Хятадын Батлан хамгаалахын шинэ “бар генерал”

Хуучирсан мэдээ: 2023.10.19-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Хятадын Батлан хамгаалахын шинэ “бар генерал”

Хятадын Батлан хамгаалахын шинэ “бар генерал”

Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу сүүлийн сар гаруйн хугацаанд олны өмнө харагдаагүй. Түүний оронд Хятадын байлдааны ажиллагаа, төлөвлөлт хариуцсан цэргийн байгууллагын дарга генерал Лю Жэнлиг томилохоор болсон тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. NEWS агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа бар генерал хэмээн танигдсан Лю Жэнлиг онцолж байна.

Лю Жэнлигийн томилгоог Бээжин хотод энэ сарын сүүлээр аюулгүй байдлын асуудлаарх олон улсын форумыг зохион байгуулахын өмнө хийнэ. Өдгөө тэр Цэргийн төв комиссын Нэгдсэн штабын хэлтэст Штабын даргаар ажилладаг. Мөн Коммунист намын 19 дэх Төв комиссын гишүүн юм.

Хятадын Ардын чөлөөлөх армийн гурван одтой генерал Лю Жэнли 1964 оны наймдугаар сард Хэбэй мужийн Луачен хошуунд төржээ. Өдгөө 57 настай тэрбээр Ардын чөлөөлөх армийн Үндэсний батлан хамгаалахын их сургуульд цэргийн шинжлэх ухааны чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан бөгөөд Бээжингийн цэргийн районд удаан хугацаагаар ажилласан. 1983 оны есдүгээр сард цэргийн албанд татагдаад, дараа жил Коммунист намд элссэн байна. Мөн 12 дахь удаагийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.

Тэрбээр 1986 онд Вьетнамын дайнд оролцож, цэргүүдийнхээ хамтаар Вьетнамын ардын армийн довтолгоог 36 удаа амжилттай сөржээ.

Вьетнамын дайны дараа түүний нэр хүнд чамгүй өссөн. Дараа нь хоёр, гуравдугаар зэргийн гавъяаг түүнд гурван ч удаа шагнажээ. Хэвлэл мэдээллээр түүнийг Лаошаны фронтын баатруудын нэг гэж бичиж байв.

Хятадын цэрэг армийн салбарт ажилласан он цагийн дарааллыг нь жагсаавал:

  • 2009 оны арванхоёрдугаар сард 65 дугаар армийн штабын дарга
  • 2012 оны хоёрдугаар сард армийн командлагч
  • 2014 оны гуравдугаар сард 38 дугаар армийн командлагч
  • 2015 оны долдугаар сард Ардын зэвсэгт цагдаагийн албаны штабын дарга
  • 2015 оны арванхоёрдугаар сард шинэчлэгдсэн Ардын чөлөөлөх армийн хуурай замын хүчний анхны штабын дарга
  • 2021 оны зургадугаар сард армийн командлагч
  • 2022 оны есдүгээр сард Цэргийн төв зөвлөлийн нэгдсэн штабын штабын даргаар тус тус ажилласан.

Харин цолны хувьд 2010 оны арванхоёрдугаар сард хошууч генерал, 2016 оны долдугаар сард дэслэгч генерал, 2021 оны долдугаар сард генерал цол хүртжээ.

Хятадын Ардын чөлөөлөх армийн генералуудын дундаас хамгийн залуу нь Лю Жэнли болж байна. 2016 онд тэр дэслэгч генерал цол хүртэхдээ тухайн үеийн хамгийн залуу идэвхтэй дэслэгч генералын амжилтыг эвдэж байв. Цэргийн хорооны Материал хангамжийн албаны улс төрийн комиссар Гуо Пушяо нь Лю Жэнлигээс долоон сараар ах юм.

Залуу, дунд үеийн удирдах боловсон хүчнийг бэлтгэх ангид тэр маш нухацтай, хичээнгүйлэн сурсан гэдэг. Дайны талбарт зүтгэсэн шигээ шаргуу хөдөлмөрлөж, мастерын зэрэг хамгаалсан гэж зарим хүн түүнийг ярьдаг аж.

38 дугаар армийн командлагч байхдаа тэр “Яаралтай урагшилж, үндэсний цэрэг, батлан хамгаалахын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулах бодитой алхам хийцгээе. Яаралтай байдал хүнд хэцүү даалгавраас үүсдэг. Байлдааны бэлтгэлийг тууштай ахиулж, бодит бэлэн байдлыг бэхжүүлэхэд анхааран, цэргүүдийн сэтгэл санаа, байлдааны чадварыг дээшлүүлэх хэрэгтэй” гэж хэлж байжээ.

Лю Жэнли өнгөрсөн гуравдугаар сард Хятадын цэргийн дээд эрх мэдэл болох Цэргийн төв зөвлөлийн гишүүнээр сонгогдсоноосоо хойш анх удаа гадаадын цэргийн командлагчтай ярилцсан нь зургадугаар сард юм. Тодруулбал, тэрбээр Оросын армийн генерал Валерий Герасимовтой видео холболтоор ярилцаж, хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцсон байна.

Лю Жэнли батлан хамгаалахын салбарт бүгдийг анхнаас нь эхэлсэн. Өөрийн гарамгай эр зориг, ур чадварын хүчээр л тушаал дэвшсэн дэлхийн бар гэж түүнийг үнэлдэг.

2016 онд дэслэгч генерал цол хүртэхэд нь л АНУ-ын хэвлэл мэдээллийнхэн түүний талаар сайшаан бичиж байв. АНУ түүний ур чадварыг сайн мэднэ. “Тэр бол өндөр түвшний чадвартай, сэтгэл татам залуу хүч. Ирээдүйд тэр Хятадын армийг удирдах гол авъяастан болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хятадын армийн ирээдүй гэрэлтэй байна” гэж АНУ-ын хэвлэлд бичиж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж