Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан нарын төрөөс мөнгө татдаг ТББ

Хуучирсан мэдээ: 2023.10.18-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан нарын төрөөс мөнгө татдаг ТББ

Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан нарын төрөөс мөнгө татдаг ТББ

2023 оны долдугаар сарын 7. Монголын Улсын нийслэл Улаанбаатар хот үерийн гамшигт өртөж, олон мянган айл өрх, аж ахуйн нэгж усанд автаад байсан үе. Айл өрхүүд тог цахилгаангүй болж, гудамж талбай гунигт автаад байлаа. Монголын энгийн өрх гэр, жирийн бизнес эрхлэгчид  тэр гамшгаас үүдсэн хор хохирлоо өнөөг хүртэл нөхөж барж чадаагүй байна.

Яг тэр өдрүүдэд Төрийн ордонд ганган хослолтой хүмүүс эдийн засгийн бодлого хэлэлцэж байсан. Тухайн үеийн гамшгаас шалтгаалан “Монголын эдийн засгийн форум-2023” арга хэмжээг хойшлуулах асуудал хөндөгдсөн.

Гэвч зохион байгуулагчдын нэр нөлөөгөөр “Монголын эдийн засгийн чуулган амжилттай боллоо” гэх сайхан үгээр төгсгөсөн. Тэгвэл үүний ард хэн амжилт олсон бэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, “Ард” койныг гаргасан Ч.Ганхуяг нар дундаа төрийн бус байгууллага (ТББ) эзэмшдэг. “Монголын шинэ эдийн засгийн форум” нэртэй уг ТББ-ыг Улсын бүртгэлийн ерөнхий газар 2022 оны гуравдугаар 11-нд бүртгэжээ.

 “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын дэргэдэх www.opendatalab.mn сайтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, “Ард” койныг гаргасан Ч.Ганхуяг нарыг тус ТББ-ын эзэмшигчээр харж болно.

Тэгвэл Улсын бүртгэлийн газрын албан ёсны цахим хуудаст ТББ-ын эзэмшигчдийн дунд Сангийн сайд Б.Жавхлангийн нэр байхгүй байгаагаас үзвэл, хувь эзэмшлээсээ татгалзсан байх магадлалтай юм. Гэхдээ албан ёсны бүртгэлд байгаагаас харахад, тус ТББ-ыг итгэлмжлэлгүйгээр төлөөлөх албан тушаалтан нь Ч.Ганхуяг бол эцсийн өмчлөгчөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө бүртгүүлсэн байна.  Үйл ажиллагааны чиглэл нь “Төр засаг хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогыг боловсруулхад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх” гэжээ. Мөн тус байгууллага албан ёсны цахим хуудастаа “Tөрийн бус, ашгийн бус, улс төрөөс хараат бус байгууллага нь 2010 оноос эхлэн Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага. Олон улсын байгууллагуудын өндөр, дээд түвшний төлөөллийг цуглуулан, нээлттэй хэлэлцүүлгийг жил бүр хоёр өдрийн турш өрнүүлдэг уламжлалтай” гэж танилцуулсан байна.

Гэхдээ тус байгууллагын танилцуулгад дурдсанчлан эрдэм шинжилгээний чиглэлээр явуулсан үйл ажиллагаа явуулсан гэх нь хомс. Жил бүр Төрийн ордонд өндөр өртгөөр зохион байгуулдаг Монголын эдийн засгийн чуулганыг зохион байгуулдаг байгууллага. Чуулгануудаас Монголын эдийн засагт орсон үр өгөөжийг хэмжих боломжгүй бөгөөд төрөөс байгууллагууд, төрийн өмчит компаниудаас санхүүжилжүүлсээр ирсэн. “Монголын шинэ эдийн засгийн форум” ТББ оролцогчдын хураамжийг татдаг ч зохион байгуулах ажлын хэсгийг Засгийн газраас тусгайлан томилдог. Тухайлбал, “Монголын эдийн засгийн форум-2023”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Эдийн засгийн хөгжлийн Ч.Хүрэлбаатар, Соёлын сайд Ч.Номин нар ажилласан.

Түүнчлэн “Эрдэнэс Монгол”-ын охин компаниуд тэргүүтэй төрийн өмчит компаниуд  “Монголын шинэ эдийн засгийн форум” ТББ-ын дансанд 5-10 сая төгрөг шилжүүлж ирсэн баримт бий.

Д.МЯГМАРДОРЖ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж