ОХУ-ын ерөнхийлөгч Путин “Бүс ба зам” чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотод ирээд буй. Тэрбээр энэ үеэрээ цөмийн цүнхтэй ирснийг хэвлэлүүд онцоллоо.
Цөмийн цүнх гэдэг нь цөмийн зэвсэг хэрэглэх зөвшөөрөл олгоход ашигладаг тусгайлан тоноглосон цүнх юм. Цөмийн зэвсэгтэй улсын удирдагчид ийм цүнхийг дэргэдээ байнга хадгалдаг.
Бичлэгээс харахад Путиныг цөмийн цүнх барьсан офицерууд дагалдаж явжээ. Путин Бээжинд Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараа өөр нэг уулзалт руу явахдаа Оросын тэнгисийн цэргийн хоёр офицероор хамгаалуулж явсан байна. Оросын цөмийн цүнхийг тэнгисийн цэргийн офицер хариуцаж явдаг уламжлалтай. Кавказын нурууны Чегет уулын нэрээр оросууд цөмийн цүнхээ нэрийдсэн байдаг.
Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд ч бас цөмийн цүнх бий. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимовт ч бас байж магадгүй гэж үзэж байна.
ОХУ-ын Звезда суваг 2019 онд цөмийн цүнхнүүдийн нэгийг танилцуулж байв. Цүнх тусгай флаш картаар идэвхждэг бөгөөд тушаал гэсэн хэсэгт эхлүүлэх, цуцлах гэсэн хоёр товч байна.
Түүнчлэн ерөнхийлөгч асан Борис Ельциний хэрэглэж байсан цөмийн цүнх Екатеринбург дахь Ельциний музейд хадгалагддаг.
АНУ-ын ерөнхийлөгчид ч бас ийм цүнх байдаг бөгөөд цөмийн хөлбөмбөг гэж нэрлэдэг. Цагаан ордонд ерөнхийлөгч байхгүй үед цөмийн пуужин харвах тушаал өгөх баталгаажуулалтын код уг цүнхэнд байдаг ажээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ