УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр цаг сунган хуралдуулснаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж өндөрлүүлсэн. Тухайлбал, ажлын цаг дууссан тул дээрх хуулийн төслөөр санал хураахаар болов. Гишүүд асуулт асууж, санал хэлж дуусахад 21.00 цаг хүрсэн тул чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан эсэх санал хураалтыг өнөөдөр 10.00 цагаас үргэлжлүүлнэ.
2024 оны төсвийн төсөл болон дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төлүүд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцэж байгаа эсэхээр санал хураасан ч чуулганы танхимд байсан 8 гишүүн дэмжиж, үлдсэн гишүүд нь танхимд байгаагүй учраас эхний санал хураалтаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх санал дэмжигдээгүй юм. Гэвч Сангийн сайд горимын санал гаргаж, чуулганы танхимд 8 гишүүн байгаа учраас санал хураалтыг дахин явуулж өгөхийг хүссэн ч УИХ-ын Дэгийн тухай хуулиар олонхын санал авч чадаагүй бол төсвийг Засгийн газар буцаах ёстой гэдгийг УИХ-ын Тамгын газрын дарга тайлбарласан юм. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар цаг сунгасан чуулганы хуралдааныг хааж, өнөөдөр үргэлжлүүлэх бөгөөд дахин санал хураахаар болсон юм.
Хэрэв санал хураалтаар дэмжигдэхгүй бол УИХ-ын Дэгийн тухай хуулиар төсвийн төслийг Засгийн газарт буцаах асуудал үүснэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн.
Чуулганы хуралдааныг өндөрлүүлэхийн өмнө 2024 оны төсвийн төсөлтэй холбогдуулан гишүүд орон нутагт ажиллаж байгаа төрийн байгууллагынхны цалин хөлсийг нэмэгдүүлэх эсэх, мөн ахмад настны тэтгэврийг хэдэн хувиар өсгөх вэ. Эрүүл мэндийн даатгалын санд хоёр их наяд гаруй төгрөг төсөвлөснөөр эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдэх эсэх талаар тодруулсан юм.
Сангийн сайд Б.Жавхлангийн тайлбарласнаар Засгийн газраас 2023, 2024 онд реформын шинжтэйгээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн. Энэ жилийн төсвийн тодотголоор нийт төрийн албан хаагчдын цалинг 30-40 хувиар нэмсэн.
Ирэх жил энэ суурин дээрээ орон нутагт төрийн үйлчилгээ хүргэж буй бүх албан хаагчдыг албан тушаал, босоо хэвтээ тогтолцоог үл хамааран сумын албан хаагчдынхыг 40, аймгийн төвд ажиллаж байгаа бол 20 хувь, төрийн нийтлэг үйлчилгээнийхнийг 20 хувиар цалинг нь нэмнэ. Харин тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэхээр хуульчилсан тул ирэх жилийн төсөвт 10 хувиар эх үүсвэрээ төсөвлөсөн. Төсөв батлагдсаны дараа жигд эсвэл хувилж нэмэх үү гэдэгт Засгийн газар бодлогоо гаргана” гэв.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн аргаар шийдвэрлээд гурван жил болж байна. Бидэнд засах асуудлууд бий. Аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төрөлжсөн нэгдсэн эмнэлэг зэрэг бүгдийг нь нэг шатлалтай буюу лавлагаа шатны эмнэлэг болгосноор тусламж, үйлчилгээний давхцал бий болсон. Иймд санхүүжилтийн арга, тарифт өөрчлөлт хийхийн зэрэгцээ бүсийн хувийг бий болгож байгаа. Энэ салбарын онцлогийг Сангийн яам ойлгож 110 орчим тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тусгаж өгсөн. Үүнээс бид бүсийн хувь гаргаж, төвөөс алслагдсан, хүн ам багатай, сумын эрүүл мэндийн байгууллагуудыг дэмжих, хэвийн үйл ажиллагаа явуулах зохицуулалтыг хийнэ” гэсэн юм.
Холбоотой мэдээ