Ядуурлын сарууд үргэлжилсээр…

Хуучирсан мэдээ: 2023.10.19-нд нийтлэгдсэн

Ядуурлын сарууд үргэлжилсээр…

Ядуурлын сарууд үргэлжилсээр…

Эдийн засгийн өсөлт биш үнийн өсөлт өрх бүрийн үүдээр ороод байгааг тоон статистик үзүүлэлтүүд илтгэх болсон. Үүнийг зах зухаас нь дурдая.

Хэдийгээр Монголбанк, Засгийн газрын төлөөлөл өөдрөг зүйлс ярьж, мөрөөдлийн чанартай төсөөлөл танилцуулсаар байгаа ч үнийн өсөлт сүүлийн 22 дахь сардаа, 2 жил орчим 2 оронтой тоонд буюу 10-аас дээш хувьтай байсаар иргэдийг туйлдуулав. Худалдан авах чадвар энэ хэрээр буурсантай эрх баригч намын улаан хамгаалагчид санал нийлэхгүй байж болох ч гудамжинд гараад дайралдсан эхний хүнээс асуухад, жагсаал хийхэд бэлэн байна. Тоо худлаа ярьдаггүй аж. Түрийвч нь нимгэрээд ирэхээр хэн ч Солонгосыг мөрөөдөхөөс аргагүй. Тэд бол онгоцны тийз захиалчих хэмжээний боломжтой дундаж давхарга.

Тэгвэл дунджаас доош давхаргад үрэх ч мөнгө байхгүй учраас үнийн өсөлт үнэндээ сонин биш. Ийм нөхцөлд иргэд НӨАТ-ын 2 хувийн буцаанд олголтыг 5 болгон нэмэгдүүлэхэд, алга ташихаас өөр аргагүй.

Инфляци сүүлийн саруудад саарсан гэж байгаа. Үнийн өсөлтийн оргил үе буюу 2022 оны зургадугаар сард 16.1 хувьд хүрсэн галзуурал буурсаар өнгөрсөн сарын байдлаар 10.1 хувьд ирсэн байна. Иргэдийн халаасан дахь 10 төгрөг тутмын 1-ийг залгиж буй энэ муу үзүүлэлт цаашид 12 сар буюу 2024 оны дуустал үргэлжлэх төлөв байгаа. Магадгүй түүнээс цааш ч үргэлжлэх… Тэр тохиолдолд хамгийн сүүлд гурван хүн тутмын нэгийг нөмөрч байсан ядуурал хүн амын 50 хувьд дөхөж очих магадлалтай. Дэлхийн банкнаас 2020 онд Монголын ядуусыг тоолж гаргаж ирэхдээ, “Танай улсын хүн амын 30 орчим хувь ядуу байна. Гэхдээ дахин ийм тооны хүн ядуурлын шугам руу унахад ойрхон байгаа шүү” хэмээн анхааруулж байлаа. Тэгвэл Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос хамтран хоёр жил тутамд хийдэг “ядуусын тооллого” гэж болох судалгааны хамгийн сүүлийн үр дүнг энэ оны эхний хагаст танилцуулах ёстой байсан ч өдийг хүртэл таг байна. ҮСХ-ны дарга Б.Батдаваа одоогоос жилийн өмнө “ҮСХ, Дэлхийн банктай хамтран өрхийн нэг хүнд ногдох хэрэглээн дээр үндэслэн ядуурлыг тооцдог. Хэрэглээний түвшинг тооцохдоо, нэг хүнд ногдох хүнсний хэрэглээ нь тухайн хүний өдөрт авах илчлэгийг хангаж чадах байна уу гэдэг үндэслэлээр гаргаж ирдэг. 2023 оны эхний хагаст багтаагаад 2022 оны ядуурлын мэдээлэл гарна” гэж байлаа. Энэ хугацаанд үнийн өсөлт ядуурлын төвшинг дэмжсэн нь ойлгомжтой.

Инфляцийн өсөлтийг аваад үзэхэд, эхний есөн сард гарсан 10.1 хувийн үнийн өсөлтийн 45.5 хувь нь хүнсний бүтээгдэхүүний инфляциас шалтгаалсан байна. Ядуу болон ядуурлын шугамын ойролцоо амь зууж буй иргэдийг инфляци ядууруулсаар гээд дүгнэчихэд ойройтохгүй. Сонирхуулахад , Монголбанкнаас инфляцийн төсөөллийг 2023 оны төгсгөлд 9.3 хувь, 2024 онд 7.8 хувиар тооцсон.  Харин Сангийн яамнаас  2024 оны инфляцийг 8.5 хувь болж буурна гэдэг итгэхийн аргагүй тоо танилцуулж яваа.

Ийнхүү эрх баригчдын зүгээс инфляцийн өөдрөг төсөөлөл танилцуулж суух хугацаанд өрхийн зарлага орлогоосоо давав. Дахиад л ҮСХ-ноос зарласан тоон үзүүлэлтээс эшлэхэд, 2023 оны хоёрдугаар улиралд өрхийн сарын дундаж орлого 2 сая төгрөгт хүрч жилийн хугацаанд 12.4 хувийн өсөлт  үзүүлсэн гэдэг сайн мэдээ бий. Өрхийн орлого ийнхүү нэмэгдсэн нь УИХ-аас 2023 оны долдугаар сард төсвийн тодотгол хийж, төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр тэтгэмж нэмсэнтэй холбон тайлбарлаж байгаа. Улмаар Монголд дундаж цалин 1.8 сая төгрөгт хүрч өссөн гэх.  Бодит цалин сүүлийн 4 улирал дараалан өсчээ. Гэвч өрхийн зарлагын өсөлт орлогоосоо бүр ч хурдтай өссөн муу мэдээ давамгайлжээ. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтийн нөлөөгөөр өрхийн зарлага орлогоосоо давсан нөхцөл байдал бараг 7 улирал дараалав. Цаашид өрхийн орлого, зарлагын зөрүү энэ хэвээрээ үргэлжлэн өссөн тохиолдолд иргэд наад захын хэрэгцээгээ зээлээр хангахаас өөр аргагүй. Энэ нь өрхийн өрийн дарамтад орох эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Д.ДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж