НАРИЙН, НАРИЙВТАР НООСТ ХОНИНЫ НООСНЫ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ТУРШИЛТЫН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Монголд бий болсон “Хангай”, “Орхон”, “Ерөө” үүлдрийн хонины чанар, ашиг шимийг сайжруулах, газар тариалангийн зарим бүс нутагт тоо толгойг нэмэгдүүлэх, цаашид дээрх төрлийн хонь үржүүлж байгаа малчид, аж ахуйн нэгжийн ашиг орлогыг тогтвортой нэмэгдүүлэх цаашилбал нарийн ноосоор хийсэн сүлжмэл бүтээгдэхүүнээр Монгол улс ард иргэдийнхээ хэрэгцээг хангадаг болох зорилгоор нарийн, нарийвтар ноост хонины ноосны чанарыг сайжруулах туршилтын төслийн 1 дүгээр үе шатыг 2022 онд, хоёрдугаар үе шатыг 2023 онд амжилттай хэрэгжүүлж байна.
Тус туршилтын төслийг Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Малын удмын сангийн үндэсний төв, ADRA Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Австрали улсын Малын генийн сангийн төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Төслийн хэрэгжилтийн тухайд:
- АДРА Олон улсын байгууллагын шууд туслалцаа, дэмжлэг, санхүүжилтээр 2022 онд Австралийн цэвэр нарийн ноост цэвэр Мерино үүлдрийн 4 төрлийн хуцны 6000 тун хөлдөөсөн үрийг импортолсон.
- Үрийн тодорхой хэсгээр 2022 онд Хангай үүлдрийн 150 толгой эм хонь, Орхон үүлдрийн хонины 150 толгой эм хонинд дурангийн мэс ажилбараар зохиомол хээлтүүлгийг Австрали улсын 2 мэргэжилтэнтэй хамтран хийж, үр тогтолт 62.0-64.0 хувийн үр дүн гарсан.
- Энэ онд Австрали улсын нарийн мэргэжлийн ажилтнуудын хамт Хангай, Орхон үүлдрийн нийт 200 толгой эм хонинд дурангийн мэс ажилбараар зохиомол хээлтүүлгийг хийж байна.
- Мөн Монгол улсад үржүүлж болохоор цэвэр үүлдрийн нарийн ноост хонины 200 ширхэг үр тогтсон хөврөл үрийг АДРА Олон улсын байгууллагын тусламжаар импортлон Монголын 200 толгой тээгч хонинд хөврөл суулгах ажлыг амжилттай зохион байгуулсан.
- Дээрх нарийн мэргэжлийн арга ажиллагаанд Малын удмын сангийн үндэсний төвийн 5 ажилтан, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 4 ажилтанг сургаж дадлагжуулж байна.