ЕБС-ийн сурагчдад 1 долларын хоол өгөх боломж бүрдэв

Хуучирсан мэдээ: 2023.10.20-нд нийтлэгдсэн

ЕБС-ийн сурагчдад 1 долларын хоол өгөх боломж бүрдэв

ЕБС-ийн сурагчдад 1 долларын хоол өгөх боломж бүрдэв

Бүгд найрамдах Франц улсаас Монголд суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн Монгол Улс “Сургуулийн хоолны эвсэл”-д нэгдсэн талаар мэдээллээ. Хүүхэд бүрт эрүүл, тэжээллэг хоол хүнс өгөх нь тэдний өсөлт хөгжилд хамгийн чухал. Францын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Сургуулийн хоолны эвслийн анхдугаар чуулга уулзалт энэ долоо хоногт үргэлжилж буй.

Монгол Улс Сургуулийн хоолны эвсэлд энэ оны аравдугаар сарын 5-нд нэгдэх амлалт бичгээ өгч, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гарын үсэг зуран баталгаажуулсныг мэдэгдэж, энэхүү санаачилгыг дэмжиж нэгдсэн гишүүн улс орнуудтай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Энэхүү эвсэлд нэгдэн орсноор олон улсын жишиг шим тэжээлтэй хүнсийг хүүхдэд хүргэхээс гадна сурагчдын нэг өдрийн үдийн хоолны зардлыг нэг ам.долларт хүргэх боломж нөхцөл бүрдэх юм.

Монгол Улс 2006 оноос ерөнхий боловсролын сургуулиудад "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. "Үдийн цай"-г сурагчдад шаардлагатай шим тэжээлтэй болгох зорилгоор 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталж, 2021 оноос үдийн цайг хоол болгож өргөжүүлсэн. Гэхдээ нэг өдрийн сурагчийн хоолны дүн нь 1500 төгрөг. Өнөөгийн нөхцөлд 1500 төгрөгт багтааж сурагчдад шим тэжээлтэй халуун хоол өгнө гэдэг боломжгүй зүйл.

Сурагчид өдрийн хамгийн идэвхтэй цагт мэдлэг авахаар сургуульдаа олон цагийг өнгөрүүлж байгаа. Гэвч өдрийн хоолондоо цадахгүй байх, өлдөх зэрэг асуудал үүсдэг болохыг сургуулиудын эмч, хоолзүйчид хэлдэг.

Үүнтэй маргахын аргагүй. Хувийн сургуулиуд сурагч бүрээс хоолны мөнгө төлбөрөөс нь гадна авдаг. Нэг өдрийн хоол нь 6500-10500 төгрөгийн дундаж үнэтэй байдаг бөгөөд энэхүү хоол нь уургаар баялаг шим тэжээлтэй, иж бүрдэл байдаг байна. Харин улсын сургуулиуд үдийн хоол өгөхдөө сурагчдаас мөнгө авдаггүй. Ирэх 2024 оны төсөвт бага ангийн сурагчдад олгох хүүхдийн үдийн хоолны зардлыг хувийн хэвшлийн сургуулиудаас бүрэн хасаад буй. Тодруулбал, Боловсролын ерөнхий хуулийг шинэчлэн батлахдаа бага ангийн сурагчдад олгох үдийн хоолны зардлыг хувийн сургуулиудад олгохгүй байхаар хуульчилжээ. Нэг талаар энэ нь Үндсэн хуульд заасан иргэн бүрийн тэгш эрхийг зөрчиж байгаа ч олон хүн үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа юм. Улсын хэмжээнд 380 мянга гаруй 1-6 дугаар ангийн сурагч үдийн хоол хөтөлбөрт хамрагддаг.

Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдыг үе шаттайгаар үдийн хоолны үйлчилгээнд хамруулахаар төлөвлөсөн хэдий ч тогтвортой хүнсний хангамжийн тогтолцоо, хоол үйлдвэрлэлийн орчин нөхцөл, хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг салбар яамнаас онцолсон.

Мөн дэлхийн нийтийг хамарсан Covid-19 цар тахлын эдийн засгийн сөрөг үр дагавар зэргээс шалтгаалан дунд буюу 6-9 дүгээр анги болон ахлах 10-12 дугаар ангийн сурагчдыг “Үдийн хоол”-ны үйлчилгээнд хамруулах хугацаа тодорхой хугацаанд хойшлоод байгааг мэдэгсэн юм.

Хууль эрх зүйн хүрээнд тодорхой ахиц гаргаж, Ерөнхий боловсролын сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталсан. Энэхүү хууль батлагдсантай холбогдуулан 20 гаруй холбогдох баримт бичгийг гарган хэрэгжүүлж байна. Түүнчлэн, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод сурагчдын хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээрх зорилтууд тусгагдсан. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд сургуулийн гал тогооны орчин нөхцлийг сайжруулах, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, тэдний цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хүнсний хангамжийн оновчтой хувилбарыг бий болгох зэрэг шийдвэрлэх асуудал байгааг Францад болж буй “Сургуулийн хоолны эвсэл”-ийн анхдугаар чуулганаар мөн онцолжээ.

Сургуулийн хоолны эвсэл нь дэлхийн 87 гишүүн улс, Европын холбоо, Африкийн холбоог нэгтгэсэн байгууллага.

Дэлхий дээр хүнсний аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй 349 сая хүн байгаагийн 153 сая нь хүүхэд, залуучууд байна. Сургуулийн хоол нь энэхүү байдлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Сурагчдын үдийн цайнд нэг ам.доллар зарцуулахад эрүүл мэндийн салбарт есөн ам.долларын зардлыг хэмнэх тооцооллыг Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж