Путины ахлах стратегич асан Владислав Сурковыг ОХУ-ын цагдаа нар шалгаж байна. Владислав Сурковыг Орос болон барууныхан хэзээ нэгэн цагт нэгдэж магадгүй гэсэн утгатай нийтлэл бичиж, хууль зөрчсөн гэж үзжээ.
Түүнийг найз нөхөд нь Кремлийн нууц эзэн гэж хочилдог байв. Тэрбээр хатуу хяналттай улс төрийн тогтолцоог бий болгоход нь Путинд тусалдаг байжээ. Улмаар 2020 онд албан тушаалаа хүлээлгэж өгсөн.
"Birth of the North" нэртэй түүний нийтлэл есдүгээр сарын 27-нд гарсан. Нийтлэлд "Эрх мэдэлтэй хэн ч байсан Украины дайнаас хүссэнээ авч чадахгүй. ОХУ, АНУ, Европ нь ирээдүйд улам бүр ойртох болно. Ингэснээр нийгэм, соёлын нийтлэг орон зай бүхий Агуу хойд бүс бий болно. Дэлхийн өмнөд бүс гэсэн нэр томъёо бий. Энэ нь хойд бүс ч гэж байгааг илэрхийлнэ. Томоохон соёл иргэншлүүд ойрын жилүүдэд үймээн самуунтай байна. ОХУ баруунтай нэгдэх нь санаанд багтамгүй санагдаж болох ч 13 дугаар зуунд ч бас ийм л байсан. ОХУ-ыг НАТО-д нэгтгэх саналыг Путин 2000-аад онд гаргаж байсан. Үүнийг барууныхан үл тоомсорлосоноор эвсэх боломж алдагдсан" гэж бичжээ.
"Baza" телеграм суваг энэ талаар анх мэдээлсний дараа Оросын цагдаа нар Сурковыг шалгаж эхэлсэн байна. Түүний нийтлэл Кремлийн байр суурьтай зөрчилдөж буй. Гэхдээ ОХУ нь соёл, түүхийн хувьд баруунаас гаралтай гэж зарим хүн үздэг.
Кремльтэй холбоотой ажилладаг улс төр судлаач Сергей Марков цагдаагийн мөрдөн байцаалтыг утгагүй гэж дүгнэжээ. "Сурков бол маш чадварлаг, туршлагатай хүн. Түүн шиг ийм авъяаслаг, сэргэлэн хүмүүсийг сөрөг хүчин рүү шахаж байгаа нь улс төрийн алдаа. Сурковт ажлыг нь өг" гэж тэр хэлэв.
Сурков 1999-2011 онд Кремлийн захиргааны нэгдүгээр орлогч даргаар ажиллажээ. Дараа нь засгийн газарт хэсэг ажилласны эцэст Кремльд ерөнхийлөгчийн зөвлөх хийх болсон байна.
Эх сурвалж: THE TELEGRAPH