Үргэлжлэл. Өмнөхийг уншихыг хүсвэл…
…Л.Оюун-Эрдэнэ “Чойжин”-гоо хотын даргад хүчээр тавив. Шүдгүй арслан шиг болохгүйн тулд гялс хотын даргад өөрийн хүнээ өргөмжлөөд Хууль зүй, дотоодын яамыг оронд нь орхив. Хэн нь үлдэж, хэн нь үрэгдэх вэ гэдгийг одоо шийдэхээр хөнжил дотроо хөлөө жийлцэнэ. Монголчуудын тал нь амьдардаг нийслэлийн МАН-ын хороог хэрхэн даргалах вэ гэдгээс их зүйл хамаарна.Түүхийг сөхөөд харвал Монголоо гэсэн болгоноо энэ нам алж, цөлж, зайлуулж, үр удмыг нь ч өөд нь гаргаагүй. Хувьсгалаас эхлээд бүтэц, бүх зүйлээ Оросын большевикуудын заавар, тулгалтаар хийж иржээ. Одоо хэр нь хир халдаадаггүй анхны хоёр нөхрийг Орост явахад нь Богдын илгээсэн захианд “Улаан нам болбоос олон ардад жаргалан үзүүлнэ гэж олныг хуурч, эрх мэдлийг гартаа аваад эцэст нь тариачин, худалдаачин, тайж язгууртнуудыг дээрэмдэж, сүм хийд, шашин орныг сүйтгээд олон түмэн хүнийг алжээ. Хаад ба түүний албат нарын олон зуун жилийн турш байгуулсан бүхнийг дээрэмдэн сөнөөж, энэ хэрээр тэд өөрсдөө баяжин, орос ардыг хоосруулан, өлсгөлөнгөөр үхэхэд хүргэсэн байна..” гэжээ. Харин БХК(б)Н-ын Төв хорооны Улс төрийн товчооны /УТТ/ маш нууцын онцгой зэрэглэл бүхий тэмдэгтэй тусгай хавтаст баримтууд нээлттэй болсоноор тэрхүү захиаг бичүүлэхэд хүргэсэн эзэд илүү тодорхой харагдана. Одоо хэр нь тахин шүтсээр байхуйд будилуу бичигт буртаглах нь илүүц. Гутамшигтай нь 1921 онд гуравдугаар сарын 1-нд биш 1920 оны есдүгээр сарын 16-нд, Монголд бус Эрхүү хотод, МАН биш МАХН нэртэйгээр байгуулж, бид биш тэд бага хурал хийх тогтоолыг гаргасан нь ОК(б)Н-ын төв хорооны Сибирийн товчооны Дорно дахины ард түмний секцийн тэргүүлэгчид ба Монгол –Төвдийн хэлтсийн хамтарсан хуралдааны 1-р протоколд баримт болон үлджээ. Гэхдээ тухайн үед бага хурал хийгээгүй шалтгаан нь Монголд нөхцөл байдал тэдний хүссэнээр болсонгүй…
Иймэрхүү төслөөр тэд эхнээсээ барьцаа ахиулсан байна. Бас нэгэн төсөлд Оросын зөвшөөрөлгүйгээр зэвсэг хэрэглэх, хүч хэрэглэсэн ажиллагаа явуулахгүй байж, Монголд бослого гаргуулахгүй байх бүхий л арга хэмжээг авна гэсэн баталгаа өгөхийг тулгаж, Бүх нам болон Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа бүлгүүдийн Монголын Товчооны бүрэн эрхт төлөөлөгчдийг сонгож, түүнд нэн онцгой эрхүүд олгохоор тусгажээ. Ингэхдээ янз бүрийн бүрэн эрхт төлөөлөгч томилж Орост илгээх, Монголын бүх нутагт дотоод харилцааны үүр байгуулж, тасралтгүй мэдээлэл солилцох, Зөвлөлт Оросын байгууллагууд өөрийн байнгын төлөөлөгчдийн газрыг байгуулах, нийт Монголын намын амьдралын бүхий л явдлыг мэдээлэх, Монголын засгийн газрын бүх байгууллага, стратегийн чухал газруудад өөрийн мэдээлэгчдийг байршуулах, Монголын төлөөлөгчид Зөвлөлт Орос улсын зөвшөөрөлгүйгээр Орос болон бусад орны нам, үндэстэн, ястантай ямар ч хэлэлцээр хийхгүй байх үүрэг хүлээлгэжээ. Ийнхүү оросууд монголчуудыг өөрсдийн эрхэндээ оруулах нарийн төлөвлөгөөг шат дараатай боловсруулсан байна. Юун Монголыг аврагч, ах нар байх билээ. Хөх монголыг улаан болгох төлөвлөгөөнд үндэстнээ гэсэн үзэл бодолтнуудыг тасчин хаях бодлого анхнаасаа барьсан төдийгүй Коминтерний Алс Дорнодын бүрэн эрхт төлөөлөгч Шумяцкийн Г.В.Чичеринд илгээсэн “Маш нууц” цахилгаан мэдээнд Монголын төлөөлөгчдөд Гадаад хэргийн Ардын комиссариатын өгсөн амлалтыг биелүүлэх эсэхэд хариулт өгөхийг шаардаад “Энэ үүрэг амлалтаа биелүүлэхгүй бол үндсэрхэг үзэлт бүлгүүдийг МАХН-аас холдуулан барон Унгерний тэвэрт хаян өгч, хувьсгалт ажлыг тус намд данслах болно” гэжээ. Эндээс улаан армийн орж ирсэн шалтгаан илүү ойлгомжтой болно.
Октябрийн хувьсгалын экспорт Монголд хэрэгжсэн бөгөөд сөрөн зогссон хэн бүхэн үрэгдэгсдийн эгнээнд шилжсэн бол аялдан дагаж, монголынхоо эсрэг зогссон болгон дарга, сайдаар томилогдож, гэдэс цатгалан байв. Үрэгдэгсэд Монголоос урвагчид бус өмөөрөгчид, улс орныхоо эрх ашгийн төлөө байсныг гэрчлэх олон олон баримтыг ердөө нэг нь Ж.Лхүмбэ хилс хэрэг тулгуулан Орост эрүүдэн шүүлгүүлж байгаад ирэхдээ ДХГ-ын тасгийн дарга Ш.Самданд,
“… Би тийшээ (ЗХУ-д) явахдаа ёстой нэг нарийн шалгаж үнэн мөнийг олоод өгөх байх гэж бодсон юмсан. Гэтэл тэгсэнгүй. Амь насны тухай одоо ярих юм байхгүй, өнгөрсөн шүү дээ. Зөвхөн хар амиа бодвол болох л байлаа. Тэгж сайн нөхөд, гэмгүй хүмүүсийн цусаар гараа угаагаад яах вэ?. Ганц толгойгоогоороо дүүрье гэж бодлоо…” гэсэн бол Ерөнхий сайд А.Амар шүүгдэж байхдаа хэлсэн “Том гүрэн жижиг улсыг эзэрхийлэхдээ удирдагчдыг нь баривчилдаг нь дандаа тохиолддог явдал. Зөвлөлт Холбоот улс Монголыг тусгаар улс гэж байгаа ч хэрэг дээрээ мөн л ингэж хандаж байдгийн бодит жишээ нь би өөрөө болоод байна…” гэх үгнээс тодорхой харагдана.
Монголын удирдагчдын дунд баруун, зүүнтэн гэх нэршил 1928-аад он хавьцаа гарчээ. “Хөдөөгийнхөн” гэдэгт МАХН дахь зүүний /Оросын талыг/ чиг шугам баримтлагчдыг хэлж байв. Тэд Монгол дахь барууны аюулын тухай ярьж Коминтерны дэмжлэгийг авчээ. МАХН-ын VII их хурлаар /1928 онд хуралдсан/ Коминтерны төлөөлөгчдийн шууд оролцоотойгоор засгийн эрхийг авчээ. Ингээд баруунтнуудаа байхгүй болгохоор шулуудав. Гэвч тэд ч амар заяагаа үзээгүй төдийгүй зарим нь эх орондоо, зарим нь Орост амиа алджээ. 1911 оноос 1990 он хүртэл Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, МАХН-ын даргаар давхардсан тоогоор 33 хүн ажилласнаас 8-аас бусад нь хэлмэгдсэн буюу учир битүүлгээр нас барсан баримт үүнийг гэрчилнэ. Үүнд Оросын гар хөл болж яваад эцэст нь өөрсдөө Орост амь тавьсан Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал ч багтана.
1932 оны 6 дугаар сарын 29-30-нд МАХН-ын Төв хорооны ба Хянан Байцаах Төв Комиссын хамтарсан онц III Бүгд хурал хуралд анх удаа ЗХУ-ын чиг шугамыг, МАХН-ын алдаа дутагдлыг шүүмжилсэн үг хэлсэн болгон алуулжээ. Улмаар даамжирч, Сталины заавраар Х.Чойбалсангийн үед болсон хядлага, Ю.Цэдэнбалын үед өрнөсөн “Сэхээтний төөрөгдөл” болов.
Хэлмэгдүүлэлтийн дараа үлдсэн намын эсрэг зогсох нөхдийг илрүүлэх зорилгоор “Сэхээтний төөрөгдөл” гэгчийг явуулжээ. Энэ ажил мөн л Зөвлөлтийн заавраар, ялангуяа Хрущевийн даалгавраар болсон эсэхийг бодолцож, баримт судалгаа хийх хэрэгтэй аж. Академич Б.Ширэндэв хэвлэлд өгсөн ярьцлагадаа энэ талаар дурсаж байв. Хэнд ч ойголмжтой нэг тодорхой зүйл нь аль аль нь өөрийн онцлогийг харгалзан, уламжлалыг шинэчлэлтэй хослуулах гэсэн удирдагчдийн эсрэг чиглэжээ. Ингэх тоолонд Монголын эрх ашгийн төлөө үгээ хэлж, үзэл бодолдоо тууштай баримтласан нь үрэгдсэд болсон бол үлдэгсэд нь Оросын талыг дуулгавартай дагагчид байв. Анхнаасаа ийм л байсан, одоо ч тийм л байна. Өнөөдөр Монголын эрх ашиг яриад Хятад ч авна гээгүй байхад хийн хоолойг нутгаараа дамжуулан цэрэг оруулах гарын үсэг хэн зураад явааг бодууштай. Өнөөдрийн МАН-ын удирдлагууд ч өөр хоорондоо “зодолдож” байна. Ингэхдээ тоолондоо Монголын эрх ашиг ярих агаад тэр тоолонд амин хувийн ашиг хонжоо байдаг үй олон баримт бидний өмнө түүх болон үлдсээр байна. Монголд ч хоржоонтой гэмээр хачин зүйлсүүд болсоор… Ардчилсан өнөөгийн нийгэмд ч арванхоёрдугаар сарын 6-нд/Ардчиллын төлөөх таван нам нэгдсэн өдөр/ Ю.Цэдэнбалтай холбогдолтой шүүх хурлын тов гарч л байлаа. Өмнөхийн адил 100 жилийн жилийн дараа Монголд суугаа Элчин нь дипломат ёсыг умартан загнах, зандрахын хооронд бурж байгаад явсан. уурамчаар зохиосон түүх шиг хуурамч эх орончдын дүрд МАНАЙ лидерүүд тоглосоор…
Өнөөдөр өв соёлоо хамгаалах нь байтугай устгаж, худалдаж идэгсэд олширчээ. Хуучин хэлээ, бичгээ мэддэг нь бидний дунд цөөрсөөр байна. Оросоос авсан бичигт шилжсэнээр бид дэлхийгээс ямар их олз олж, соён гэгээрсэн талаар хэн хүнгүй л амаа олохгүй магтдаг. Харин хариуд нь ямар их зүйлээ алдсан бэ гэдгийг судалсан, сурагласан нь хэд бол. Оросоос салсан ч бидэнд тулгасан бичиг үсэг, үзэл санаа, үнэт зүйл бат бөх оршиж байна. Үрэгдсэн, үлдсэн зүйлийн талаар товчхондоо ийм. Тоочоод барахгүй жишээ, баримт байсаар атал тоож харах нь ховор. Яг л ийм байдлаар Ардын намынхан ардчилсан хувьсгалаас хойш "алалцсан". Түүхээсээ сургамж авахгүй бол түүний алдааг давтсаар л байх болно. 33 жилийн өмнөхөөс ялгаатай нь энэ намд өөрийн гэсэн үнэт зүйлс, тууштай бодлого түй ч байхгүй. Ганц л хүсэл сонирхол бий, тэр нь эрх мэдэл хүрэн түүний тусламжтайгаар хүслээ гүйцээх…
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
Холбоотой мэдээ