"Ханжоу-2022" Азийн наадмын допингийн эсрэг асуудлыг хариуцах үүрэг хүлээсэн ITA буюу Олон улсын шинжилгээний агентлагийн зүгээс гавьяат тамирчин Б.Чинзоригийн сорьцын хариуг танилцуулсан. Азийн наадмын аваргын шинжилгээний сорьцоос Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн (WADA) хориотой бодисын жагсаалтад орсон метадиеноны метаболит гэх бодис илрээд буй. Энэ асуудалтай холбоотойгоор гавьяат тамирчин Б.Чинзориг Олон улсын спортын арбитрт хандаж байгаагаа мэдэгдлээ.
Б.Чинзориг аравдугаар сарын 4-ний өдөр шинжилгээнд хамрагдсан бөгөөд түүний сорьцыг Хятадын допингийн эсрэг агентлаг цуглуулсан аж.
Шинжилгээний В сорьцын хариу мөн таарвал Б.Чинзоригийн тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хасч, алтан медалийг нь хураана. Өөрөөр хэлбэл, ирэх Парисын олимпод Монголын медалийн нэг найдвар үгүй болно гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор тэрбээр өөрийн цахим хуудаст мэдээлэл хийв.
МУГТ Б.ЧИНЗОРИГ:
-2005 оноос тасралтгүй 18 жил боксын спортоор хичээллэж байна. Энэ жил би Узбекистанд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан. Миний хамгийн том зорилго бол Парисын олимп. Энэ сард болсон "Ханжоу" Азийн наадмын үеэр шинжилгээнээс минь допингийн эсрэг зөрчил илэрсэн. Тус мэдээг сонсоод сэтгэл санаа тогтворгүй байлаа.
Миний хувьд Допингийн эсрэг дүрэм болон Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас батлан гаргасан тамирчны эрхээ хамгаалах дөрөвдүгээр бүлэгт заасны дагуу уг хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт болон өмгөөлөгч авах хүсэлтээ тус байгууллагад тавьсан байгаа.
Спортын арбитрын шүүхэд хандсан гэсэн үг. Надаас болж шигшээ багийн эрх нь зөрчигдсөн тамирчдаасаа уучлалт хүсье. Эцсийн шийдвэр гарсны дараа эргэн мэдээлэл өгнө.
Холбоотой мэдээ