Авлигатай тэмцэх газраас аравдугаар сарын 2-нд Өмнөд Солонгосын хоёр иргэнийг баривчлан саатуулсан. Тухайн хоёр иргэн нь автобусны асуудлаар мэдээлэл хийсэн хоёр иргэн биш бөгөөд БНСУ-ын "Иктае" гэх компанийн удирдлагууд гэдгийг эх сурвалж мэдээлж байв. Тэгвэл шүүх байгууллагаас БНСУ-ын хоёр иргэнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр нэг сар цагдан хорихоор болсон.
Тэгвэл тус хоёр солонгос иргэнийг өчигдөр орой суллаж батлан даалтад гаргасан байна.
Албаны эх сурвалж тэднийг ногоон автобусны талаар олон нийтэд мэдээлэл хийсэн БНСУ-ын иргэд биш, "Тэнүүн-Огоо" компани, БНСУ-ын "Дэүбас" компанитай хамтран ажиллахад дунд нь зуучлагч компаниар гэрээлэн ажилласан хүмүүс гэдгийг хэлж байсан юм.
Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо нэр бүхий хүмүүстэй үйлдлээрээ санаатай нэгдэн, уг хэрэгт хамжигчаар хамтран оролцон ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан БНСУ-ын иргэн Лий Жунг Сууб /Lee Jung Seob/, Ким Киабаум /Kim Keabaum/ нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.
Шүүх байгууллагаас 2023 оны аравдугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул прокурорын саналыг үндэслэлтэй гэж дүгнэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг.
Ногоон автобусны хэрэгт холбогдуулж, аравдугаар сарын 1-нд дөрвөн хүнийг албадан саатуулсан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байгаа гэдгийг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан мэдээлсэн. Шүүхээс тус компанийн захирал А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарт тус тус нэг сарын хугацаагаар цагдан хорих мөн яллагдагч Ш.Баярсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Батлан даалтад гарсан Солонгосын хоёр иргэний тухайд хилийн хоригтой байгаа бөгөөд мөрдөн шалгах ажил дуусаагүй байна.
Холбоотой мэдээ