Монголчууд допингийг юнителийн дугаараар ойлгодог байсан цаг саяхан. Харин одоо допинг гэхээр улсаараа хэлэлцэж, олон нийтийн сүлжээнд цэц булаалдах хэмжээний ойлголттой болжээ. Гагцхүү буруу, зөв ойлголтын улмаас төөрөгдөл, бухимдал үүсэх нь гаарлаа. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа допинг гэж чухам юу болох, ямар үр дагавартай, Монголд хэрхэн хил нэвтэрч орж ирж байгааг хүргэхийг зорив.
Юун түрүүнд хориотой эм бодис гэж юу болох хүний биед ямар нөлөө үзүүлдэг талаар мэдээлэл авахаар АШУҮИС-ийн Физиологийн тэнхимийн багш, анагаахын ухааны магистр Д.Цэцэгдолгортой уулзлаа.
Дэлхийн допингийн эсрэг хуулийн нэгдүгээр зүйлд допинг гэдгийг энэхүү дүрмийн 2.1-2.11-д заасан заалтын нэг буюу хэд хэдэн зөрчлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, допингийг зөрчил гэж тодорхойлжээ.
Д.Цэцэгдолгор ярихдаа "2023 онд Дэлхийн допингийн эсрэг агентлагийн гаргасан хориотой эмийн жагсаалт нь 11 хэсгээс бүрдэж байгаа. Допинг гэхээр л даавруудыг ойлгож болохгүй. Маш олон төрлийн эмүүдийг энэ жагсаалтад оруулдаг. Энэ жагсаалтын S1-S4 хүртэлх ангилал нь тэмцээний болон бусад үед ч хориотой бол сүүлийн ангиллын эмүүдийг тэмцээний бус үед эмчийн зөвлөмжөөр хэрэглэхийг зөвшөөрдөг. Сүүлийн үед монгол тамирчдаас илрээд буй хэд хэдэн бодисууд бий. Станозолол, нандролон тэргүүтэй бодисууд нь S1 буюу анаболик стероид гэсэн ангилалд хамаардаг" гэв.
Тэгвэл анаболик стероид гэж юу вэ? Үндэсний бөхийн тамирчдаас гадна сүүлд Ханжоугийн Азийн наадмын үеэр шинжилгээнд бүдэрсэн Б.Чинзориг болон Б.Эрдэнэзул нараас илэрсэн бодис энэ бүлэгт багтаж байсан билээ.
Анаболик стероидыг ярихын тулд бид тестостерон гэдэг дааврын талаар зайлшгүй мэдэх хэрэгтэй. Хүмүүс эр бэлгийн даавар гэдгээр нь сонсож байсан биз. Анаболик стероид нь тестостерон даавартай химийн бүтэц, үйл ажиллагааны хувьд төстэй байхаар лабораторид гаргаж авсан эм, эмийн бодисыг хэлж байгаа юм. Анагаах ухаанд хязгаарлагдмал хэрэглээтэй. Тухайлбал, эмэгтэй хүнд хөхний хавдрын эмчилгээний үед эсвэл тестостерон даавар төрөлхийн дутмагшилтай, дутуу байгаа нь шинжилгээгээр нотлогдсон үед маш бага тунгаар эмчийн зөвлөмж, жороор олгогддог. Монголын зах зээлд ганц, хоёрхон төрлийн бодис бүртгэгдэж орж ирсэн. Гэхдээ эдгээр нь өргөн хэрэглээтэй биш гэнэ.
Хязгаарлагдмал хэрэглээтэй, маш бага тунгаар хэрэглэдэг энэ бодисыг энгийн хүн, тамирчин тогтмол, өндөр тунгаар хэрэглэвэл ямар үр дагавар авчрах нь анхаарал татаж буй. Энэ талаар түүнээс лавлахад "Энгийн хүн эдгээр бодисуудыг олж авах боломжгүй. Заавал эмчийн заавраар хэрэглэнэ. Манайд олдоц муутай. Бараг л олдохгүй гэж хэлж болох байх. Тамирчид ганц л зорилгын төлөө хэрэглэж байгаа. Амжилт гаргахын төлөө. Тэгэхээр энэ эм нь тестостеронтой төстэй үйлчилгээ үзүүлнэ. Тестостерон даавар нь булчингийн массыг нэмэгдүүлдэг, хүчийг нь сайжруулдаг, ясны жинг нэмэгдүүлдэг, гол нь стрессийг бууруулдаг. Монголчууд эр хүн гүндүүгүй, уужим саруул ухаантай байдаг гэж ярьдаг. Энэ даавар нь сэтгэл санаа тайвшруулж, өөртөө итгэлтэй байдлыг үүсгэдэг. Тэгэхээр энэ бодис ч адил үйлчилгээ үзүүлнэ" гэв.
Мөн өсөлтийн даавар гэж та бүхэн сонсож байсан нь лавтай. Тэгвэл энэхүү дааврыг тамирчид хэт өндөр тунгаар хэрэглэдэг аж. Үүний учрыг тайлбарлахад "Тамирчдын хувьд эмчилгээний журмаар хэрэглэж байгаа хүмүүсээс ялгаатай хэрэглээтэй. Хэт өндөр тунгаар хэрэглэдэг. 10-100 дахин их тунгаар хэрэглэдэг гэх судалгаа бий. Тамирчид анаболик стероид буюу тестостероны нийллэг бодисуудын гаж нөлөөнөөс зайлсхийхийн тулд хэд хэдэн аргуудыг хэрэглэдэг гэж үзэж буй. Нэгдүгээрт нь, бусад төрлийн даавруудтай хамт хэрэглэвэл гаж нөлөө үзүүлэхгүй гэж үзээд өсөлтийн даавар эсвэл өсөлтийн факторуудтай хамт хэрэглэдэг тохиолдол бий. Эсвэл тунг нь багаас нь ихэсгэж зохицуулалт хийдэг. Мөн цикл байдлаар хэд хоног хэрэглээд хэд хоног хэрэглэхгүй байхаар зохицуулдаг. Ийм туршлагууд дэлхий дахинд бий. Гэхдээ эрдэмтдийн зөвлөж буйгаар эдгээрийн аль нь ч гаж нөлөөнөөс зугтаах боломжийг олгохгүй" гэж Д.Цэцэгдолгор багш ярилаа.
Өсөлтийн даавар нь ерөнхий биеийн бүх эд эсүүдийн үйл ажиллагааг дэмжих, нэмэгдүүлэх даавар. Энэ дааврыг хамт хэрэглэж байгаа нь тестостероныхоо үйлдлийг нэмэгдүүлэх зорилготой байх боломжтой.
Тестостерон дааврын нийлэг хэлбэрээр гаргаж авсан бодисууд маш олон төрлийн гаж нөлөөтэй. Хамгийн эхний нүдэн дээр ил харагддаг гаж нөлөө нь арьс дайвар эрхтний байдал. Тухайлбал, үс ихээр унах, батгашилт, эмэгтэйчүүдийн арьс ширүүн болох, эмэгтэйчүүдийн шар үс ихээр ургах зэрэг гаж нөлөө ажиглагдах нь бий. Хоёрдугаарт, гол эрхтэн тогтолцоонд нөлөөтэй. Тухайлбал, зүрх судасны тогтолцоонд гаж нөлөө үзүүлсэнтэй холбоотойгоор зүрхний шигдээс, тархинд цус харвах гэх мэт гэнэтийн үхлийн шалтгаан болно. Мөн элэгний эсүүдийг маш хүчтэй хордуулдаг. Элэгний хавдар, элэг өөхлөх, хатуурах шалтгаануудын үндэс. Бөөрөнд ч сөрөг нөлөөтэй. Бөөрний түүдгэнцэрийн эсүүдийг хордуулсны улмаас бөөрний дутагдал үүсгэнэ. Хамгийн сонирхолтой нь тархи болон зан араншинд нөлөө үзүүлнэ. Маш уур уцаартай, түрэмгий, омголон болох талтай. Үүнээс гадна сэтгэцийн гаж байдлуудад хүргэнэ.
Дасал үүсгэх эрсдэлтэй. Үе, булчин, толгойгоор өвдөж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ.
Ямартай ч анаболик стероид, хориотой эм бодис түүний үр дагавар, хэрэглээний талаарх мэдээлэлтэй боллоо. Тэгвэл Монголд энэ төрлийн бодисыг хууль ёсны дагуу, тусгай зөвшөөрөлтэй оруулж ирдэг эсэх талаар судалъя. Дэлхийн дийлэнх орнуудад анаболик стероид нь хууль бус, хэрэглэхийг зөвшөөрдөггүй.
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэнээр "Небидо" гэх худалдааны нэртэй тестостерон бодис 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр хүртэл зарагдаж байжээ. Харин одоо хугацаа дууссан төлөвтэй байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11.1.2 дээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчлэхийг хориглоно гэж заажээ. Тэгэхээр албан ёсоор худалдаалагддаг тестостерон Монголд үгүй аж.
Тэгвэл хэн хууль бусаар оруулж ирж байна вэ? Хэрэв тусгай зөвшөөрөлтэй эм ханган нийлүүлэгч оруулж ирвэл эмийн бүртгэлд заавал бүртгүүлсэн байх ёстой. Ингээд бодохоор хувь хүмүүс оруулж байх шиг. Ялангуяа фитнесийн багш, дасгалжуулагчдыг энэ төрлийн эм бодис оруулж ирдэг гэх яриа бий. Үүнийг лавлахаар "RD" клубын Ж.Хаш-Эрдэнэтэй уулзлаа. Түүний хувьд "Khash RD" youtube хуудсаараа дамжуулан фитнес, бодибилдингийн спортын талаарх мэдээ мэдээллийг хүргэдэг. Тэрбээр "Тестостероныг анх 1939 онд Германы хоёр эрдэмтэн холестериноос гарган авсан. Үүнээс хойш бодибилдингийн спортод хүчтэй орж ирсэн. "Mr.Olympia" 1960-аад онд байхад л тэр үеэс анаболик стериод байсан. Тиймээс өдийг хүртэл олон тамирчид үүнийг хэрэглэж, бодибилдингийн спорт дэлхий даяар түгсэн. Том бие хаа, булчингаараа бусдыг байлдан дагуулсаар өнөөдрийн хэмжээнд хүрчээ" гэв.
Монголд хуулиараа анаболик стероидыг хориглоогүй байгаа аж. Харин ОХУ, АНУ, БНХАУ, Канад тэргүүтэй өндөр хөгжилтэй орнуудад эдгээр бодисын эргэлтийг хянадаг, хориглодог ч Тайланд, Египет, Аргентин зэрэг улсууд анаболик стероидыг хуулиараа хориглоогүй гэнэ.
Фитнес, бодибилдингийн спорттой холбогдоод багагүй хугацааг үдсэн түүнээс Монголд энэ төрлийн эм бодисын хэрэглээ хэр өргөн талаар асуухад "Үнэнийг хэлэхэд тусгай судалгаа хэрэгтэй. Тэгэж л хэчнээн хэрэглэгч байгааг нь тогтоох байх. Миний харж байгаагаар багадаа арван мянган болон түүнээс олон хүн энэ төрлийн бодисыг хэрэглэж үзсэн байх гэж боддог" гэлээ. Харин хэрхэн оруулж ирдэг талаар тэрбээр "Монголд эм ханган нийлүүлэх хэд хэдэн байгууллага оруулж ирдэг. Нэршлийг нь мэдээж хэлэхгүй. Үүнээс гадна тамирчид, хувь хүмүүс цахим хуудас руу нь хандаад л гадаадаас захиалдаг. Шуудангаар авдаг гэсэн үг. Дийлэнхдээ хувь хүмүүс гадаадаас ачаа тээшиндээ оруулж ирж байгаа. Шахмал, шилтэй гэх мэт савлагаатай элбэг байдаг" гэж хариулсан юм.
Монголд дунджаар туншил нь 400-700 мянган төгрөгөөр зарагддаг.
Ж.Хаш-Эрдэнийн хэлснээр анаболик стероид хэрэглээд нас барсан тохиолдлууд их гэнэ. Тэрбээр "Монголчууд дунд ч элбэг. Алдартай эсвэл олны танил хүн нас барсан тохиолдолд л мэддэг. Түүнээс биш олны танил бус хүмүүс хэрэглээд нас барсан тохиолдлууд мэр сэр бий" гэлээ. Тэрбээр залуу үеэ аль болох үүнээс хол байхыг уриалж байлаа.
Холбоотой мэдээ