Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр /2023.10.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Улаанбаатар хотод баригдсан барилгууд нь газар хөдлөлтөд хэрхэн тэсвэрлэж үлдэх чадвартай байна вэ гэдэг үнэлгээг энэ удаад 40, 50 мянгатын барилгуудад хийлээ. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд 40, 50 мянгатын орон сууцны 64 барилгын ашиглалтад хяналт шалгалт хийхэд маш ноцтой нөхцөл байдлууд илэрлээ.
Тухайлбал, 54 нийтийн орон сууцны нэг давхрын өргөтгөлийг 321 аж ахуйн нэгж байгууллага 10 сууц өмчлөгчдийн холбоо хүчин төгөлдөр эрхийн үйлчилгээний гэрчилгээгүйгээр ашиглаж байна.
Батлагдсан зураг төсөлгүйгээр орон сууцны нэгдүгээр давхрын барилгад өргөтгөл хийсэн, зургаан өртгөтгөлийн доор зоорийн давхар хийж, хаалга гаргасан. 161 өрөөний тусгаарлах дундын хамар ханыг буулгасан. Энэ бол маш аюултай. Дээд айл цөмөрч орж ирэх нөхцөл бүрдсэн. 140 иргэн, ААН-ийн 79 нь дулаан аваагүй, 65 нь барилгын халаалтын анхны системийг дур мэдэн өөрчилсөн, 43 нь агааржуулалтын систем ашиглалтын шаардлага хангахгүй, 345 барилгад аянга газардуулагч хийгдээгүй, өргөтгөлийн цахилгааны дотоод сүлжээний холболтын ажлыг чанаргүй гүйцэтгэсэн.
Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа 34 аж ахуй нэнг шингэрүүлсэн шатдаг хий баллоныг барилга дотор байршуулсан. Галын аюулгүй байдлын дүгнэлтгүй 8, хийн тоног төхөөрөмж шугам хоолойг мэргэжлийн байгууллагаар суурилуулаагүй 12, даралтат савны мэргэжлийн сургалтад хамрагдаагүй 24 иргэн үйлчилгээ явуулж байна.
Энэ нь хий алдагдах, тэсэрч дэлбэрэх аюултай нөхцөл байдал нэгдүгээр давхруудад бүрдсэн байна гэсэн үг.
64 орон сууцны барилгын үндсэн хийц бүтэц нь одоо мөрдөгдөж байгаа газар хөдлөлтийн норм дүрмийн шаардлагыг зөрчиж байгаа. Барилгын материалын чанар алдагдсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн. Маш ноцтой үр дагавар авчирч болзошгүй. Ханыг аваад заал болгосон, газын төхөөрөмжүүдийг шаардлага хангахгүйгээр байршуулсан. Газар хөдлөлтөд тэсвэрлэх боломжгүй барилгууд дээр хана өөрчилсөн нь байж болшгүй зүйл. Нэн даруй арга хэмжээ аваач ээ гэдэг мэдэгдлийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газар, мэргэжлийн холбоодод нь хүргэсэн” гэлээ.