Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Нийслэлийн 18 дугаар сургуулийн сурагчид хоёр удаа хичээлийн байрандаа хордож эмнэлгийн байгууллагад эмчлүүлсэн тохиолдол гарлаа. Юунаас болж яагаад хордов гэдэг дүгнэлт одоог хүртэл гараагүй байна. Энэ асуудалд эрүүл мэндийн байгууллага ямар оролцоотой ажиллаж байгаа вэ?
-18 сургуульд хүүхдүүд хордсон хоёр удаагийн тохиолдол гарсан. Хамгийн сонин нь өмнө хордлогод өртсөн хүүхдүүд дундаас дөрвөн хүүхэд дахин хордлогод өртсөн байна. Нийгмийн эрүүл мэндийн төвийнхөн шинжилгээ хийж байгаа. Цагдаа, тагнуулынхан энэ асуудлыг шалгаж байгаа юм билээ. Манайхны ярьж байгаагаар агаарын бохирдол, хөрсний бохирдлоос ямар нэгэн хордлогын шинж тэмдэг илрээгүйг ярьж байна. Өөр хордлогын хүчин зүйл нөлөөсөн үү гэдгийг шалгаж байгаа. Ямар ч байсан орчны эрүүл ахуйн чиглэлээр хордлогын шинж тэмдэг илрээгүй гэж ярьж байгаа. Хоолны хордлогын асуудал байхгүй. Орчны бохирдлоос үүссэн шинж тэмдэг илрээгүй.
-Өнгөрөгч долоо хоногт Дүнжингарав орчимд үл мэдэгдэх үнэр гарч нийслэлчүүдийн толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрсэн. Энэ асуудлыг эрүүл мэндийн байгууллага шалгаж байгаа юу. Тухайн бохирын шугамд тос асгасан компанийн химийн дүгнэлт гараагүй байгаа юм билээ. Яагаад дүгнэлт гарахгүй байна вэ?
-Тийм асуудал гарсан. Нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн мэдээллээр ажилласан 10 тонн маслыг бохирын цооног руу асгасан байна гэсэн. Гэхдээ, тэндээс асар их хий нийслэлийн хэмжээнд үнэртэх үү үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс сайн шалгаж тодруулна. Бохирын цооног халуун орчинд байгаа учраас исэлдэж үнэр, хий ялгарсан байх магадлалтай байна гэж ярьж байгаа. Эрүүл мэндийн төвийнхөн энэ дээр ажиллаж байгаа. Химийн дүгнэлт нь гараагүй байна.
-Нөгөөтээгүүр, эрүүл мэндийн байгууллагын лабораториудын хүчин чадал ямар байна вэ. Яагаад цаг алдалгүй дүгнэлт гаргаж болдоггүй юм бол?
-Мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоог өөрчилж салбарын хяналт руу шилжүүлсэн. Түүнтэй холбоотой нэгдсэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөгөө талдаа лабораторийн харьяаллын асуудлыг нэг талд нь шийдэх хэрэгтэй. Эрүүл мэндийн яам нийгмийн эрүүл мэнд, орчны бохирдлын асуудалд хяналт тавих үүрэгтэй. Хяналт тавих гэхээр орчны эрүүл ахуйн чиглэлээр хяналт хийдэг баталгаажуулалт хийдэг лабораторийг Стандарт хэмжил зүйн газарт өгчихсөн. Манай яамны харьяанд лаборатори байдаггүй. Тиймээс энэ асуудлаар Шадар сайдтай яриад байгаа юм. Ядаж орчны эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалт хийдэг, лабораторийг нь харьяаллыг нь ЭМЯ-нд шилжүүлж өгөөч ээ. Манайд хэдэн байцаагч нар гар мухар, өөрсдөө хяналт баталгаажуулалт хийх аргагүй болчхоод байгаа. Тиймээс лабораторийн харьяаллын асуудлыг шийдэж өгөөч гэх асуудал ярьж байна. Цаашдаа, нийгмийн эрүүл мэндийн хяналттай холбоотой асуудлыг цогцоор нь шийдэх асуудлууд байна.
Холбоотой мэдээ