“Бүс ба зам”-аас онцлох нь

Хуучирсан мэдээ: 2023.10.20-нд нийтлэгдсэн

“Бүс ба зам”-аас онцлох нь

“Бүс ба зам”-аас онцлох нь

Гурав дахь удаагийн “Бүс ба зам” чуулга уулзалт энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Бээжин хотод боллоо. Чуулга уулзалтад дэлхийн 130 гаруй орны удирдагч оролцсон. Тэр дундаа ОХУ-ын ерөнхийлөгч Путин Бээжин, Москвагийн хязгааргүй нөхөрлөлийг дахин баталгаажуулахаар ирсэн нь анхаарал татав. Олон улсын эрүүгийн шүүхээс Путиныг баривчлах тушаал гаргасны дараа тэрбээр хоёр дахь удаагаа гадаадад айлчилж буй нь энэ юм.

НИЙТЛЭГ АЮУЛ ЗАНАЛХИЙЛЭЛ

Уулзалтын үеэр Путин, Ши Жиньпин нар Ойрхи Дорнодын мөргөлдөөний асуудлыг хэлэлцжээ. Энэхүү нийтлэг аюул заналхийлэл нь хоёр улсыг улам ойртуулсан гэж Путин хэлсэн байна.

Израиль болон Хамас бүлэглэл хоорондын дайны сүүдэр дор энэ удаагийн чуулга уулзалт болж байна. Мөргөлдөөн бүс нутгийн хэмжээнд цар хүрээгээ тэлж магадгүй аюултай байна. Учир нь Газын зурвас дахь бөмбөгдөлтөө зогсоохгүй бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэж Ираны хэд хэдэн топ албан тушаалтан мэдэгдсэн билээ.

“Бид Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Мөн Украин дахь нөхцөл байдлын талаар Ши Жиньпин даргад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Эдгээр гадны хүчин зүйлүүд нь бид бүгдийн нийтлэг аюул заналхийлэл. Цаашилбал, энэ нь Орос, Хятадын харилцааг бэхжүүлж байна” гэж Путин хэлжээ.

Хятадын төрийн хэвлэлд Ши Жиньпин, Путин нар Ойрхи Дорнодын мөргөлдөөний талаар хэлэлцсэн гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй. Ямартай ч Бээжин Хамасыг буруутгасан мэдэгдэл хийгээгүй аж. Чуулга уулзалтын нээлтийн үеэр Путин, Ши нар үг хэлэхдээ хэн нь ч мөргөлдөөний талаар дурдаагүй.

Гэвч Газын зурвас дахь мөргөлдөөн нь дэлхийн улс гүрнүүдийн хоорондын хагарал улам бүр гүнзгийрч буйг тод харуулсан юм. Өөрөөр хэлбэл, Хятад, Орос хоёр гал зогсоохыг уриалсан боловч Хамасыг илт буруушаагаагүй. Энэ нь АНУ болон Европын удирдагчдаас эрс тэс байр суурийг илэрхийлсэн хэрэг юм.

“Бүс ба зам”-ын нээлтийн үеэр мөргөлдөөний талаар дурдсан цор ганц удирдагч бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш. Тэрбээр “56 жилийн турш эзлэгдсэн эзлэгдсэн Палестины ард түмний гүн гомдлыг би бүрнээ ойлгож байна. Гэвч энэ гомдол нь аравдугаар сарын 7-ны өдөр энгийн иргэдийн эсрэг террорист халдлага үйлдсэн явдлыг зөвтгөж чадахгүй. Үүнийг би буруушааж байна” гэжээ.

ОРОС, ХЯТАДЫН УЛС ТӨРИЙН ИТГЭЛЦЭЛ

“Бүс ба зам”-ын хамгийн онцлох зочин бол мэдээж Путин. Тэрбээр Хятадын удирдагчтай мөр зэрэгцэн сууж, нээлтийн ёслолын үеэр Ши Жиньпиний араас шууд үг хэлсэн юм. Энэ нь Ши Жиньпин, Путин нарын улс төрийн илтгэлцэл гүнзгийрч буйг онцолно.

Путин үг хэлэхдээ “Бүс ба зам” санаачлагыг илүү шударга, олон туйлт ертөнцийг бий болгох зорилготой гэж сайшаажээ. Мөн “Орос, Хятад хоёр улс нь соёл иргэншлийн олон талт байдал, улс бүрийн хөгжлийн загварыг хүндэтгэх зэрэг эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааны хүсэл эрмэлзэлтэй. Энэхүү санаачлага нь дэлхий дахинд хөгжлийн өөр загварыг танилцуулж байна” гэв.

“Дэлхийн хэмжээнд бүх зүйл сайхан болно гэж хүлээхэд хэцүү. Гэхдээ манай хятад найзууд үүнийг хийж чадсан” гэж тэр “Бүс ба зам” санаачлагыг сайшаажээ.

Харин Ши Жиньпин үг хэлэхдээ “Хятад улс өөрийгөө хүчирхэгжүүлж, шинэчлэлийг хэрэгжүүлэх замаар үндэстнийг бүх талаар нь залуужуулахыг хичээж байна. Бидний хийж буй шинэчлэл зөвхөн Хятадад зориулагдаагүй. Харин хамтын хүчин чармайлтаар хөгжиж буй бүх оронд зориулагдсан юм. Үзэл суртлын сөргөлдөөн, геополитикийн өрсөлдөөн, эвслийн улс төр бол бидний сонголт биш.

Бусдын хөгжлийг аюул гэж үзэх, эдийн засгийн харилцан хамаарлыг эрсдэл гэж үзэх нь амьдралын чанарыг сайжруулж, хөгжлийг хурдасгахгүй” гэжээ.

ХЯТАДЫН АЛСЫН ХАРАА

Ши Жиньпин засгийн эрхийг гартаа авснаасаа хойш Хятадыг АНУ-ын оронд удирдагч болгохоор хичээж байна. Цар тахлын араас зохион байгуулж буй олон улсын томоохон арга хэмжээ болох “Бүс ба зам” нь энэ амбицын нэгээхэн илэрхийлэл билээ. Хятад улс сүүлийн жилүүдэд ойр дотно харилцаатай байсан улс орнууддаа алсын хараагаа харуулахыг зорьж байна.

“Бүс ба зам” санаачлага буюу дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил нь Хятадын дэлхийн тавцан дахь хамгийн том зээлдүүлэгч болгосон. Гэвч энэ мэт шүүмжлэлийг Ши Жиньпин няцааж, санаачлагыг тууштай хэрэгжүүлсээр байхаа Лхагва гаригт мэдэгджээ.

Мөн тэрбээр Хятадын үйлдвэрлэл дэх гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан хязгаарлалтыг бүрэн арилгах, дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын тухай санаачлага зэрэг найман хэсгээс бүрдсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулжээ.

ШООВДОРЛОГДСОН ПУТИН

Путиныг үг хэлэх үеэр Европын төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлэн, танхимыг орхин гарчээ. Тодруулбал, Францын ерөнхий сайд асан Жан-Пьер Раффарин тэргүүтэй Европын хэд хэдэн төлөөлөгч Путиныг үг хэлэхтэй зэрэгцэн танхимаас гарсан байна. Тэд энэ үйлдлээрээ барууныхны дунд геополитикийн хуваагдал улам нэмэгдэж буйг онцолсон юм.

Украины дайны улмаас ОХУ олон улсын тавцанд ганцаардмал байдалтай байна. Энэ үед Орос, Хятадын удирдагчид ойр дотно харилцаатай хэвээр байгаагаа онцлон тэмдэглээд, барууныхны эсрэг байр суурь илэрхийлцгээжээ.

Путин “Бүс ба зам” дээд хэмжээний уулзалтын үеэр Индонези, Вьетнам, Пакистан зэрэг орны удирдагчидтай тусдаа уулзаж, хэд хэдэн хэлэлцээ хийсэн. Мөн төлөөлөгчидтэй зураг авхуулах албан ёсны арга хэмжээнд оролцжээ.

Унгарын удирдагч Виктор Орбан энэ үеэр Путинтэй уулзаж, гар барьсан. Ингэснээр Гаагийн шүүхийн шийдвэрээс хойш Путинтэй нэг талдаа гарсан барууны анхны удирдагч болж байна. Орбан хэлэхдээ “Энэ уулзалт нь хоёр талын харилцаанаас боломжтой бүхнийг аврах зорилготой. Унгар улс Оростой хэзээ ч сөргөөцөлдөхийг хүсэхгүй. Бид энэхүү хамтын ажиллагааг харилцаа холбооны түвшинд төдийгүй эдийн засгийн түвшинд дэмжих сонирхолтой байна” гэжээ.

Эх сурвалж: CNN, INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж