Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргүүд өнгөрсөн шөнө Ираны дэмжлэгтэй зэвсэгт хүчний дайралтад өртжээ. Тодруулбал, Иракийн баруун хэсэг дэх АНУ болон бусад олон улсын хүчин байрласан Айн аль-Асад агаарын бааз Ирантай холбоотой байж болзошгүй босогчдын дайралтад өртжээ.
Ингэснээр дэлхийн гүрнүүд Газын зурвас дахь мөргөлдөөнд оролцох вий гэсэн болгоомжлолыг бий болгов.
Мөн Йеменээс харвасан пуужин, нисгэгчгүй онгоцуудыг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин саатуулсан гэлээ. Эдгээр нь Израиль руу чиглэсэн байж магадгүй гэж мэдэгдэв. АНУ-ын Тэнгисийн цэргийн хөлөг онго тухайн үед Йемений ойролцоо Улаан тэнгист эргүүл хийж байжээ.
Түүнчлэн Сирийн зүүн өмнөд хэсэгт орших аль-Танф гарнизон дахь АНУ-ын бие бүрэлдэхүүн рүү хоёр нисгэгчгүй онгоц халдсан байна. Ираны дэмжлэгтэй дайчид тус гарнизоныг Ливанд төвтэй Хезболла бүлэглэл рүү зэвсэг тээвэрлэхэд ихэвчлэн ашигладаг. Хезболла нь Хамас бүлэглэлийн хүчирхэг холбоотон юм. Сирийн зүүн хэсэгт Америкийн цэргүүд байрладаг газрын тосны байгууламж мөн нисгэгчгүй онгоцны халдлагад өртжээ.
Израилийн Батлан хамгаалахын сайд Йоав Галлант фронтод очиж, цэргүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд байхыг тушаажээ.
Тэрбээр цэргүүдийг Хамасын хяналтад байгаа нутаг дэвсгэрт шилжих тушаал өгсөн тохиолдолд бэлэн, зохион байгуулалттай байхыг тушаасан. “Та бүхэн Газыг одоо алсаас харж байна. Удахгүй дотроос нь харах болно. Тушаал ирнэ” гэжээ.
Эх сурвалж: THE TELEGRAPH