Л.Гантөмөрийн дэвшүүлж буй эдийн засаг

Хуучирсан мэдээ: 2023.10.20-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөрийн дэвшүүлж буй эдийн засаг

Л.Гантөмөрийн дэвшүүлж буй эдийн засаг

АН-ын дарга Л.Гантөмөрийн эдийн засгийн бодлогын талаарх онцлох 8 эшлэлийг тоймлон хүргэе.


ӨРСӨЛДӨӨНД ХУВИЙНХАН ЯЛАГДАЖ, ТӨР ДЭЭРЭЛХЭЖ БАЙНА 

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Монголыг бүтэн тойрч, эдийн засгийн хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэрбээр баруун төвийн үзэл баримтлалтай намын шинэ стратеги дэвшүүлж буйгаа зарласан. Түүний эдийн засгийн бодлогын талаарх онцлох эшлэлүүдийг тоймлон хүргэе.

  1. Ардчилсан нам 33 жилийн өмнө Монголын ард түмэнд өмчтэй болгоно гэдгээ амласан. Өмчтэй болгож өгнө гэж хэлээд малчдад малыг нь өгсөн. Харамлаагүй. Татвар аваагүй. Дундаас нь зувчуулаагүй. Тариаланчдад газрыг нь олгосон. Ардчиллын тэр стратеги гайхамшигтай. Социализмын үед өмчийг нь булааж аваад малыг нь өсгөөд өгнө гэсэн. Гэтэл 40 саяд ч хүрэхгүй байсан. Хүрэх ч боломжгүй. Учир нь яг үнэндээ тэр өмч иргэдийнх биш дарга нарын өмч байсан. Малчдад ганц төлөг гаргаад идэх эрх байгаагүй. Үнэхээр өгч чаддаг. Хийж чаддаг. Амласандаа хүрдэг нам бол Ардчилсан нам байсан. Ийм хүчтэй стратеги манай намд байжээ.
  2. Гаднынхан Монголыг богино хугацаанд хөрөнгийн эзэн болсныг гайхсан. 2008, 2009 он бол Монгол дэлхийг дуудаж байсан цаг үе. Рио тинто, Пибоди зэрэг дэлхийн томчууд Монгол руу анхаарч байсан үе. Дэлхий Монголыг эрх чөлөөний сувд гэж харж байсан. Азийн тивийн эрх чөлөөний баянбүрд нь Монгол юм байна гэж дэлхийн өнцөг булан бүрд ярьж байсан. Гэхдээ бид түүндээ ханачихсан.
  3. Ардчилсан нам одоо шинэ стратеги дэвшүүлж ажиллана. Тэр стратеги ард түмэнд мал, газар, орон сууц өгсөн шиг маш бодитой байна. Өнөөдрийн монголчуудын асуудлыг шийдэх шийдлээ санал болгоно. Бид баруун төвийн үзлээ монголчуудын асуудлыг шийдэх шийдлээ болгож гаргаж ирэх хэрэгтэй. Бид худлаа популизмаар явахгүй. Өнөөдөр социалистуудын бодлого 12 их наяд төгрөгийн өр үйлдвэрлээд байна. Монголын нэг хүнд ногдох өрийн хэмжээ 30 сая төгрөгт хүрчээ. Монголын гадаад өр 33 тэрбум ам.доллар давлаа. Энэ мөнгийг хэн идсэн. Хэн зарцуулсан. Энэ мөнгө хаачсан. Энэ мөнгө дарга нарын гарын салаагаар орсон. Энэ мөнгө төсөв нэртэйгээр үрэгдсэн. Энэ мөнгө монголчуудыг ядуурал руу аваачсан.
  4. Одоогоос 7 жилийн өмнө ам.долларын ханш 1950 төгрөг байсан бол өнөөдөр 3450 төгрөгт хүрсэн байна. Үүний зөрүү мөнгө хаачсан. Энэ бол цэвэр социалист бодлогын төлөөс. Социализм байгуулах гэж оролдож байгаа социалист маягийн нам удирдаж буйн төлөөс. Энэ мөнгө төсөв нэрээр алга болсон. Мөнгөний бодлого нэрээр алга болсон. Одоо Мөнгөний бодлогын хүү 13 хувь байна. Бид яаж зээл авах юм. Банкинд зээл өгөх мөнгө байхгүй. Яагаад гэвэл төр нь татаад авчихсан. Энэ 13 хувийн хүүг бизнес эрхлэгчид ажилчдынхаа ирээдүйн цалинг танаж төлдөг. Харин төр хаанаас төлж байгаа вэ. Төр ард түмний халааснаас төлж байгаа. Ард түмний халаасыг сэгсэрч төлөөд байна шүү дээ. Тиймээс өнөөдрийн Монголын энэ их уур уцаар бухимдал хаанаас гарч ирж байгаа гэхээр ерөөсөө төрийн социалист бодлогоос. Ардчиллынхан бид хүмүүсийг эрх чөлөөтэй болчихсон гэж ойлгон популизм хийж алдаа гаргасан. Энэ алдаагаа засаж чаддаг байх хэрэгтэй.
  5. Бид энэ алдаагаа эдийн засгийн эрх чөлөөгөөр засах хэрэгтэй. Бид мөнгөний бодлогыг баруун төвийн нам шиг хийх хэрэгтэй. Бид төсвийн бодлогыг баруун төвийн нам шиг хийх хэрэгтэй. Стратегийн Засгийн газрын төсөв гэх юу байдгийг санал болгох хэрэгтэй. Бид өнөөдөр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг ч гэсэн стратегийн хэмжээнд авчрах хэрэгтэй. Бид 9 яамтай Засгийн газар санал болгох хэрэгтэй. Бид 22 сайд биш 9 сайдыг санал болгон гаргаж ирэх ёстой. Ингэж байж Монголын толгой нь жижгэрнэ. Ингэж байж Монголын хөл нь бат бэх болно. Ингэж байж Монголын ард түмэн төрийн дарамтаас ангижирна. Ингэж байж дарамтгүй төр бий болно. Дарамтгүй төрийн зөв бодлого монголчуудыг хөрөнгөлөг болгоно. Чинээлэг болгоно. Бизнестэй болгоно. Ирээдүйтэй болгоно.
  6. Монголын эдийн засгийн тал нь бараг төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Эрдэнэт, Эрдэнэс тавантолгой, Улаанбаатар төмөр зам, МИАТ, цахилгаан станцууд Монголын эдийн засгийн бараг тал нь болчихсон. Тэгэхээр Монголын эдийн засгийн тал нь хэний гарт байна вэ. Зөвхөн дарга нарын гарт байна. Эдийн засгийн тал нь төрийн өмчит байхаар тэнд авлига гаарч таарна. Авлига авсан захирал “Шоронгоос би та нарыг удирдана шүү” гэж хэлдэг болсон. Шоронгоос гарвал, та нарыг төргүй, тамгагүй болгоно гэж байгаа. Бид эн тэргүүнд төрийн өмчит компаниудыг олон нийтийнх болгох ёстой. Бид санхүүгийн зах зээл дээр гаргаж, олон нийтийн хяналтад аваачих ёстой. Бид тэр компаниудын захирал болох гэж шунаж болохгүй. Бид төрийн өмчитнүүдийг төрүүлж болохгүй. Олон бизнесмэн төрийн өмчит компани зах зээлийг нь булааж буйг хэлж байгаа. Төрийн өмч, төсвийн үрэлгэн байдал бүх шатны бизнестэй өрсөлдөж байна. Өрсөлдөөнд хувийнхан ялагдаж, төр дээрэлхэж байна.
  7. Энэ бүхний хохирогч нь хэн болоод байна гэхээр Монгол хүн. Монголчууд, Монголд ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүс хохирогч болж байна. Өрийн дарамт монголчуудыг зовоож байна. Монголд ломбарднаас зээл авч үзээгүй хүн байхгүй. Хүн өндөр хүүтэй ломбардны зээлийг ямар тохиолдолд авдаг вэ. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч чадахгүй болоод ирэхээрээ ломбарднаас зээл авдаг. Банкны зээл бол бүр олдохоо байсан. Улс, Засгийн газар, төрийн өмчит компаниуд, бизнесүүд, хувь хүмүүс, тэтгэврийнхэн бүгд өрөнд орсон.
  8. Бид цаашид өрийн дарамтгүй монгол хүний төлөө явна. Бидний стратеги өрийн дарамтгүй Монгол бол баруун төвийн намын очих цэг байх болно. Бид МАН шиг найман жил төр баривал нэгдүгээрт, Монгол Улс өргүй болох ёстой. Дундаж орлоготой иргэдийн эзлэх хувь 50 хувь руу очих ёстой. Монголын ард түмэнд эрх чөлөө өгнө гэсэн том стратегийн ард гарч чадсан юм чинь одоо Монгол түмнийг ядуурлаас гаргах стратеги рүү бүгдээрээ шилжье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж