Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ баталсны дараа Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэлэлцэн тохиролцсон үндсэн нөхцөлүүд болон байгуулах цаг хугацааны талаар зөвшилцсөнийг нотлох үүднээс энэхүү Протоколыг үлдсэнийг онцолжээ.

Талууд, зөвшилцсөн онцлох заалтуудыг хүргэж байна.

Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 30 жил байх бөгөөд 20 жилээр сунгах боломжтой гэж зөвшилцсөнийг УИХ-аар эцэслэн батлах юм. Мөн бүтээгдэхүүний борлуулалтын орлогын 50-иас доошгүй хувийн мөнгөн дүнг Монгол Улсад үүсгэн байгуулсан банк эсхүл Монголд бүртгэлтэй гадаадын банкны салбарын дансандз шилжиж орсон байх бөгөөд Монгол Улсад гүйцэтгэсэн худалдан авах ажиллагаатай холбоотой бүх мөнгөн гүйлгээг Монгол Улсад үүсгэн байгуулсан банкаар хийхээр тохиролцсон байна.

1.2 Төрийн эзэмшлийн хувьцаа

  • Монгол Улсын Засгийн газар төрийн эзэмшлийн эзэмших хувийг 10 хувийн давуу эрхтэй хувьцаа эзэмшигч байхаар тохирсон бөгөөд үнэ төлбөргүй эзэмшинэ. Монгол Улсын Засгийн газар ямар нэг хөрөнгө оруулалт хийхгүй.
  • Монгол Улсын Засгийн газар нь Хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжих хугацаанд Талууд урьдчилан харилцан тогтоосон нөхцөлөөр давуу эрхтэй ногдол ашиг авна.
  • Монгол Улсын Засгийн газар нь бүтээгдэхүүний 10% хүртэл хувийг Хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл, болзлын дагуу худалдан авах эрхтэй байна.
  • Монгол Улсын Засгийн газар нь талуудын хувьцаа эзэмшлийн хувиас үл хамааран төсөл хэрэгжүүлэгч компани, түүний үйл ажиллагаа, санхүүгийн байдал болон Компанийн тухай хуульд заасан бусад бүхий л мэдээллийг Хөрөнгө оруулагч (хувь нийлүүлэгчийн хувьд)-ийн нэгэн адил авах эрхтэй.

1.3 Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон зарим зардал

  • Монгол Улсын Засгийн газар ураны ислийн борлуулалтын үнэлгээнээс тооцох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг хавсралтад заасны дагуу тогтоохоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх  талаар
  • Талууд маркетингийн төлбөрийг ураны ислийн борлуулалтын 2  хувь, ноу-хаугийн төлбөрийг Төсөл хэрэгжүүлэгч компанийн үйл ажиллагааны болон хөрөнгийн зардлын 4  хувь байхаар Монгол Улсын татварын хууль болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Үнэ шилжилтийн зөвлөмжид нийцүүлэн бодит үнэ тодорхойлох зарчмын (arm’s length principle) дагуу тогтоохыг урьдчилан тохиролцсон талаар
  • Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн саналд татварын алдагдал шилжүүлэх хугацааг 4-10 жил байхаар тусгасныг Татварын ерөнхий хуульд заасан 4 жилээр мөрдөх талаар

1.4 Бүс нутгийн хөгжил

  • Төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймагт ажлын байр шинээр бий болгох, ажилтнуудыг гэр бүлийн хамт тус аймагт шилжин суурьшихыг дэмжих зэргээр бүсийн эдийн засгийн хөгжлийг дэмжихэд хүчин чармайлт гаргаж ажиллах талаар;
  • Төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулах бөгөөд тухайн гэрээний дагуу Төслийн уурхайн ашиглалтын үйл ажиллагааны үе шатанд 1,000,000 ам.долларын хөрөнгө оруулах үүрэг хүлээх талаар.

Зургийн тайлбар: Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн протокол бүрэн эхээрээ

 

Талууд ажлын хэсэг байгуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийг Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ахалж буй. Тиймээс тодорхой хугацаанд талууд хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын тулд өмнөх протоколд зөвшилцсөн зүйлсийг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаж, УИХ-аар батлуулснаар албажих юм. Талууд хөрөнгө оруулалтын гэрээг 2023 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс өмнө гарын үсэг зурж, 20024 онд төслийн үйл ажиллагааг эхлүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
8
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж