Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн зун 200 гаруй барилга байгууламж усанд автаж, дөрвөн хүний эрдэнэт амь эрсэдсэн ноцтой асуудал үүсэхэд олон нийт “Үерийн далан шуудууг хааж, барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой. Хуулийг гууль болгосон эрх бүхий албан тушаалтнуудаар хохирлыг нөхөн төлүүлэх ёстой ” гэсэн асуудлыг хөндсөн удаатай.
Харин Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнгөрсөн Даваа гаригт /2023.10.16/ Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хотын стандарт хяналтын газрын дарга С.Төмөрдулам, Хотын стандарт хяналтын Барилга байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Т.Эрдэнэтуяа нарын гэр, албан өрөөнд нэгжлэг хийсэн нь анхаарал татаж эхлээд буй. Тэднийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах зэрэг зүйчлэлээр буруутгаж буй мэдээлэл бий.
АТГ-т шалгуулж эхэлсэн дээрх албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг нягталбал, Ц.Тулга нь 1.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй амины орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг барилга байгууламжтай бол Mercedes Benz, ML350-1 маркийн автомашинтай. С.Төмөрдулам нь 2.5 тэрбумын үнэлгээтэй хоёр орон сууцтай бол Lexus-470, Lexus-570, Lexus RX-350 маркийн гурван автомашинтай ажээ.
Сарын 2 сая гаруй төгрөгийн цалинтай албан тушаалтнууд нь бизнес эрхлэгчдээсээ илүү хөрөнгөлөг, мөнгөлөг амьдардгийн нууцыг төрөөс олгодог зөвшөөрөлтэй холбох нь бий. Иймээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт олгогдсон хууль зөрчсөн газар олголт, барилгын зөвшөөрлүүдийн учгийг тайлах авлигын сүлжээ рүү АТГ оров уу гэх горьдлого төрүүлээд байна.
Жишээ татвал, Дунд голд баригдсан “Акуа гарден” орон сууцны хорооллын анхны зөвшөөрөл нь 2008 онд олгогдсон. Ингэхдээ төрийн албан хаагчдыг орон сууцжуулах нэрээр Хан-Уул дүүргээс газрыг олгосон. Гэвч эл зөвшөөрөл нь олддоггүй. Улмаар 2018 онд Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболдын зөвшөөрлөөр усан парк байгуулах эрхийг авсан. Гэвч 2021 онд орон сууц, “худалдаа, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг барихаар зөвшөөрөл нь өөрчлөгдсөн байдаг.
Шүүхээр маргааныг хэлэлцүүлэхээр анхнаасаа хот зөвшөөрөл олгосон байсан гэж үздэг.
Гэтэл хуульд усны сан бүхий газарт барилга барихыг хориглодог. Иймээс хууль зөрчин газар олгосон, барилга барих зөвшөөрөл олгосны цаад шалтгаан нь авлига хээл хахуультай холбоотой байв уу. Аль эсвэл албан тушаалтнуудыхаа дээрээс өгсөн тушаалын дагуу хууль зөрчин зөвшөөрөл олгоод буруутан болов уу гэдгийг мухарлах нь АТГ-ынхны гүйцэтгэх ажлын нэг юм.
Нөгөө талаасаа Улаанбаатар хотод хууль зөрчин баригдсан асар олон барилгын зөвшөөрөл нь зөвхөн дээрх албан тушаалтнуудын гарын үсгээр баталгаажсан гэж үзвэл өрөөсгөл болно. Үе, үеийн Улаанбаатар хотын дарга, Хот төлөвлөлтийг хариуцаж ирсэн Нийслэлийн ерөнхий архитектор, мөн нийслэл, дүүргийн Газрын албаныхан, Хотын стандарт хяналтын барилга байгууламж хариуцаж байсан албан тушаалтнууд зэрэг асар олон хүнийг хамрах шаардлагатай болж буй.
Мөн Улаанбаатар хот цементэн ширэнгэ болж хувирахад Засгийн эрхийг дангаараа шахам барьсан МАН-ын нэр бүхий албан тушаалтнуудыг буруутгаж ирсэн. Тухайлбал, Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан, УИХ-ын дарга асан М.Энхболд, Улаанбаатар хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай нарыг нэрлэх нь бий. Ардын намд нэгэн цагт хүчээ авч, “Хотын фракц” болтлоо өргөжсөн бүлэглэлийн санхүүгийн эх үүсвэр нь газрын наймаа гэж хардах хэсэг ч байдаг. Гэхдээ энэ асуудлыг хуулийнхан шалгаж, мухарласан нь үгүй.
Иймээс Нийслэлийн ерөнхий архитектор Ц.Тулга тэргүүтэй хотын нэр бүхий албан тушаалтнуудын хэргийг шалгахад хамрах хүрээ өргөн, цаг хугацаа ихээр шаардаж болох ч цаашдаа Улаанбаатар хотод хууль зөрчин барилга барьдаг байдлыг таслан зогсооход шүүхээс гаргадаг шийдвэрүүд ч нөлөөлөх учиртай. Учир нь, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлагыг чангаруулсан ч цоорхойг нь ашиглаад хууль зөрчигчид ял завшуулаад байвал төрийн албанаас авлигачдыг цэвэрлэж чадахгүй. Эхний хүнд нь хариуцлага тооцоод албан тушаалаас нь чөлөөлөөд явуулахад дараагийн ээлжийнх нь өмнөхөөсөө дээрдэхгүй зөвшөөрлийг наймааны хэрэгсэл болгон өөртөө давуу байдал болгон ашиглахыг байг гэх газаргүй.
Иймээс иргэд, бизнесмэнүүд ч шүгэл үлээж, төрийн албанд бугшсан авлига хээл хахуулийг цэвэрлэхэд дуу хоолойгоо хүргэх шаардлага ч тулгарч байна.
Г.ХОРОЛ