Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төв орчмоор энэ сарын 12-ны өдөр газ үнэртэж буй талаарх дуудлага мэдээлэл цагдаа, онцгой байдлын газарт ирсэн талаар бид мэдээлсэн. Тухайлбал, бохирын шугамд 10 тонн хаягдал автомашины тос асгасан байсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтэс уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Тухайн асуудлаар шинжилгээний дүгнэлт гаргуулахаар ШШЕГ-т ханджээ. Химийн шинжилгээний дүгнэлт 10 орчим хоногт гардаг бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж буй талаар мэдээллээ.
Эргэн сануулбал, Нийслэлийн зарим дүүрэгт 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр “Газ мэт үл мэдэх зүйл үнэртээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлсэн.
Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” компанийн нэр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдал маслыг 2023 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 16:00 цагийн орчимд “Хьюндэй” маркийн бохир соруулах зориулалт бүхий автомашинаар 10 орчим тонныг соруулан ачиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1,000 мм бохирын шугамын худаг руу асгасан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлд заасан "Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях" гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэх мэдээллийг өгч байлаа.
Холбоотой мэдээ