Москва дахь Руднево аж үйлдвэрийн паркын газар дээр агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн үйлдвэр барьжээ. Тус үйлдвэр нь 93.7 метр кв талбайтай. Некрасовка дүүрэг дэх үйлдвэрийн барилгын ажил дууссан гэдгийг Москва хотын захиргаа Лхагва гаригт албан ёсоор зарлав.
Цахим сүлжээнд мэдээлснээр пуужингийн үйлдвэрийг урьд хожид байгаагүй богино хугацаанд буюу есөн сар хүрэхгүй хугацаанд барьж дуусгажээ.
Пуужингийн үйлдвэрийг батлан хамгаалахын гүйцэтгэгч Алмаз-Антей компанид түрээсэлсэн байна. Пуужин үйлдвэрлэлийг 2024 оны аравдугаар сар гэхэд эхлүүлэхээр төлөвлөж байгааг Алмаз-Антейн гүйцэтгэх захирал Яна Новикова хэллээ.
Руднево аж үйлдвэрийн парк нь орон сууцны хороололтой тун ойрхон байрладаг. Тодруулбал, хамгийн ойрын орон сууц хүртэл 500 хүрэхгүй метр байна. Аж үйлдвэрийн паркын бүтээн байгуулалт 2020 оны сүүл үеэс эхэлсэн. Улмаар эхний 16 барилгыг хоёр жилийн дотор барьж дуусгажээ. Төлөвлөгөө ёсоор Рудневод барилга, нисэх, электрон үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд барина.
Москвагийн эрх баригчид 2022 оны арваннэгдүгээр сард Руднево аж үйлдвэрийн паркын нутаг дэвсгэр дээр нисгэгчгүй онгоцны туршилт хийхийн тулд 100 га газар гаргах болсноо зарлажээ. 100 га газар гаргахын тулд Косинскийн дархан цаазат газрын мод бутыг шөнийн цагаар огтолсон байна. Тухайн үед Москва хотын дарга Сергей Собянин хорооллын оршин суугчдыг ажлын байртай болгох арга зам нээгдлээ гэж аж үйлдвэрийн паркын бүтээн байгуулалтыг сайшааж байв.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA