Хайрын хэл…, байгаль орчин…, ярьдаг гар…, найз…, бүгд онцгой…, сургуулийн орчин зэрэг хязгааргүй асуудал, хязгааргүй шийдэл. Улаанбаатар хотын дуусдаггүй асуудлууд хөвөрдөг ч үүнд гарц шийдэл гэж огт үгүй. Сургуулиа тарах замд баар цэнгээний газрууд эгнэж, архи, тамхины хурц үнэр сэнгэнэнэ. Хүүхдүүдийн гэртээ харих зам, тоглоомын талбайг нөгөө л ах нар эзэгнэнэ. Хамгийн аюул эрсдэлгүй байх ёстой сургуулийн хөрш нь баар, цэнгээний газрууд. Шөнийн цэнгээний газрын гэрэлтүүлэг хүүхдүүдийн харих замыг гэрэлтүүлсэн гэрэл зургийг "Хязгааргүй" үзэсгэлэнд дэлгэжээ. "Монументаль" арт галерейд дэлгэсэн энэ үзэсгэлэн аравдугаар сарын 21-нийг хүртэл олны хүртээл болж байгаа бөгөөд оюутан залуус олноор сонирхон ирж байлаа.
"Хил хязгааргүй хуульчид" нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас хоёр дахь жилдээ хууль зүйн их сургуулийн оюутнуудын дунд "Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл" хөтөлбөрийг хэрэгжүүлж буй нь энэ.
Энэ жилийн хөтөлбөр "Нээлттэй нийгэм форум"-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Их засаг их сургуулийн Хууль зүйн сургууль, Шихихутуг их сургуулийн нийт 28 оюутан таван баг болон оролцсон байна.
Тэд сургуулийн орчин, байгаль орчин, аутизмын хүрээний эмгэгтэй болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх, төрийн байгууллагын үйлчилгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байна уу гэдэг асуудлыг хөндөж, нийгэмд гэрэл зургаар дуу хоолойгоо нэгтгэн "дуугарчээ".
Угтаа цагаан дээр хараар Стандарт, хэмжил зүйн газраас 2019 онд баталсан "Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдал, ерөнхий шаардлагын 7.5-т "Сургуулийн орчны бүсэд баар цэнгээний газар, түргэн үйлчилгээний цэг үйл ажиллагаа явуулах, тамхи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоно" гэж заасан байдаг. Сургуулийн бүс гэдэг нь сургуулийн эзэмшил газраас 150 метр байхаар хуульчилсан. Гэтэл нэг л жишээ татахад, нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн орчны бүсэд 14 караоке, шөнийн цэнгээний газар үйл ажиллагаагаа явуулж байна. Оюутан залуусын дуу хоолойг сонсоно уу.
Гэрэл зургийг О.Болорсувд
Холбоотой мэдээ