Б.Пүрэвдорж: Халамж 285 тэрбум байсан бол 2.4 их наяд болж өслөө

Хуучирсан мэдээ: 2023.10.19-нд нийтлэгдсэн

LiveБ.Пүрэвдорж: Халамж 285 тэрбум байсан бол 2.4 их наяд болж өслөө

21 : 00
2023-10-19

Чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг цаг сунган хуралдуулснаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж, дөнгөж сая чуулганыг өндөрлүүллээ. 

Ажлын цаг дууссан тул дээрх хуулийн төслөөр маргааш санал хураахаар болов. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан маргааш 10.00 цагаас эхэлнэ. 

Чуулганы хуралдааныг өндөрлүүлэхийн өмнө 2024 оны төсвийн төсөлтэй холбогдуулан гишүүд орон нутагт ажиллаж байгаа төрийн байгууллагынхны цалин хөлсийг нэмэгдүүлэх эсэх, мөн ахмад настны тэтгэврийг хэдэн хувиар өсгөх вэ. Эрүүл мэндийн даатгалын санд хоёр их наяд гаруй төгрөг төсөвлөснөөр эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдэх эсэх талаар тодруулсан юм.

Сангийн сайд Б.Жавхлангийн тайлбарласнаар Засгийн газраас 2023, 2024 онд реформын шинжтэйгээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн. Энэ жилийн төсвийн тодотголоор нийт төрийн албан хаагчдын цалинг 30-40 хувиар нэмсэн. Ирэх жил энэ суурин дээрээ орон нутагт төрийн үйлчилгээ хүргэж буй бүх албан хаагчдыг албан тушаал, босоо хэвтээ тогтолцоог  үл хамааран сумын албан хаагчдынхыг 40, аймгийн төвд ажиллаж байгаа бол 20 хувь, төрийн нийтлэг үйлчилгээнийхнийг 20 хувиар цалинг нь нэмнэ. Харин тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэхээр хуульчилсан тул ирэх жилийн төсөвт 10 хувиар эх үүсвэрээ төсөвлөсөн. Төсөв батлагдсаны дараа жигд эсвэл хувилж нэмэх үү гэдэгт Засгийн газар бодлогоо гаргана” гэв. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн аргаар шийдвэрлээд гурван жил болж байна. Бидэнд засах асуудлууд бий. Аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төрөлжсөн нэгдсэн эмнэлэг зэрэг бүгдийг нь нэг шатлалтай буюу лавлагаа шатны эмнэлэг болгосноор тусламж, үйлчилгээний давхцал бий болсон. Иймд санхүүжилтийн арга, тарифт өөрчлөлт хийхийн зэрэгцээ бүсийн хувийг бий болгож байгаа. Энэ салбарын онцлогийг Сангийн яам ойлгож 110 орчим тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тусгаж өгсөн. Үүнээс бид бүсийн хувь гаргаж, төвөөс алслагдсан, хүн ам багатай, сумын эрүүл мэндийн байгууллагуудыг дэмжих, хэвийн үйл ажиллагаа явуулах зохицуулалтыг хийнэ” гэсэн юм. 

 

19 : 08
2023-10-19

Халамж 285 тэрбум байсан бол 2.4 их наяд болж өслөө

УИХ ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

УИХ- ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Халамж 2016 онд 285 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 2.4 их наядын халамж тараах нь. Баялаг бүтээгчид махаа зулгааж татвар төлдөг гэтэл түүнийг нь сонгуульд зориулж тараана. Халамж тараагаад ядуурлаас гарсан орон байхгүй. Дэлхийн олонх улсуудад төсвөөрөө дамжуулж хувийн сектороо дэмжсэн орон хөгжиж байгаа. Гэтэл ирэх оны төсөвт хувийн хэвшлийг дэмжсэн зүйл алга. Төсвийн урсгал зардлыг л өсгөж байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа:

-Халамжийн ихэнх нь хүүхдийн мөнгө. 2020 оноос хүүхдийн мөнгө тав дахин өссөн. Та ч хүүхдийн мөнгийг хасах ёсгүй гэж ярьдаг хүний нэг. Шинээр нэр төрлийн халамж үүсгээгүй. Нэн шаардлагатай зарим халамжийг нэмсэн. Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тэтгэмжийг 288 мянган төгрөгөөс 355 мянган төгрөг, 84500 төгрөгийн тэтгэмжийг 123 мянга болосон. Нийт 144.3 мянган хүн халамжид хамрагдаж байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Хэмнэлтийн хуулиа яриад үерээс хамгаалах далан барихад шаардлагатай хөрөнгө оруулалтыг ирэх жилийн төсөвт тусгаж өгсөнгүй. Дараа жил үер болбол юу ярих вэ. Эцэс сүүлдээ бүр арга барагдаад 90-ээд метрийн үерээс хамгаалах далангийн хөрөнгө оруулалт хүссэн ч хасагдсан.

Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 31, 71 дүгээр сургуулийн санхүүжилтийг шийдэх шаардлага байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Энэ зун нийслэлийн хэмжээнд гурван ээлжид орж болзошгүй сургуулиуд дээр ажилласан. Ажил нь удаашралтай байгаа сургууль, цэцэрлэгийн асуудлыг төсвийн хууль зөрчихгүйгээр шийдэх ямар боломж байна вэ гэдгийг судалсны үндсэн дээр таван ачаалал үүссэн сургууль дээр шийдэл гаргасан. Гүйцэтгэгч нарт бид талархах ёстой.

Нийслэлийн 71 дүгээр сургуулийн тухайд өргөтгөл хийж байгаад дээврээ онгойлгосон байх үед үер буусан тул ажил нэлээн сунжирсан. Давхар, давхраар нь ашиглалтад оруулж байна.

Жилд 40 мянга орчим сурагч ерөнхий боловсролын арванхоёрдугаар анги төгсч байгаа ч нэгдүгээр ангид 75-80 мянган хүүхэд элсэн орж ирдэг учраас 30 аад мянган хүүхдийн зөрүү гарч байна. Мөн орон сууцны том, том хорооллуудыг сургууль, цэцэрлэггүй барьснаас энэ асуудал үүсч байна. Эрдэнэтэд хүртэл сургуульгүй орон сууцны хороолол баригдсан. Сүүлийн 30 жилийн завхралыг системийн хүрээнд засах шаардлага тулгарч байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Системээрээ хөрөнгө оруулалтын санал авдаг болоод хоёр жил болж байна. Үер устай холбоотой хөрөнгө оруулалтыг нийслэл өөрөө шийдэж ирсэн.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг:

-Үерийн байгууламжтай холбоотой 15 тэрбумын хөрөнгийг төсөвт суулгасан. Үер уснаас хамгаалах асуудлыг шинжлэх ухаанчаар шийдэх зорилгоор гадаадын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллана.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-2021 онд 16.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хүсч байсан. Хот дээр тавигдаж байгаа шүү гэлээ. Сангийн яам, хот хоёрын хооронд эзгүй орхигдоод яваад байсан. Одоо би хоттой энэ асуудлыг ярина шүү.

 

17 : 24
2023-10-19

Б.Жавхлан: Та нарын тавьсан Чингис бондын өрийг арайхийж төлж дуусгасан шүү

Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэгтэй холбогдуулан, гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Гадаад өр ДНБ ийн хэдэн хувь болсон бэ. НҮБ-ын тайланд Монгол Улсын өрийн ДНБ-нд эзлэх өр 76.2 хувь гэж. Нэг хүнд ногдох өр хэд вэ?

Доллар луу шилжүүлсэн дундаж цалин хэд вэ. Сүүлийн гурван жилд зарлага 27 их наяд боллоо. 50 сая тонн нүүрсээр хэдэн доллар олж ирсэн юм. Намайг ажил авахад Хятадын компанид 350 сая ам.долларын өр тавьчихаад хаяад явсан. 400 гаруй сая тонн нүүрс зарсан гээд байх юм. Үнэн тоо хэлнэ шүү,

Сангийн сайд Б.Жавхлан:

-НҮБ -ын тайланд орсон тоог НҮБ-аас л асууя. Ирэх жил Засгийн газрын дотоод өр 42 хувь, энэ жил 45 хувьтай гарна. ДНБ-ийн 78 хувьд хүрч байсныг 42 хувь руу буулгасан.

Цалинг 30-40 хувиар нэмсэн. Орон нутагт бүр сайн нэмсэн. 500-700 ам.доллараар өсч очиж байгаа.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:

-Нүүрсийг биржээр зарахыг төрийн өмчит компаниудаас шаардаж байгаа. Нэг ч урт хугацааны гэрээ хийгээгүй.  Одоогоор 52 сая тонн нүүрс зарсан, оны эцэст 60 сая давах болов уу.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Нэг хүн 33 сая төгрөгийн өртэй шүү.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Та ч гэсэн толгой эргүүлээд байх юм.  Таны яриад байгаа 33 саяын өр бол Засгийн газрын өрөөс гадна аж ахуй нэгжийн өрийг оруулсан Монгол Улсын нийт өр юм шиг байна. Би танд Засгийн газрын өрийн хэмжээг л хэлсэн.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-2016 онд нэг хүнд ногдох өр 15 сая төгрөг гэж та нар ярьсан биздээ. Өр төлөөд байсан чинь хаана байна. Өр төлсөн, гэхдээ зээлээд төлөөд байсан. Ийм зүйлээ ард түмнээсээ нуулгүй яримаар байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Өрийн асуудлыг ярих юм бол нэлээн удаан ярьж болно. Та бүхний тавьсан Чингис бондын өрийг арайхийж төлж дууслаа, та баярлах хэрэгтэй ш дээ. Монголын ард түмний тавьсан татвараар төлсөн.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

-Завхан аймгийн Загастайн давааны зам нэг хучилт дутуу байгаа гэж хэлж байсан. Эвдрэлгүй гэмтэлгүй авч явахын тулд заавал нэг хучилт хийх шаардлагатай гэсэн. Хэзкээ гүйцээх вэ. Өнөө жил чадаагүй.

Польшийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Завхан аймагт цэвэрлэх байгууламж барьж байна. Нэг сая долларын хөрөнгө дутаж байна гэдэг зүйл хэлээд эхэллээ, гацаахгүй байх шаардлага байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн:

-Завхан аймгийн цэвэрлэх байгууламжийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гэрээ нь хийгдсэн байдаг.  Магадлан хийлгэж, аудит хийлгэх шаардлагатай болно. Түүний дараа  Сангийн яамаар оруулах шаардлагатай. Аудитаар магадлан хийсний дараа үнийн өсөлт нь зөв юмаа гэвэл Польшийн Засгийн газартай нэмэлт санхүүжилтийн асуудал ярина. УИХ -аар соёрхон батлах асуудал орно гэсэн үг. хоёр орно гэсэн үг.

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар:

-Загастайн даваа нэг хучилт дутуу биш. Нэмэлт хучилт байж болно. Улсын комисс хүлээгээд авчихсан зам.

 

15 : 51
2023-10-19

Л.Оюун-Эрдэнэ: Ирэх онд нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.долларыг давна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ.  УИХ-аар ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэх болсонтой холбогдуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулга хийлээ.

Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлого бодитоор хэрэгжиж, авлигатай хийх тэмцэл эрчимжсэнээр эдийн засгийн үзүүлэлтүүд өдөр өдрөөр сайжирсаар байна.
 
2021 оны төсвийн жил цар тахлыг даван туулахад илүүтэй чиглэгдсэн билээ. Тухайн үед эдийн засгийн өсөлт -4.7 хувь болон агшиж, улсын төсөв 20 гаруй хувиар тасарч, 1992 оноос хойш тулгарсан эдийн засгийн хүндхэн сорилттой та бид хамтдаа тулсан.
 
Тус төсвийн жил вакцинжуулалтыг татан авчрах, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг бүхэлд нь шинэчлэхэд улсын төсвийн бодлого бүхэлдээ чиглэгдсэн билээ. Цар тахлын тохиолдолд эзлэх нас баралтын хувь олон улсын дунджаас тав дахин бага байж, бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад 1.5 жилийн өмнө эдийн засгаа нээж чадсан нь 2021 оны төсвийн жил тавьсан зорилтдоо хүрсэн гэж дүгнэж болох юм.
 
2022 оны төсвийн жилд Монгол Улс цар тахлын хязгаарлалтыг бүрэн цуцалснаас хойш яг 10 хоногийн дараа ОХУ-Украйны дайн эхэлсэн нь манай улсын хувьд цар тахал, дайн зэрэгцсэн хүндхэн сорилтыг авчирсан.
Эдийн засгийг тогтворжуулах Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, боомтын хүчин чадлыг өргөтгөж, бүхнийг экспортод гэсэн уриатайгаар ажиллаж, төсвийн хэмнэлтийн хуулийг эрчимжүүлж ажилласны үр дүнд эдийн засаг 4.8 хувиар өсч, Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, гүний уурхай ашиглалтад орж, шинэ 4 төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.
 
2023 оны төсвийн жил Монгол Улс олон жилийн хугацаанд бугшсан далд эдийн засгийг илчлэх авлигын тэмцлийг идэвхжүүлэхэд бүхэлдээ чиглэгдсэн. 

2023 онд олон жил бугшсан далд эдийн засгийг ил болгох, авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлснээр Монгол Улсын ДНБ 62.4 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам долларт хүрсэн. Улсын төсвийн орлого анх удаа 1.8 их наядаар давж түүнийг бид хамтдаа  төсөвт тодотгол хийж цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэхэд зарцуулсан. Эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрч, Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наядыг давж, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Чингис бондын 1 тэрбум ам.долларыг өрийг бүрэн төлж барагдуулсан.

Улсын төсөв энэ жил оны эцэст анх удаа 1.8 орчим их наядаар давж, төлбөрийн тэнцэл анх удаа 530 орчим сая ам.доллараар давлаа.

Энэ амжилтад үндэслэж, ирэх оны төсвийн хуулийг хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатайгаар боловсруулагдлаа. Ирэх онд эдийн засаг 7 хувиар өсч, ДНБ 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.долларыг давна гэж төсөөллөө.  

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн, таван тойрог багц дэд бүтцийн төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн гол онцлог.

Энэ хүрээнд аймгийн төвүүдийг аймагтай нь, мөн аймгийн төвүүдийг хилийн боомттой холбох 1300 км авто замын ажлыг эхлүүлнэ, Орон нутагт орон сууцжуулалт, төрийн албан хаагчдын цалингийн урамшууллын систем зэрэг бодлогыг хэрэгжүүлнэ” гэв.

ЭРДЭС БАЯЛГИЙН ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭГ ӨӨДРӨГӨӨР ТӨСӨӨЛСӨН НЬ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХЭД ХҮРГЭЖ БОЛЗОШГҮЙ

Дараа нь Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын  дүгнэлтийн талаар Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан юм.

Уг аудитын дүгнэлтэд Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25 их наяд 289.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 34.2 хувь,  нийт зарлага  27 их наяд 360.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 37 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 70.8 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ний хасах 2.8 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ. Иймд, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн ДНБ-ний  2 хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх, тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ний өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ний 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн төсвийн тусгай шаардлагуудыг хангасан байна.

Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлалд нийцэж буй ч улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд туссан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 71.0 хувь нь төсвийн төсөлд байгаа нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө бүрэн тусгагдаагүй  байна гэлээ.

Төсвийн төсөлд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ, татварын орлого зэргийг өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн гүйцэтгэлд эрсдэл үүсвэл, төсөвт тодотгол хийх нөхцөлд хүргэж болзошгүй байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн төслийг боловсруулахдаа хөтөлбөр бүрийн өртгийг тооцоогүй, арга хэмжээний хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг тоон болон чанарын утгаар хэмжигдэхүйцээр бодитой тодорхойлоогүйгээс төсвийн зорилго хангагдах эсэхийг үнэлэх боломжгүй байна. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлэх, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан эдийн засгийн бодит үр өгөөжийн тооцоо, судалгаа хийх аргачлалыг боловсруулан баталж, Өрийн удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.11 дэх заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв.

Түүнчлэн гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах зорилгоор дотоод үнэт цаас гарган төсвийн зарлагын тодорхой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төсвийн төслийг боловсруулсан боловч түүний үр ашгийг нарийвчлан тооцоолоогүй байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2024 оны урсгал зардлын төсөвт төсвийн хязгаарыг хэтрүүлэн төлөвлөсөн 48.6 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой байна. Төсвийн төсөлд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний барилга байгууламжийн ангилалд магадлал хийгдэж байгаа 21, нэг маягаар болон жишиг магадлалтай 153 төсөл, арга хэмжээг тус тус тусгасан байна. Барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, улсын комисс барилга байгууламжийг хүлээн авах зэрэг төсвийн хөрөнгө оруулалтын үйл явцад тавих дотоод хяналтын тогтолцоог сайжруулан субьектив сөрөг нөлөөллийг бууруулах эрх зүйн тодорхой нарийвчилсан зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна гэлээ.

Түүнчлэн гадаадын зээлийн хөрөнгөөр шинээр хэрэгжүүлэх хэлэлцээрт орж буй төсөл, арга хэмжээнд эдийн засгийн үр ашгийн тооцоог хийж, ач холбогдлоор нь эрэмбэлж санхүүжүүлэх журам, арга аргачлал боловсруулж хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бодлогод нийцүүлсэн, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг бүрэн хэрэгжүүлж, салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан албан хаагчдыг нэгдсэн арга зүйгээр хангаж, чадавхыг сайжруулах шаардлагатай гэсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллахыг хүсэв.

Төсвийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Улсын төсөв тэлсэн байна. Авто амын түгжрэлийг бууруулахад хэдэн төгрөг зарцуулахаар тусгасан бэ.  Яармагт дахин төлөвлөлттэй холбоотой шинэ хороолол ашиглалтад ороход эрчим хүчтэй холбож өгөхгүй байна. Эрчим хүчний чиглэлээр суулгасан төсөв байгаа юу?

Ажлын хэсэг:

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 27 хувь нь нийслэлд суусан. Улаанбаатар хотод 251 төсөлд 714.3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнээс 79 төсөл шинээр хэрэгжинэ.  

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх:  

-Улаанбаатар хотод дулаан, цахилгаан эх үүсвэр дутагдалтай байгаа. Техникийн нөхцөлд зөвшөөрөл авахгүй хэр нь барилгын ажлаа эхлүүлдэг асуудал гарч байна. Барилгаа барьж дуусаад, ашиглалтад оруулсны дараа техникийн нөхцөл хүсдэг үзэгдэл гардаг.  Энэ тохиолдолд  зөвшөөрөл олгодоггүй. Дулаан, цахилгаан хангамжийг эрсдэлтэй байдалд оруулдаг тул олгохгүй.

Санал хүргүүлсэн томоохон ажлууд төсвийн хүрэлцээ муу гэсэн шалтгаанаар Сангийн яамныхан дэмжихгүй байгаа.

Тодруулбал, ДЦС IV-т нэг зуухны үүсвэрийг нэмэх,  ДЦС III-ийг дунд даралтын хэсгийг өргөтгөх гэх мэт нэн шаардлагатай ажилд төсөв суулгаагүй. Эдгээр нь нэлээн хөрөнгө оруулалт шаардсан ажил ч хэрэв хангагдахгүй бол станцуудын хэвийн үйл ажиллагаа доголдох эрсдэл бий.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Эрчим хүч хамгийн тулгамдсан, сэргэлт хийх нэн шаардлагатай салбар юм. Ирэх жил эрчим хүчний салбарт хамгийн том бүтээн байгуулалтууд хийнэ. Өмнөх ажлуудыг үргэлжлүүлнэ. Энэ салбарт 1.1 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ. Ойрын жилүүдэд том бүтээн байгуулалт хийгээгүй. Энэ жил Дорнодын цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

14 : 37
2023-10-19

Б.Пүрэвдоржийг Ж.Батсууриар солив

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Ингэснээр Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томиллоо.

Хуульд зааснаар Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог цөөнхийн бүлгийн гишүүн удирдахаар заасан байдаг аж. Иймээс Ардчилсан намын бүлэг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг тус хяналтын дэд хорооны даргаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томилуулах саналаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн юм байна. Энэ саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэн дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжин баталсан юм.

13 : 40
2023-10-19

Урантай холбоотой тооцоолол ирэх оны төсөвд байхгүй

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

 -Төсвийн хүрээний мэдэгдэл яриад сууж байх нь баярлах зүйл биш. Нөгөө л чиг хандлага, ярьдаг зүйлс. Төсөв хуучин хэвээрээ л байна. Бодлогын чанартай, ард иргэдэд хүрэх өөрчлөлт, шинэчлэл алга. Уг нь Монголын ард түмэн амандаа алтан халбага амсаад төрчихсөн хүмүүс. Хоёр том эдийн засгийн дунд байгаа. Төсөв, мөнгөний бодлого нь хоёулаа өөр байна. Төсөв тэлээд байх ч мөнгөний бодлого хавчаад байна. Хувийн хэвшлээ түших орон зай улам багасч байна. Төрийн албан хаагчдын тоо өсөөд байх уу? Сүүлийн 7-8 жил дандаа алдагдалтай баталлаа. Хэмжээнд нь баталж болдоггүй юм уу? Боомт сэргэсэн үү? Баахан сэргэлт яриад л байна. Яагаад 100 сая тонн нүүрс гаргаж болохгүй байгаа юм бэ? Монголын ард түмний заяа юм уу даа. Уул уурхайн уламжлалт бүтээгдэхүүний үнэ сайн байгаа. Урд хөрш хаалгаа цэлийтэл нээсэн байна. Ийм таатай нөхцөлд ингэж ажиллана гэдэг муу байна. Манайх НӨАТ-ыг баталж байсан. Б.Жавхлан сайд их баярлаж талархсанаа илэрхийлж байгаа харагдсан. Манай Ардчилсан нам оруулж ирсэн. Гэхдээ энэ хяналтынх байсан. Та нар амар, хялбар татвар хураагаад сурчихжээ. 100 мянган хүний санал аваад өөрчлье гэдэг зөв. Г.Занданшатар дарга маань үнэхээр Америкт сургууль сургасан мэт болголоо. Сайн байна. Таван хувийн татварыг буцаая гэдэг зөв. 600 тэрбум ороод ирнэ. 3.5 сая татварын байцаагчтай болно гэсэн үг. Хэдхэн том компани бус иргэд өөрсдөө ороод ирнэ. Үүнийг дэмжих ёстой.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Төсвийн төсөөлөл, төрийн мөнгөний бодлого дээр ач холбогдол өгөхгүй юм. Хоорондоо есхөн тоо ярьж байгаа асуудал биш. Гадаадын хөрөнгө оруулагчид, дотоодын аж ахуй нэгжүүд, иргэд үүнийг харж байж ажлаа төлөвлөдөг. Ач холбогдол өгөхгүй л есөн тоо яриад байна. Ирэх онд инфляцийг зургаан хувьд барина гээд байна. Яг ямар тооцооллоор зургаан хувь гэж байгаа юм. Ирэх жил зургаан хувьд барьж чадахгүй бол хэн хариуцлага хүлээх вэ? Есөн тоогоо олон болгомоор байна. Хөдөө аж ахуйн өсөлтүүдээ оруулмаар байна. Ирэх онд халамжийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлнэ гэсэн. Гэтэл бууруулна гээд орчихсон байна. Ирэх онд халамж буурна гэсэн үг үү? Нүүрсний хамаарал хэдэн хувь байгаа юм бэ? Хятадын бодлого цөмийн эрчим хүч рүү шилжиж байна. Түүний тэжээл болох уран. Нүүрсний хамаарал хэр тогтвортой байх вэ? Ураны үйлдвэрлэл нүүрсэнд нөлөөлөх нөлөөлөл байна уу? Үүнийг тооцоолсон уу?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Урантай холбоотой тооцоолол ирэх оны төсөвд байхгүй. Нэмэлт орлого орж ирвэл сайн хэрэг. Одоо дөнгөж гэрээ хэлэлцээр дээрээ явж байна. Удахгүй тодорхой болно. Нийт төсвийн орлогын 29.5 хувийг уул уурхайн орлогоос бүрдүүлж байна. Үүний 16 хувь нь нүүрс. Шууд болон шууд бусаар тооцоолвол 60-70 хувь дээр очно.

13 : 22
2023-10-19

"Эрчим хүчээ тэлэхгүйгээр зам, боомтын сэргэлтийг ярих боломжгүй"

УИХ-ын гишүүн Х.Цогтгэрэл:

-2024 оны төсөв орж ирж байна. Зарлага нь 27 их наяд гэнэ. Ард иргэд энэ тоог ямар их болохыг мэдэхгүй байх. 2020 оны төсөв 13.9 их наяд байжээ. 2020 оноос дөрөв дэх жил рүүгээ төсөв хоёр дахин нэмэгдэж байна. Энэ хугацаанд Монголын эдийн засаг, иргэдийн орлого хоёр дахин өссөн үү? Төсвийн орлого нэмэгдэж байна л гээд байна. Ирэх онд зэсийг есөн мянган ам.доллараар тооцож байна. Гэтэл сүүлийн нэг сар 7800-7900 ам.доллар л байна. Хятадын эдийн засаг удааширч байна. Энэ хоосон төсөөллийн орлого дээр баахан зарлага төлөвлөчихсөн байна. Зарим нь цалин, тэтгэвэр хэлбэрээр очно гэнэ. Нөгөө талдаа очлоо инфляцийг л өдөөнө. Баруун гараараа мөнгөө өгөөд л зүүнээрээ буцаагаад авна. Төсвөөр барилга, байшин бариад дагаад ажлын байр бий болдоггүй гэдгийг харлаа. Баахан халамж өгсөн ядуурал яаж буурсан бэ? Төсвийн барилга бариад хичнээн ажлын байр бий болсон бэ? Төсвөөр явж буй бодлогууд буруу байна. Орлого, зарлагаа зөв зохистой юунд зарцуулах ёстой вэ? Эрчим хүчний асуудлаа шийдээч. Гадаад улс орнууд нүүрс санхүүжүүлэхгүй байна. Үүнийг төсвийн нэмэгдлийн талаар нь хийчих л юм байна. Зөвхөн эрчим хүч хөгжлийг боомилох хүчин зүйл болоод байна. Энэ утаа, түгжрэл эрчим хүчнээс болж байна. Үүн рүү яагаад хандаж болдоггүй юм бэ? Өвөлдөө лаа барих эрсдэл үүсээд байна ш дээ. Бодлогын өөрчлөлт гарч ирэх цаг нь болжээ.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Том эдийн засгийн агуулгаар нь тантай санал нийлж байна. Гэхдээ төсвөө сайн унших хэрэгтэй байна. Таны агуулгууд үүнд суусан байгаа шүү. Зэсийн хувьд тэнцвэржүүлсэн үнэ гэж бий. Энэ есөн мянган ам.доллар бол зах зээлийн үнэ. Аль багаар нь бид орлогоо тооцдог. Тэнцвэржүүлсэн үнэ нь 7386. 2024 оны төсвийн орлого дээр зэсийн үнэ 7386, нүүрс 140 гэж байгаа. Орлогоо тооцоолохдоо дунджаар нь авдаг. Эрчим хүчний хувьд 200 хувь санал нийлж байна. Эрчим хүчээ тэлэхгүйгээр зам, боомтын сэргэлтийг ярих боломжгүй. Тиймээс ирэх жилийн хөрөнгө оруулалт 1.1 их наяд төгрөг эрчим хүч дээр байгаа. Хамгийн том хөрөнгө оруулалт. Энэ жил яаж ийж байгаад Дорнодын цахилгаан станцыг ашиглалтад оруулна. Эрдэнэбүрэн ирэх жил эхэлнэ. Улаанбаатарын III, IV станцуудын өргөтгөлийг эхлүүлэхээр ярилцаж байна.

УИХ-ын гишүүн Х.Цогтгэрэл:

-Баахан сэргэлт л ярих юм. Баахан төмөр зам тавьчихсан. Энэ нь хөрөнгө оруулалт бус зардал болчихсон. Ганц нь ч холбогдоогүй. Ирэх жил ч холбогдохгүй юм шиг байна. Эрчим хүчний сэргэлт гэхээр нүүрсээр гэхээр гадныхан санхүүжүүлдэг. Үнэхээр яаралтай шийдмээр байна. Яг одоогоор шийдэлгүй л явж байгаа гэсэн. Бодитой, гол зүйл рүүгээ төвлөрье.

Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:

-Х.Цогтгэрэл гишүүнээ, сүүлийн дөрвөн өдрийн байдлаар зэсийн ханш 8003 ам.доллар байна. 7900 рүү хоёр өдөр л орсон. АНУ-ын геологийн алба, Канадын судалгааны байгууллагуудын үнийг л хардаг. Хөрөнгө оруулагч нар зэсийг сонирхож байна. Зэсгүй зүйл байхгүй байна.  

Сангийн сайд Б.Жавхлан:

-Хэрэв төмөр замын холболт яривал хэн хэдэн жил саатуулсан бэ гэдгийг ярина шүү. Улстөржүүлж ярихгүй байгаа шүү. Сүүлийн хоёр жил холбох гэж ажиллаа. Ялангуяа Гашуунсухайт дээр цаанаас арван жил төмөр зам хүлээж байна. Эрдэнэс Тавантолгойн цахилгаан станцыг хэлэлцээр амжилттай хийгдсэн. Төсөл, санхүүжилт, ТЭЗҮ бэлэн болсон. Төрийн худалдан авах ажиллагааны хуулийн дагуу процесс явагдаж байгаа. Гаднаас нөлөөлөх боломж байхгүй. Гүйцэтгэгч нь тодорхой болвол хугацаандаа ашиглалтад ороосой.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Эдийн засаг, хөгжлийн яамтай болсноор Монгол Улсын эдийн засагт ямар өөрчлөлт оруулах асуудлуудаа ярьж байна уу? Живээд алга боллоо. Өнөөдөр бид гайгүй хэдэн уул уурхайн орлогын эх үүсвэрээ л ярьж байна. Яагаад алтаа ярихгүй байгаа юм бэ? Дэлхийн зах зээлд алтны үнэ өсөөд байна. Манайх ямар бодлого баримталж байна вэ? Нүүрс, зэс, төмрийн хүдэр гурваа л яриад байна. Дэд бүтцийн л асуудал бий. Үүн дээр яагаад өөрчлөлт ярихгүй байна. Машинаар зөөж байгаа хэдэн бүтээгдэхүүнээ л өнөө хэмжээнд ярьж байна. Төсвийн нийт орлогын ихэнхи хувь нь зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн экспортод гарснаар бий болгож байна. Яагаад хөдөө аж ахуй, махны экспорт гээд бусад салбаруудыг ярихгүй байгаа юм бэ?

12 : 37
2023-10-19

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Засгийн газрын өрийн асуудлыг тодруулъя. Засгийн газар 11.8 их наядын өр барагдуулжээ. Гэтэл нийт өр нь 2023 оны тавдугаар сартай харьцуулахад таван их наядаар нэмэгдчихжээ. 2025 он, 2026 онд дахин нэмэгдэнэ гэнэ. Нэг талаасаа өрөө дарж байна. Орлого нэмэгдэж, төсөв тэлэхийн хэрээр Засгийн газрын өр нэмэгдээд байна. Тусгай шаардлагадаа барьж байгаа  боловч өрийн хэмжээ буурахгүй байна. Нэг хувь бууруулахад 600-700 тэрбум төгрөг яригдана. Дээд таазанд нь тулгаад байгаа болохоор бодит өрийн хэмжээ буурахгүй байна. Өрийг нь дараад байгаа боловч төсөв нэмэгдээд өр нэмэгдээд байна. Үүн дээр та бүхэн юу гэж бодож байна вэ? Өрийн бодит хэмжээгээ яаж бууруулах вэ?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Эхлээд Г.Амартүвшин гишүүний асуултад товч, тодорхой хариулъя. НӨАТ-ын асуудлыг бид сайн мэдэхгүй байна. Төсөв өргөн барьсны дараа энэ асуудал дэгдсэн. Ц.Сандаг-Очир гишүүний асуултад хариулъя. Өрийн хэмжээ нэмэгдээд байгаа асуудал биш шүү. Өрийн хязгаараар тооцсон номиналь дүн орон зай нь нэмэгдсэн тооцоо. Өрийн өөрийн номиналь дүн нь тогтвортой байгаа. ДНБ өсөх тусам түүнд эзлэх өрийн бодит хэмжээ нь хувь хэмжэээгээр буурч байгаа. Түүнээс биш 60 хувиа тултал ашиглаад өрөө нэмээгүй.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Тэгвэл та 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэлд Засгийн газрын бодит өрийг 60 хувийнхаа яг хэдэн хувьд барих юм бэ?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Тодорхой хэлье. 2024 онд 42.7 хувь, 2025 онд үүнээс ч бага байна. ДНБ тэлэх тусам 40 хувиас доош орно.

12 : 15
2023-10-19

Ирэх жил шинээр гарах хоёр өрийн хэрэгсэл байна

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Б.Жавхлан  сайдаас асууя. Өрийн хэмжээ 2024 онд ДНБ-ийн 42.7 хувьтай тэнцэнэ гэж төсөөлж байгаа юм байна. Энэ бол хуулиараа 60 хувийн хязгаартай байгаа. Яг энэ тоондоо хүрч чадах уу? Шинээр бонд гаргах шаардлага гарах байх. АНУ-ын төв банкны бодлогын хүү дээд түвшиндээ хүрсэн. Энэ дээр ямар төлөвлөгөө байна вэ? Төсвийн алдагдал хоёр их наяд, ДНБ-ийн 2.8 хувьтай тэнцэхээр болж байна. Энэ бол сайн үзүүлэлт. Сануулахад, 2020 онд төсвийн алдагдал 12 хувьтай байсан санагдаж байна. 2-3 жилийн дотор төсвийн алдагдлаа сайн бууруулжээ. Төсвийн зарлага өсч байна. Ямар шалтгаанаар өсч байна вэ? 2023 оны хүлээж буй гүйцэтгэлтэй харьцуулахад 2024 оны төсвийн зардал яаж нэмэгдэх вэ? Шалтгаан нь юу вэ? Энэ нэмэгдэл яалт ч үгүй цалинтай холбоотой гэж харж байна. Цалин нэмэгдэнэ гэдэг инфляцид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Монголбанк 2024 онд бодлогын хүүгээ чанга барина гэж байна лээ. Эцэст нь нэмүү өртгийн албан татварын талаар асууя. Ирэх жил 400 орчим тэрбум төгрөгийн урамшуулал авна гэж ойлгосон. Одоо явж буй тоо нь их том дарамт өгөх юм шиг харагдаж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Ирэх жил төсвийн хязгаар тусгай шаардлагын дагуу 60 хувиас доош байх ёстой. Бид УИХ-аар стратегиа батлуулаад явдаг. Сүүлд 2021 онд батлуулсан. Гадаад өрийн тухайд Засгийн газар, Монгол Улс сахилга баттай, сайн явж байгаа. Үүний ачаар Засгийн газрын гадаад өрийн зээлжих зэрэглэл тогтвортой байна. Бид гурван жилийн хугацаанд 11.9 их наяд төгрөгийн гадаад өр зохицуулалтыг хийсэн. Хүү, үндсэн өр нийлээд 6.5 их наяд төгрөгийн төлбөр төлсөн. ДНБ тэлж байгаа. Ирэх 42.7 хувь дээр барина гэсэн нөөц төлөвлөгөөтэй. Ирэх жил шинээр гарах хоёр өрийн хэрэгсэл байна. Нэгдүгээрт, нийслэлийн 500 тэрбум төгрөгийн боомт. Мөн Дорнодын цахилгаан станц. Хятад тал нүүрсний том зээл гаргахгүй гээд зарлачихсан. Нэгэнт эхэлчихсэн төсөл учир зогсоохгүй гэсэн. Гэхдээ Засгийн газрын баталгаа гаргахгүй бол мөнгө өгөхгүй гэсэн. Энэ дээр 50-70 саяын өрийн баталгаа гаргах байх. Ингээд л болж байгаа.  

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж:

Гишүүний асуултанд хариулъя. Зээлжих зэрэглэлийг нэг түвшинд хадгалж байна. Цаашид өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийг таатай орчинг бүрдүүлж зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхийн төлөө чармайн ажиллана.

 

11 : 51
2023-10-19

Ирэх сараас дизелийн үнэ буурна

Сангийн сайд Б.Жавхлан:

-Алдагдлыг юугаар нөхөх вэ гэдэг асуулт он гараад төсвийн гүйцэтгэл гараад эхлэхээр яригдана. Одоо ярихад эрт байна. Оффтейк гэрээ шинээр хийгдсэн зүйл байхгүй байх.

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Манай улсын эдийн засаг эрчимтэй сэргэж байна. Гадаад валютын нөөц дөрвөн тэрбум хүрч байна. Ирэх жилийн эдийн засгийн өсөлт долоон хувь хүрнэ гэнэ. Миний асуулт НӨАТ-тай холбоотой. Дэмжсэн хүний 100 мянга хүрвэл УИХ-аас ярина гэнэ. Ямар учиртай вэ? Буцаан олголт хоёр хувь байсныг таван хувь болгоно гэж байна. Төсөв ярьж байх үед үүнийг ярих нь ямар учиртай юм бэ? Хоёрдугаарт НӨАТ төсвийн хэдэн хувийг бүрдүүлж байна вэ? Хичнээн байгууллага төлж байна вэ? Ямар учиртай судалгаа явж байгаа юм? Таван хувь  болгох боломжтой юм уу?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Гишүүний асуултад хариулъя. Би бас НӨАТ яагаад яригдаад байгааг мэдэхгүй байна. Төсөв өргөн барьсны дараа энэ сэдэв гарч ирсэн байна лээ. Ямар тооцоо судалгаатай гаргаж ирсэн юм бол? Татварын тогтолцооны асуудал шүү дээ. Би ёстой хэлж мэдэхгүй байна. Мэргэжлийн яам, судалгааны байгууллага дээр тооцоо судалгаа ирээгүй байна. Удахгүй ирэх байх. Ямар үндэслэлээр, боломжоор ингэж яриад байгаа юм бол гэдгийг харж байж ярьмаар байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Жил бүр л есөн тоог хөдөлгөдөг жишигтэй боллоо. Хамгийн чухал нь инфляци байгаа юм. Сүүлийн 2021, 2022 онд инфляци өндөр байсан. Үндсэндээ иргэдийн гар дээрх мөнгө тэр хэмжээгээр ханш нь буурч байгаа юм. Инфляцийг нэг оронтой тоон дээр барих нь чухал. Засгийн газраас 3-4 асуулт асууя. Нефтийн асуудал бий. Энэ инфляцид нөлөөлж байгаа. Жилийн эцэст нэг оронтой тоонд орно л гээд байна. Өвлийн түлш орж ирээд л 800-900 төгрөгөөр нэмэгдчихлээ. Хавар, намар маш хүчтэй цохилт өгч байна. Ганбаатар сайдаас асуухад нефтийн өөр эх үүсвэр хаймаар байна. Хятадад түүхий нефть өгч байна. Тэндээс шатахуун авах боломжтой юу? Нефтийн үйлдвэр юу болсон бэ? Нэг хэрэглэгчтэй байх нь хүндрэл үүсгээд байна.

Хоёрдугаарт, экспортын бүтээгдэхүүн. Дотооддоо үйлдвэрлэх асуудал чухал байгаа. Оюутолгойн далд уурхай ороод үйлдвэрлэлийн хэмжээ хэрхэн нэмэгдсэн бэ? Мөн зэс хайлуулах үйлдвэр. Уул, уурхайн яам судалгаа хийгээд ТЭЗҮ хийсэн асуудал байна уу? Эдгээр инфляцийн тогтвортой байдал, валютын нөөцөд нөлөөлдөг шүү.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:

-Нэгдүгээрт, дизель түлшний үнэ 500-600 төгрөгөөр бус 200 төгрөгөөр өссөн. Сая нэг хэсэг хомсдсон. Үүнийг далимдуулаад үнээ өсгөсөн тохиолдол бий. Дизелийн үнэ аравдугаар сараас бууна. Учир нь нефтийн бүтээгдэхүүний үнэ бууж байна. Сингапур болон Санкт Петербургийн бирж дээр бууж байна. Тиймээс арваннэгдүгээр сараас дизелийн үнэ буугаад эхэлнэ. Хамаагүй нөөцөлж болохгүй шүү. Хоёр дахь эх үүсвэр гэдэг дээр хэлэхэд Хятадаас авч байгаа. Аваад дөрвөн сар болж байна. ОХУ-аас өрсөлдөхүйц хэмжээтэй ирэхгүй байгааг та мэдэж байгаа. Нэгдүгээрт, үнэтэй. Хоёрдугаарт, тээвэр, ложистик асуудалтай. Дамжуулан ачдаг. Гэхдээ Оюутолгой болон бусад уурхайнууд “Евро-5” ангиллын дизелийг Хятадаас авч байгаа. Ерөнхий сайд Хятадад айлчлахдаа Хятадын төрийн өмчит компанитай энэ талаар ярьсан. Гэхдээ тогтворжиж өгөхгүй байна. Квотоор гаргадаг учир. Зэсээ мэдээж бид хайлуулах гэж байгаа. 2-3 байршил яригдаж байгаа. Эрдэнэт өөрсдийн хэмжээнд 100-150 цэвэр зэс гаргах үйлдвэр ярьж байна.

08 : 22
2023-10-19

Инфляцыг ирэх онд нэг оронтой тоонд барина

УИХ-ын чуулган өнөөдөр /2023.10.19/ хуралдана. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхээр болсон бөгөөд өчигдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс өнөөдөр байнгын хороодоор хэлэлцэж, чуулганы хуралдаанаар дахин хэлэлцэх товтой байна.

Мөн хуралдаанаар,

2024 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Тэтгэврийг индексжүүлэх тухай хуулийг тайлбарлая. 2022 оны хоёрдугаар сарын 1-ны өдөр тэтгэвэр 350 мянган төгрөгөөс 500 мянган төгрөг болсон. Хоёрдугаар сарын 1-ны өдөр гурил 50 мянган төгрөг буюу 500 мянган төгрөгөөр 10 шуудай гурил авдаг болсон. Гэтэл жил хагасын дараа тэтгэвэр 550 мянган төгрөг болсон боловч гурил 120 мянган төгрөг болсон. 10 шуудай гурил авах мөнгө чинь 4.5 шуудай боллоо. Засгийн газар нэг халааснаас мөнгө гаргаад “май ахмадуудаа та нарын тэтгэврийг нэмлээ шүү” гэчхээд нөгөө гараараа инфляцийг бий болгоод мөнгийг нь авчихлаа. Энэ асуудлыг тэтгэврийг индексжүүлэх тухай хуулиар зохицуулдаг. Энэ хуулийг 50 гаруй улсад хэрэглэдэг. Энэ хуулийг ганцаараа нэг хэсэг ярьдаг байлаа. Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ асуудлыг ярьсны үр дүнд Нийгмийн даатгалын багц хуульд тодорхой хэмжээгээр орж ирсэн. Миний хууль хамтатган хэлэлцэгдээд батлагдсаны үр дүнд 2024 оны улсын төсвийн төсөөлөлд энэ жилийн инфляцийг 10 хувиар тооцоод 880 тэрбумыг ахмадуудын тэтгэврийг нэмэх асуудал орж ирлээ. Нэг асуудал гарч ирж байгаа нь 10 хувийн дагуу тэтгэвэр нэмэгдэх нь. Гэтэл 2022 оных шиг бүгдийг нь нэмж болохгүй. Тэтгэврийн зөрүүг арилгах нь чухал шүү.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Хуульдаа тэтгэврийг инфляци, үнийн өсөлттэй уялдуулан нэмнэ гэж заасан. Ирэх жил инфляцыг нэг оронтой тоонд оруулахаар зорьсон. Гэсэн хэдий ч 10 хувиар төсөвлөөд, УИХ руу өргөн барьсан. Төсөв батлагдсаны дараа хэрхэн яаж, хуваарь тооцож хийх үү гэдгийг Засгийн газар дээр ярилцана.

УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ:

-Хуралдай бондын үлдэгдэл өр төлбөрийг 2024 онд дахин санхүүжүүлнэ гэсэн байна. 392 сая ам.долларыг гадаадын хөрөнгийн бирж дээрээс бонд гаргаж санхүүжүүлнэ гэсэн байна. Ямар хүүтэй яаж санхүүжүүлэх вэ. Хоёрдугаарт, төсвийн алдагдал санхүүжихтэй холбоотой 3.7 их наядыг дотоодод үнэт цаас гаргаж санхүүжүүлнэ гэсэн байна. Сая Улаанбаатар хот дотоод үнэт цаас гаргахад 17.8 хувийн хүүтэйгээр бонд босгохоор тооцоолсон байсан. Засгийн газар 15-16 хувиар босгох байх. Арилжааны банкуудын чөлөөт мөнгөн хуваарь хэд байгаа юм. Засгийн газар ямар хүүтэйгээр, мөнгө босгох уу, хувийн хэвшилд яаж нөлөөлөх үү. Мөнгөний бодлого асар хатуу орж ирнэ шүү.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж