УИХ-ын гишүүдээ ичээч ээ!

Хуучирсан мэдээ: 2023.10.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүдээ ичээч ээ!

УИХ-ын гишүүдээ ичээч ээ!

УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаандаа суух гэж оромддог боллоо.

Монгол Улсын 2024 оны төсвийн хууль бол угтаа 3.4 сая иргэний асуудал юм. Тийм ч учраас УИХ, Засгийн газрын гишүүд хуулийн төсөлд ач холбогдол өгч, оролцох ёстой. Нэг ёсны чуулганы нэгдсэн хуралдаан хэдэн цагт эхэлж, хэдэн цагт дуусна эцсийг нь үзтэл оролцох ёстой гэсэн үг. Харамсалтай нь, өнөөгийн парламентын гишүүдэд тийм ёс зүй алга.

УИХ-аар өчигдөр Монгол Улсын 2024 оны төсвийн хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхлэхэд гишүүдийн ирц хангалттай байж чадсангүй.

Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-аар Монгол Улсын 2024 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн гадаад, дотоод томилолтыг хориглоно” гэж мэдэгдсэн ч биеллээ олсонгүй. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Түлш эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан нар байсангүй.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаан 21.00 цаг хүртэл үргэлжилхэд арав гаруйхан гишүүн, арав ч хүрэхгүй Засгийн газрын гишүүн үлдсэн. Тодруулбал, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Цогтбаатар, Н.Энхболд, Б.Пүрэвдорж, Б.Бейсейн, Г.Ганболд, Ш.Адьшаа, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, П.Анужин, Засгийн газрын гишүүдээс Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар байв.

Хуульд зааснаар УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүдийн ирц хамгийн багадаа 39 байх ёстой. Нэг ёсны ирц 50 хувийн босго давж байж төслийг хэлэлцэх шалгуур хангадаг. Харин энэ парламентын хувьд дээрх шалгуурыг хангаж хуралдсан  өдөр тоотой гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй биз.

Ямар аргатайдаа Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэх үед гишүүдийн ирц хангалттай байгаагүйгээс санал хурааж чадалгүй, өнөөдөр лүү шилжүүлэх вэ дээ. Ийм тохиолдол Монгол Улсын нэгдсэн төсвийн хуулийг хэлэлцэх үед гарч байсан удаагүй.

Ер нь чуулганаар хуулийн төсөл хэлэлцэх үед гишүүдийн ирц хангалттай бүрддэггүй тохиолдол олонтаа давтагдах болсон. Харамсалтай нь, түүнийгээ олонхийн бүлгийн дарга нь УИХ-ын даргатайгаа нийлж, хаацайлдаг. Тухайлбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт нэр бүхий хуулийн төслүүдийг эцэслэн батлах болтол гишүүдийн ирц хангалттай байгаагүйг тэд нуух зорилгоор гишүүдийг шахаж суулгасан тохиолдол гарсан. Энэ тухайгаа УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь “Камерт онгорхой суудал бага харагдуулахын тулд УИХ-д хоёр сонгогдсон сахал Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд нарыг урагш татаж суулгалаа. Арын суудал нь онгорхой боллоо шүү. Тийм биз дээ, дарга аа. Нэг их онгорхой шүд шиг байлгаж байхаар” гэж ярьсныг УИХ-ын дарга Г.Занданшатар “Тэг, тэг” гэж зөвшөөрч байх вэ дээ.

Уг нь УИХ-ыг удирдана гэдэг гишүүдийн бурууг  хаацайлна гэсэн үг биш. Болохгүйг нь хэлж, удаа дараа чуулганы хуралдаандаа суудаггүй УИХ, Засгийн газрын гишүүдийг зарлаж, хуульд заасан арга хэмжээнүүдийг авах ёстой. Хэрвээ эрх зүйн орчин нь бүрдээгүй бол санаачлаад арга хэмжээ авдаг болох ёстой. Гэвч тийм санаачлага гаргасангүй, найран дундаа явсаар бүрэн эрхээ дуусгах болж байна.

Нөгөөтэйгүүр, ирц бүрдүүлэхэд УИХ дахь намын бүлгийн дарга үүрэг хүлээдэг ч найзан дундаа, алдааг нь хаацайлсаар бүрэн эрхээ дуусгаж байна.

УИХ-ын гишүүдийн хувьд чуулган, байнгын хорооны хуралдаа суух нь үндсэн ажил, үүрэг нь  боловч ялархсан, тунирхсан, бусдын өмнөөс ажиллаж байгаа мэт ааш аяг гаргадаг л болоод удлаа.

Ийм байж, удахгүй УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлээд зүтгэнэ дээ. Тэр үед сонгогчид бодолтой сонголт хийхгүй бол  хуралдаа суудаггүй, ажлаа хийдэггүй “хоолны сав”-нуудыг л дахин УИХ-д сонгож мэдэхээр байна шүү.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж