"Шинэ хуулиар орон нутгийн газрыг Засгийн газар олгодог болно"

Хуучирсан мэдээ: 2023.10.20-нд нийтлэгдсэн

Live"Шинэ хуулиар орон нутгийн газрыг Засгийн газар олгодог болно"

"Шинэ хуулиар орон нутгийн газрыг Засгийн газар олгодог болно"

УИХ-ын чуулган өнөөдөр /2023.10.20/ хуралдаж байна. Чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.


 

17 : 26
2023-10-20

Чуулганы хуралдаан дууслаа

УИХ-ын дарга Г.Занданшатар:

УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн дарга нараа та бүхэнд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалтаар 18 жилийн өмнө аравдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан тусгаар тогтнолын санал асуулгын өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Энэ санал хураалт 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр бүх ард түмний дунд БНМАУ-ын тусгаар тогтнох улс байлгахын төлөө явуулсан санал асуулга байсан бөгөөд 100 хувийн саналаар дэмжсэн байдаг. Чуулганы хуралдаан дууссаныг мэдэгдье.

17 : 13
2023-10-20

Б.Жаргалмааг Төрийн байгуулалтын, Г.Амартүвшинг хууль зүйн байнгын хорооны гишүүнээр батлав

Санал хураалт явуулж байна. Тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тусгай хяналтын дэд хорооны гишүүний асуудлаар Ардчилсан намын бүлгээс завсарлага авсан байсан. Тусгай хяналтын дэд хорооны гишүүний асуудал өнөөдөр эцэслэгдсэн учраас ирэх долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэх бололцоог хангахын тулд завсарлагын хугацааг цуцалж өгнө үү. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Ардчилсан намын бүлгийн засварлагын хугацаа дууссанд тооцлоо. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан АН-ын саналыг авч үзэж, шийдвэрлэх чиглэл өгч байна. 

Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар тогтоолын төслийг танилцуулав. УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооноос чөлөөлсүгэй. Мөн УИХ-ын гишүүн Б.Жаргалмааг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталсугай. Энэ тогтоолыг 2023 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс хэрэгжүүлсүгэй. 

УИХ-ын тогтоолын төслийг батлая гэсэн саналын томъёоллоор санал хурааж, баталлаа. 

14 : 15
2023-10-20

"Шинэ хуулиар орон нутгийн газрыг Засгийн газар олгодог болно"

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ болон Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын       сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн,  нэг дэх хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Г.Тэмүүлэн танилцуулсан юм. 

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүд Г.Ганболд:

-Төсвийг дагаад 21 хууль, 7 УИХ-ын тогтоол орж ирсэн байна. Сүүлийн үед хэлэлцэж байгаа хуулиудаар орон нутгийн эрхийг хумьсаар байгаад эрх мэдэл нь байхгүй болж байна. Томилгоог нь босоо болгосоор байгаад муу ажиллаж байна гэж голдог боллоо. Газартай холбоотой ганц том эрх байдаг. Газрын хуулийн 18.1.10 заалтад орон нутаг аймаг сум газар олгож чадахаа болих нь ээ. Шинэ хуулиар бүх орон нутгийн газрыг Засгийн газар олгодог болж байна. Ингэхээр яаж хөгжих юм бэ. 2024 оныг хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжиж, орон сууц барина гэчихээд Газрын хуульд хориглосон байна. 

Биржийн хууль байна. Өчнөөн ажил болж, байгалийн баялгаа биржээр нүүрсээ зарж эхэлсэн. Гэтэл хуулийн заалтаар стратегийн орд эзэмшигч УИХ-ын шийдвэрийн дагуу 10.2 заалт хамаарахгүй гэж заасан байна. Олон улсын гэрээ нэрээр гэрээ хийсэн байгууллагуудад биржийн үнээр нийлүүлэхээ болих нь ээ. Яг ямар үнэ баримтлах юм бэ?

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн:

-Газартай холбоотой нэг асуудал бол төлөвлөлтийн дагуу олгохгүй байна гэж. Төлөвлөлтийн дагуу газрыг нэг байгууллага олгоё гээд Засгийн газрын харьяа агентлаг олгох юм. Төлөвлөлтөө аймаг, нийслэлийн ИТХ батална. Нэг удаа ингээд үзэхэд гэмгүй байх. Хөдөө хотгүй хэл ам дагуулж байгаа учраас нэг удаа нэг цонхоор газраа олгоё гэж байгаа юм. Салбарын сайдын хувьд үүнийг зөвшөөрч байна. Жишээлбэл, гэр хорооллын дахин төлөвлөлтөөр Яармаг дээр ТОСК-иас газар чөлөөлсөн чинь дүүрэг тэнд газар олгочихож байгаа юм. Олон газар дураараа газар олгохоо болих хуулийн төсөл юм. Хуучин байснаараа сайжрахгүй байна. 

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:

-Биржийн асуудал тийм амар яваагүй. Өнөөдрийн төрийн өмчит компанийн 35 хувийг биржээр зарж байна. Энэ жилдээ нүүрсний хэмжээг 60 гаруй сая тонн болгочих байх. Бүлэг дээр өргөн барьсан хэлбэрээ засъя гээд тухайлсан төсөл дээр нь нарийвчлан зааж, зах зээлийн үнээс хямд гэдгийг засъя гэж яриад шийдвэрлэсэн. Засгийн газар дээр Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын холболтын ажлыг яаралтай хийлгэх гэж байгаа. Төрийн ажил шүү дээ. Гаргалгаа гаргаж, хурдтай холбоё гэж байгаа юм.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул:

-УИХ-ын 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн 68 тогтоолд заасны дагуу урт хугацаатай стратегийн орд эзэмшигчийн гэрээ байгуулах, нээлттэй тендер шалгаруулах, зохицуулалтыг 8.15 заасан. Энэ асуудал олон улсын гэрээ болон УИХ-аас өгсөн шийдвэрийн дагуу гэж хязгаарлагдсан учраас бүх орд газруудыг үүнд хамруулан ойлгох боломжгүй. УИХ-аас өгсөн шийдвэрийн дагуу гэрээ, сонгон шалгаруулалт хэрэгжихээр тусгасан байгаа. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Газрын хуульд анхаарлаа хандуулаач. сум, аймаг газар олгож чадахаа болих гээд байна. Өнгөрсөн 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс аймаг, сум зөвхөн дуудлага худалдаагаар газар олгодог болсон. Энэ нь орон нутгийн хөгжилд асар том чөдөр тушаа болсон. Дуудлага худалдааг нь завхруулдаг. Орон нутгийг хөгжүүлж үйлдвэр барья, орон сууц барья гээд газраа өгье гээд эдийн засгийн форум хийгээд байдаг. Гэтэл Засгийн газар аймаг, сумдын газрыг олгохоор юун хөдөөгийн  хөгжил вэ. Асар том ухралт гарна. Нийслэлийн завхарсан газартай битгий орон нутгуудаа хутгаад бай. Юу яриад байгаа юм бэ. 

Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга М.Санжаадорж:

-Хөдөөд ажилласан төрийн албан хаагчийн ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцохыг Засгийн газрын журмаар тогтооно. Ажиллах хугацаандаа үр дүнтэй ажилласан бол болно, үр дүнгүй ажилласан бол болохгүй. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Гадаад хөрөнгө оруулалтаа татах, сайжруулах үүднээс гадаадын иргэн Монгол Улсын иргэнтэй адил зарчмаар татвар ногдуулах гээд харилцааг оруулж ирж байна. Энэ зарчим нь зөв ч ногдол ашгийн, татварын хөнгөлөлтийг урт хугацаанд үзүүлэхээр эргээд хөрөнгө оруулалтын урт хугацааны гэрээтэй, тогтвортой байдлын гэрээтэй аж ахуйн нэгжид сөрөг үр дагавар байгаа юм уу?

Мөн төсвийн байнгын хороо Төсөв дагалдаж орж ирсэн хуулийн төслийг дэмжсэн. Хууль өргөн барьсан, хууль санаачилсан салбарын сайд нар байгаагүй учраас асуулт асууж чадаагүй. Уул уурхайн биржийг нүүрсний хулгайтай тэмцэх гэж байгуулсан. Биржийн тухай хуулийн амин сүнс нь төрийн өмчийн компаниуд ба тэдний гэрээ хэлцэл. Магадгүй урьдчилж хийж байсан оффтейк гэрээ, нүүрсний хулгайн асуудал байсан. Цаашдаа ийм хулгай битгий хийгээсэй, ил тод арилжаалаасай гэж хийсэн. Одоо хуулийн төсөлд төрийн өмчит аж ахуйн нэгжүүд гэж байна салбарын сайд нь тухайлсан төсөл гэж тайлбарлаж байна. Төрийн өмчийн компанийн төсөл байвал хамаарахгүй болох уу. Урт хугацаанд биржээр арилжаалах заалт чинь хамаарахгүй болчих байнгын шинж чанартай заалт орж байгаа юм биш үү. Зарчим нь зөв юм уу?

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:

-Төмөр замын холболтыг яагаад дэмжиж байна вэ. Биржийн гол асуудал хүргэлт болоод байна. Оролцогч тал их нүүрс авах гээд байдаг. Тийм учраас төмөр замын холболтыг хийснээр биржийн үйл ажиллагаатай шууд хамааралтай. Зөвхөн энэ төсөл гэдгээр нь хаая. Түүнээс биш хэн нэгэн компанийн ганц удаагийн харилцааг Засгийн газар дэмжээгүй шүү. Хувийн компаниуд үүрэг байхгүй. Хуульд нарийвчлан тусгах хэрэгтэй гэдэг дээр санал нэгтэй байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Г.Тэмүүлэн гишүүний асуултад хариулъя. Энэ оны долдугаар сард УИХ-аас 68 дугаар тогтоолыг баталсан. Энэ хүрээнд Засгийн газар хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. 2012 онд БНХАУ талаас Ганцмод-Гашуунсухайт төмөр замын хоёр талын холболтыг хийх ажлын хүрээнд цаад талаасаа төмөр замаа татаад ирсэн. Бид улстөржилтийн асуудлаас болоод төмөр замаа холбож, шийдэж чадалгүй ирсэн. Цаашдаа Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хамтарч ажиллая.

Гэхдээ энэ төмөр замыг холбох нь эхний шаардлага. Хятадын талаас 2 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн.

Энийг Монголын тал хариуцлагаа үүрч, холболт хийх нөхцөлөө бүрдүүлэхгүй тохиолдолд бусад холболтыг цэг удаашрах нөхцөл байдал үүссэн. Тийм учраас энэ холболтыг  хийж, ирэх жил 60 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна. Зарчмын хувьд хазайхгүй ээ. Улсын хилээр нүүрсний жишиг үнээр экспортыг хийнэ

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Нөхцөл байдал бодлогын хэмжээнд эвдэрч орж ирж байгаа хуулийн хэмжээнд бид үг хэлэх ёстой. Засгийн газрын гишүүд нь орилж чарлаад. Асуудалд тэгж хандаж болохгүй. Гомдож байна. Гурван жил хэцүү нөхцөл байдалд дэмжиж ажилласан. Төсөв дагасан 20 гаруй хуульд өөрчлөлт орж ирж байгаа нь самарч байна гэсэн үг. Үүнийгээ зохицуулаад явъя гэж байна. Орон нутаг гэж байхаа болилоо. УИХ-ын 76 гишүүний 54 нь орон нутгаас сонгогддог. Энэ хүмүүсийн эрх ашгийг хэлэхээр орилоод байх юм. Өнгөрсөн 2016-2020 онд 65-уулаа бүх хуулийг дураараа дургиж өөрчлөөд өөрчлөгдсөн зүйл хаана байгаа юм бэ. Одоо Зөвшөөрлийн тухай хууль бол Газрын тухай хуультай холбоотой. Дахин зөвшөөрөл олгох тухай. Тухайн суманд байгаа нутаг дэвсгэрийн дахин төлөвлөлт, бэрхшээлийг даван туулуулж байж, хөгжинө. Томилгоог босоо тогтолцоотой томилно. Танай нам угаасаа ийм. Шат дамжлагууд нэмэгдэнэ. Нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг байхгүй болголоо. Бараг аймаг, нийслэлийн ИТХ-ыг байхгүй болгох нь ээ. Сөрөг хүчинтэйгээ харилцан ярилцаж байж парламент оршин тогтнодог. Зөвшөөрөл гэдэг авлига шүү дээ. Тэрийг авахын тулд гуйна. Дахиад гуйна. Жижиг, том авлига өгч, 40 их наяд хүртэлх хулгай луйвартаа тулна. Тэгэхээр нөхцөл байдал хүнд байна. Хурдан шуурхай ажиллая.

Санал хураалт явуулж байна. 

14 : 11
2023-10-20

Ерөнхий сайдын асуултыг хойшлуулж, төсөв хэлэлцэв

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргалаа. Тэрбээр "Өнөөдөр 14:00 цагаас Дэгийн хуулийн дагуу явах Ерөнхий сайдын асуултыг хойшлуулах саналтай байна. Засгийн газраас бас ийм хүсэлтийг өгсөн. Улсын төсөв дагасан 21 хууль, долоон тогтоолыг хэлэлцэх эсэхийг шийдэж байж ирэх долоо хоногт байнгын хороодоор хэлэлцэнэ. Тэгэхгүй бол арваннэгдүгээр сарын 10-ны дотор Төсвийн хуулийг хэлэлцэх цаг хугацаа бага байна. Тиймээс өнөөдрийн асуулгыг хойшлуулж, төсөв дагасан хууль тогтоолыг хэлэлцэх санал гаргаж байна. УИХ-ын гишүүд дэмжиж өгнө үү" гэв. 

Санал хураалтаар 62.2 хувийн саналаар дэмжигдлээ. 

12 : 47
2023-10-20

"Хүүхдэд цахим орчинд садар самуун сурталчилсан хэрэг 2023 онд 68 бүртгэгдсэн"

ХЭҮК-ын дарга Ж.Хунан:

-Бэлгийн цөөнх бол адилхан хүн. Адил тэгш эрхтэй байна. Монгол Улс бэлгийн чиг баримжаанд үндэслэж ялгаварлан гадуурхахыг гэмт хэрэгт тооцсон. Тийм учраас бэлгийн чиг баримжаанаас болж хүүхдийн хүчирхийлэл бий болж, нэмэгдэж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл. Бэлгийн цөөнхийн эрх хүний эрхийн асуудал. 

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-Иргэд хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхэд төрүүлэх нөхцөл байдалд ажиллаж амьдарч байна. Үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн асуудал олон гарч байна. Цахим хөгжлийн яамтай болсноор ахиц гарч байна. байна. Хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэх контентыг хязгаарлах боломж байгаа юм уу. Дэлгэцийн хамаарлаас гаргах тал дээр анхаармаар байна. Хоёрт, шүүх байгууллага ямар түвшинд байгаа вэ. Монголын шүүх өрөөндөө багтахгүй, өөд өөдөөсөө хараад суусан. Юун хүүхэд хамгааллын асуудал ярих вэ. Тийм боломж байхгүй. Үл бүтэх заалт олон байна?

ЦХХХ-ны сайд Н.Учрал

-Олон нийтийн сүлжээний олон апплейкшнууд байгаа. Өөр өөрийн мониторингтой. Зөвхөн фэйсбүүк дээр гэхэд өнөөдөр хиймэл оюун ухаан ажиллаад контент, оюуны эрхийн зөрчилтэй гэмт хэрэг, садар самуун сурталчилсан контентыг хяналт тавьдаг болсон. Өөр өөрсдийн апплейкшнуудтай учраас технологийн тусламжтай бид хянах боломжгүй. ХХЗХ-ноос тавьсан хяналт дээрээ орж ирж байгаа сүлжээнд технологийн тусламжтай тодорхой хяналт тавьж, хязгаарладаг. Дэлхийн улс орнуудын жишгийн дагуу явж байгаа. 

Хүүхдэд цахим орчинд садар самуун сурталчилж, уруу татсан гэмт хэрэг 2023 онд 68 бүртгэгдэж, шийтгэгдсэн. Бид анхаарах ёстой. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль өмнө нь орж ирээд цаг үеэ олоогүй, хэлэлцэх явцын хувьд олон талын санал асуулга аваагүйгээс алдаа гарсан. Гэхдээ энэ хуулийг ирээдүйд цаг хугацаа өөрөө түрүүлэн гаргана гэдэгт итгэлтэй байгаа. Энэ удаагийн парламент биш болов уу. Ямар аргаар цахим орчинд гэмт хэрэгтэй тэмцэх вэ гэдэг дээр чиглэл чиглэлээрээ ажиллаж байна. Би өөрийнхөө хэмжээнд анхаарч байгаа. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Бид ганц нэг эмзэг асуудал гарахаар нийгмээрээ шуураад, хууль оруулж ирээд байна. Н.Учрал сайдын хэлж байгаагаар 2023 оны есдүгээр сарын байдлаар 7042 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Энэ ноцтой асуудал биш үү. Хоёрт, гэмт хэрэг гарахаар эцэг эхээс зөвшөөрөл авалгүй цахим орчинд мэдээлж эхэлдэг. Хариуцлагын ямар заалт байна вэ?

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Цахим орчинд гарч байгаа гэмт хэргийн тоо өндөр өсөлттэй байгаа. Эрүүгийн ял шийтгэлийг өөрчлөхөөс гадна байгууллага хоорондын харилцааг сайжруулах журмаар зохицуулах шаардлагатай байна. Хувь хүний мэдээллийн тухай хуулийг баталсан. Өөрийнх нь зөвшөөрлөөр хуулийн, банк санхүү, үүрэн телефоны операторууд энэ асуудлыг шалгахад цагдаагийн байгууллагад саад учруулж байна. Тиймээс хэргийг илрүүлэх, шалгахтай холбоотой хуулийн өөрчлөлтийг өргөн барина. Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх, цахим орчин чиглэлд хуулийн төсөл боловсруулж байгаа. Маш их хэмжээний иргэд цахим орчинд залилан, хүүхдийн эсрэг гэмт хэрэг өсч байна. Банк санхүүгийн байгууллагуудтай ярьж, тогтоох асуудал байна. 

Гадаадад ажиллаж байгаа агент хэлбэрээр бүлэглэл Монголд байна. Сайдын хувьд энэ гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Кибер аюулгүй байдлын газарт бүтцийн өөрчлөлт хийж, өргөтгөх бодолтой байгаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүтцийг хийхээр төлөвлөж байна. Ялын бодлогын хувьд УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг өргөн баривал гэдэг бодлоор хуулийн төсөл, үзэл баримтлалыг хийж байгаа. 

ХНХ-ын сайд Х.Булгантуяа:

-Хүүхдийн нэр төр алдар хүндийг гутаан доромжилсон, эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр хувийн эмзэг мэдээлэл, дуу авиа, зураг дүрс, контентыг цацахыг хориглоно гэж хуульд тусгасан. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

-Хүүхдийн эмчийн орон тоо хэр байна. Мөн сэтгэцийн эмч байна. Хуулийн төсөлд тусгасан уу. Эрүүл мэндийн даатгалын асуудал байна. Гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдүүд олон байна шүү дээ.

 ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал:

-Цар тахалтай холбоотойгоор өмнө нь ч гэсэн хүүхдийн эмчийг бэлтгэх тогтолцоо алдагдсан. Өмнө нь ОХУ-д эмчийг бэлтгэдэг байсан бол аймаг дүүрэг, хөдөө орон нутагт эмчийн ажлын байрны тоо хүртээмжгүй болсон. Эрүүл мэндийн сайдын тушаалаар охид, өсвөр үеийнхэнд чиглэсэн тусламж үйлчилгээ үзүүлэх аргачлалыг батлаад явдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн эмч нарыг бүрэн тоогоор ажиллуулах арга хэмжээг авч, ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч сэтгэцийн бүх асуудлыг тасалдуулахгүй ажиллаж байгаа. Охидын үр хөндөлт нэмэгдэж байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

-Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмнэлэгт хэчнээн хүүхэд эмчлүүлж байна вэ. Хуулийн төсөл боловсруулахад ЭМЯ-наас санал авсан уу. Гадаад руу эмчлүүлж байгаа хүүхдийн даатгал хооронд гэрээ хийх үү. Таван сая төгрөгийн тэтгэмж өгдөг гэсэн. Арай бага мөнгө байна?

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Охидын жирэмслэлт, үр хөндөлт дорвитой буурахгүй байгаа. Эцэг эхийн хараа хяналтад анхаарах хэрэгтэй байна. 13-17 насны жирэмслэлт, үр хөндөлт их байна. Хоёрт, дотооддоо эмчилж чадахгүй байгаа иргэд гадаад руу явж эмчилгээ хийлгэдэг. Эдгээр иргэдэд үзүүлж буй тусламж дэмжлэг тун бага байна. Байхгүй гэж хэлж болно. Сайд тушаал гаргаж, 26 нэр төрлийн жагсаалт гаргасан бол тусгай дэмжлэг үзүүлэхгүй байгаа нь маш буруу. Гадаад руу яваад ирэхээр зардлын тавхан хувийг өгч байгаа. 

УИХ-ын гишүүд үг хэлж дууслаа. Байнгын хорооны саналаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тухай, Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэхэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хууль, Онц байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэдэг санал хураалтыг явууллаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бий болгоно гэж байгаа. Хүүхдийн зөвлөл нь ном журмаараа ажилладаг байх нь чухал. Одоо санал хураалтад бэлтгэе.Нийт УИХ-ын гишүүдийн 58.1 хувийн саналаар төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж санал хураалаа. Анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлж байна. 

12 : 04
2023-10-20

"Хүүхэд хамгааллын хуулийг хүүхдийн амиар цочроо авч, хэлэлцэж байна"

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл хүүхдийн амиар цочроо авч, шуурхай байдлаар УИХ-д орж ирж байна. 2020 оноос хойш УИХ дахь 13 эмэгтэй гишүүн энэ хуулийг гаргах гэж нэлээн хөөцөлдсөн. Өнөөдөр хэлэлцэж байгаад баяртай байна. Энэ хуулийн зүйл заалтыг тодорхой яримаар байна. Б.Энхбаяр сайд Эрүүгийн хуульд маш тодорхой заалтууд орж, чангатгаж дэмжүүлсэн. Хүүхэд хамгааллын хуульд үр дүн гарах өмнө нь байгаагүй ямар өөрчлөлтийг оруулсан бэ?

ХНХ-ын дэд сайд С.Зулпхар:

-Тогтолцоог бүрэн болгоход чиглэсэн. Олон тооны оролцоотой. Жишээлбэл, гэр бүл, цагдаа, сургууль, төрийн байгууллага, иргэдийн оролцоотой болно. Өмнөх хуулиудад үүргийг нь ерөнхий заасан байсан бол одоо тухай бүрт нь тусгаж өгснөөрөө онцлог. Өмнө нь гэр бүлд тодорхой үүргийг тусгаагүй байсан. Хамтарсан баг Засаг даргаар ахлуулсан мэргэжлийн байгууллагын үүргийг нарийвчилж, кейсийн түвшинд удирдаж, үнэлж ажиллана. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-НҮБ-ын Хүүхдийн сангаас 2020 онд энэ хуульд үнэлэлт дүгнэлтдээ 108 утсыг олон улсын байгууллагаас санхүүжүүлдэг байсныг төрийн нэг бүтэц болгон өөрчилж, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа дуудлагыг хүлээн авдаг. Нийт дуудлагын 50 гаруй хувь нь зорилтот байдаг бол зарим нь зөвлөгөө авна.

Үүнтэй уялдаад бүтэц зохион байгуулалт, санхүүжилтийг тодорхой болгомоор байна гэсэн. Бид бүгдийг тодорхой болгосон.

Мөн хүүхэд хамгааллын тогтолцоо засаг захиргааны бүтцээр явдаг. Тэгэхээр 400 гаруй хүн амтай дүүрэг, 40 мянган хүнтэй аймаг яг адил бүтэцтэй мөртлөө кейсийн тоо ялгаатай. Тиймээс улсын байцаагч, энэ чиглэлийн ажилтнуудыг кейстэй уялдуулан Засгийн газар гурван жил тутам тодорхойлохоор болсон. Хоёрт, хүүхэд бүр хүүхэд хамгааллын хувийн хэрэгтэй болно. Үе тэнгийн дээрэлхэлтийг хуульчилсан. Салбар болгох хүүхэд хамгааллын бодлоготой байх ёстой. Мөн барилга, зам хүлээн авах комисст хүүхдийн улсын байцаагчийг оруулахаар тусгасан. Хороо, сум, дүүрэг нийгмийн ажилтантай байхаар зохицуулсан

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Асуултаа нэг л ойлгохгүй байна. ХЗДХЯ-тай ярилцсан уу. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн жагсаалт гаргах уу. Эцэг эхийн хариуцлагын ямар заалт байгаа юм бэ?

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэх, суллагдсан гэмт этгээдэд цахим гав зүүнэ. Мөн олон нийтэд нээлттэй мэдээлэх ажлыг манай яам хариуцсан. Цахим гавд цагдаагийн байгууллага хяналт тавина. Ирэх 2024 оны төсөвт тусгах боломжтой гэж үзсэн. Цаашид үүсэх орон тоо, төсөвтэй холбоотой судалгаагаар 100 гаруй орон тоо 1.6 тэрбум төгрөгийн төсвийн нэмэлт ачаалал үүсэх тооцоо гарсан. Бид 2024 оны батлагдсан төсөвтөө дотор нь хөдөлгөөн хийж, орон тоог зохицуулах боломжтой гэж үзэж буй.

ХНХ-ын дэд сайд С.Зулпхар:

-Гэр бүлийн тухай хуулиар тухайлан зохицуулсан байсан. Хүүхэд хамгааллын хуулийн гуравдугаар бүлэгт Гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхэд хамгааллыг есөн зүйлээр тодорхойлсон. Үүнд эерэг аргаар хамгаалах, эрсдэлд өртөхөөс хамгаалах, эрхээ урвуулан ашиглавал хариуцлага хүлээнэ, хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно, сөргөөр нөлөөлөх дуу бичлэг цацахыг хориглосон, эрүүл мэнд, нийгмийн харилцаанд оролцоход эцэг эх үүрэг хүлээнэ гэж тусгасан. 

Хуульч н.Баттулга:

-Хүүхэд хамгаалал гэдэг олон хууль тогтоомжийн зааг дээр байдаг. Гэр бүлийн хуулиар нарийвчлан зохицуулдаг. Хуулийн төслийн 4 дүгээр бүлэгт Хүүхэд хамгааллын үйлчилгээ гээд байгаа. Хүүхэд амь нас эрүүл мэндийн эрсдэлд орсон бол шуурхай тусламжийн үйлчилгээг нэн даруй үзүүлнэ. Хүүхдийг гэр бүлдээ байх боломжгүй бол асралт гэр бүл, түр хамгаалах байранд байршуулна.  

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Ямар үр тарина, тийм жимс хураана гэдэг үг бий. Хүүхэд бол манай нийгмийн толь юм. Нийгэм өөрөө хүүхдүүдэд ээлтэй юу гэдгээ бодох ёстой. Бид "Эхэн булингартай бол адаг нь булингартай" гэдэг үгийг бодох ёстой. Тэрний төлөө алхам хийх ёстой байхгүй юу. Монголд 2.8 сая интернэт хэрэглэгч байгаа. Үүнээс 1.5 сая нь сошиал хэрэглэгч бол 1.5 сая нь хуурамч хаяг байна. Нийт 300 мянга гаруй бүртгэлгүй дугаар байна. Олон телевиз, сайт байна. Хүнээсээ их мэдээллийн замбараагүй байдалд байна. Дэлгэцийн хамааралтай хүүхэд олон болсон. Хүүхдүүд цахим халдлагад их өртөж байна. Бид тэдэндээ юу үзүүлж байна вэ. Сонсч мэдэж байгаа зүйлдээ анхаарах ёстой. "Бусдын толгой дээрх өвсийг харахаар өөрийн толгой дээрх бухлыг хар гэдэг үг байдаг даа. Тэрэн шиг нийгмээ цэвэрлэе. Эх нь булингартсан байгаагаа цэвэрлэе. Хоёрт, монголчууд "Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг" гэж ярьдаг. Бас "Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" гэдэг. Гэр бүлийн хүмүүжилд хамгийн сайн анхаарахгүй бол хүүхдийг зөв хүн болгох асуудалд анхаармаар байна. Эхлээд монгол хүн болсны дараагаар дэлхийн хүн болдог юм байгаа биз. Энийг та бүхэн юу гэж бодож байна. Гуравт, нүгэлгүй бурхад бол хүүхэд. Учраа олохгүй байгаа тэр гэнэн цагаан оюуныг буртагладаг гэмт этгээдийг цэвэрлэх ёстой. 

10 : 47
2023-10-20

"Хүүхэд хамгааллын хуульд асралт гэр бүл гэдэг шинэ ойлголт орж ирсэн"

Нийгмийн бодлого байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Хүний эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга илтгэлийг тавьж байна. 

Тэрбээр "Салбар бүр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам баталж, шаардагдах санхүүжилтыг Засгийн газраас баталсан нормативын дагуу төсөвлөн жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх шинэ зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусган боловсруулсан. Хуулийн төсөл батлагдсанаар сум хороод, хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны 534 орон тоог шинээр бий болгож, тэдний цалин хөлс, эд хогшил, тоног төхөөрөмжийн зардалд 16.5 тэрбум төгрөгийг зарцуулна гэж хууль санаачлагчид үзсэн. Холбогдох байгууллагуудаас саналыг нь бүрэн авч, холбогдох хууль тогтоомжид нийцүүлсэн. Байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн болно" гэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Эмэгтэй гишүүд Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 онд өргөн барьж, яаралтай хэлэлцүүлэгт шахаж байсан. Засгийн газар шинэчилсэн найруулгаар оруулж ирээд хамтарч хэлэлцэн гээд сая болсон харамсалтай хэргийн дараа яаралтай горимоор оруулж ирж, хэлэлцэж байна. Энэ бол ганц ХНХЯ-ны асуудал бус. Бас ХЗДХ, ЭМЯ зэрэг салбар хоорондын уялдаа холбоо маш чухал. ХНХЯ 534 нийгмийн ажилтны 534 орон тоог шинээр бий болгоход шаардагдах 16.4 тэрбум төгрөгийг нэмж тусгах шаардлагатай гэж ойлголоо. Өмнө нь найман тэрбум байсныг 14 тэрбум болгохоор төсөвт тусгасан. Энэ төсөв 14 тэрбумаас тусдаа юу, нэмээд хоёр тэрбум нэмэгдэж байна уу. Өмнөх аудитын судалгаанаас харахад төсөвтэй холбоотой зүйлийг тодруулмаар байна. Тухайн ажилтан нь давхар ажил гүйцэтгэхгүй хүүхэд хамгааллын ажлаа хийнэ гэдгээ тодорхой тусгасан уу. Орон тоог шинээр нэмж байгаа юм байна. Хууль зүй, дотоод хэргийн яаманд өмнө нь хүүхдийн байцаагчийн тоог 100 гаруй болгож нэмж байсан. Статусын ялгаа юу вэ. Энэ хууль өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлыг цогцоор нь тусгаж чадаж байгаа юу ажлын хэсгийн гишүүд ээ?

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа:

-Анх 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдаж байсан. НҮБ-ын Хүүхдийн сан, олон улсын зөвлөхүүд бас ажиллаж байсан. Тухайн үед энэ хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд жилд нийт 11 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзэж байсан. Анх 300 гаруй сая төгрөгийн төсөвтэй эхэлж байсан. Хэзээ ч 11 тэрбум төгрөгт хүрч байгаагүй. Тухайн үеийн ханшаар маш их мөнгө. Одоогийн ярьж байгаа төсөв нь НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн хууль дээрх үнэлэлт дүгнэлтийн дагуу кейс дээр ажилладаг төсөв бага байна гэж үзсэн учраас одоогийн бүтцээрээ 14 тэрбум төгрөг гэж тусгасан. Нэмэлт 330 сум, хороонд ажиллах мэргэжилтний зардал үүн дээр нэмэгдэж орж ирнэ. 

ХНХ-ын дэд сайд С.Зулпхар:

-Хүүхэд хамгааллын тогтолцоо мэргэшсэн байх зарчимтай уялдсан гол бүрэлдэхүүн хэсэг нь хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан юм. Өнөөдрийн хамтарсан багийг гол арга зүйгээр нь хангах, дэмжлэг үзүүлэх, анхан шатанд энэ ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэйгээр хуульд нарийн тусгасан. Өмнөх хуульд процессыг нарийн тусгаагүйгээс холбогдох журам гаргаж, төсөв суулгадаггүй байсан. Хүүхдийн эрх зөрчигдвөл энэ дагуу ажиллаж, эрх хэрэгжүүлж, үүрэг хүлээн ажиллана. 

НҮБ-ын Хүүхдийн сангийн гэрээт зөвлөх Б.Энхтуяа:

-Энэ удаагийн хууль бол НҮБ-ын Хүүхдийн конвенцид бүрэн нийцсэн хууль болсон. Өмнөх хуулиудад энэ ажлыг хариуцах хүнгүй байсан нь хүүхдэд үйлчилгээ хүргэх боломжийг хязгаарлаж байсан. Кейс менежментийн үйлчилгээ гэж бий. Энэ нь олон улсад эмзэг бүлгийн хүмүүст үйлчилгээ үзүүлж, үр дүн гарна. Хуульд нарийвчлан тусгаснаараа онцлог. Эцэг эх нь хүүхдээ асар хамгаалах боломжгүй, хүчирхийлэгч байвал хаана хамгаалах вэ гэдэг зарчим байдаг. Энэ зарчмыг 2009 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн зөвлөмжөөр гэр бүлийн орчинд хүүхэд өсөх ёстой. Тийм учраас үүнд нийцсэн үйлчилгээг үзүүлэхийг тусгасан байдаг. Хамгаалал хэрэгтэй хүүхдүүдийг асрамж, халамжийн газар хамгаалж байсан бол асралт гэр бүл гэдэг шинэ ойлголт орж ирсэн. Монгол Улсад бас уламжлал болсон арга зүй. Эрт үеэс Өүлэн эх хөвгүүдээ асран хүмүүжүүлсэн байдаг. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Х.Булгантуяа гишүүн төсөвтэй холбоотой асуудлыг тодорхой яримаар байна. 2017 онд Хүүхдийн сангийн хүмүүстэй уулзаж, 300 сая байсныг найман тэрбум болгосон. Тэр үед 11 тэрбум төгрөг шаардлагатай гэж байсан бол 20 тэрбум хүртэл нэмэх шаардлагатай гэж яриад байна. Хүүхэд хамгааллын төсвийн хэдэн хувь нь ХЗДХЯ-нд байна вэ. Энд тэндгүй төсөв хуваарилаад үр дүн гардаггүй шүү дээ. Бүх төсвийг ХНХЯ-д тавьчихаад биднээс ажил хийхийг шаарддаг гэдэг?

ХНХЯны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа:

-2017 оноос эхлээд хүүхэд хамгааллын зардал нэмэгдсэн. Үүнд тулгуурлан Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар 60 хувийн төсвийг урьдчилан сэргийлэх үйлчилгээ, 40 хувийг хамгаалах үйлчилгээнд хуваарилж ирсэн. Яг энэ зардлын дүн шинжилгээтэй холбоотойгоор хүүхэд хамгааллын үйлчилгээг яаж санхүүжүүлэх вэ гэдэг эрх зүйн зохицуулалт байгаагүй. Өнгөрсөн 2017-2019 онд хүүхэд хамгааллын төсвийн зарцуулалтад дүн шинжилгээг Сангийн яамтай хамтран хийхэд хүүхэд хамгааллын үйлчилгээнд төсөв бага зарцуулж, хүүхдийн хөгжил оролцоо, урьдчилан сэргийлэлтэд илүү байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээний эрх зүйн зохицуулалттай болох ёстой. Тэгээд 2021 онд хуульдаа санхүүжилтийн эрх зүйн зохицуулалтыг хийж, нийгмийн ажил үйлчилгээний 350 гаруй ажилтнуудтай ажилласан. Нэг нийгмийн ажилтны нэг цагийн хөлсөөр тооцож, санхүүжилтийн дүн шинжилгээг норматив аргачлалыг Сангийн сайд баталсан. Хүүхэд хамгааллын үйлчилгээгээ тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн. 

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Цагдаагийн байгууллага батлагдсан төсвийн хүрээнд бүхий л гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хуулийг хэрэгжүүлдэг. Бид хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх дээр тухайлсан төсөвгүй учраас тэмцэж чадахгүй байна гэж хэлэхгүй. Таван жил хэрэгжиж байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг чангаруулсан. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлага байгаа. Зарим нь бараг үүнээс болж гэр бүл салж байна гэж ярьж байсан. Би санал нийлэхгүй. Хүчирхийлэгчийг төр өөхшүүлэх ёсгүй. Би сайдын хувьд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг нэг номерт анхаарч, бүтцийн өөрчлөлтийг батлагдсан төсвийн хүрээнд хийнэ. 

10 : 01
2023-10-20

Чуулганы хуралдаан эхэллээ

 Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд,

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж