Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны дэлхийн аварга болон 2027 оны Азийн цомд оролцох эрхийн төлөөх өрсөлдөөнөө өндөрлүүллээ. Хөх чононууд өчигдөр/2023.10.17/ Улаанбаатар хотноо Афганистаны шигшээ багт 0-1 гэсэн харьцаатай хожигдсоноор нийлбэр дүн 0-2 болж, дараагийн шатанд шалгарах боломжгүй болсон юм. Тоглолтын тухайд Монголын баг өмнөх тоглолтын адилаар таван хамгаалагчтай хувилбар гаргаж, улаан хуудасны улмаас нэг тоглолт өнжихөөр болсон багийн ахлагч Х.Цэнд-Аюушийн оронд довтлогч У.Тэмүлэнг ашиглаж, довтолгоондоо анхаарал хандуулжээ. Мөн эхний тоглолтод хоёрдугаар давхарт сайн тоглолтыг үзүүлсэн О.Мижиддоржийг сэлгээнд суулган Б.Мөнх-Эрдэнийг гараанд гаргав.
Гэхдээ л үр дүнд хүрсэнгүй. Эхний үед гоол алдахгүй байх даалгавраа биелүүлсэн ч хоёрдугаар үед гоол оруулах гол даалгавраа биелүүлсэнгүй. Аюултай довтолгоонуудыг үүсгэж байсан ч эсрэг багийнхаа хаалганы торыг хөдөлгөхөд аз дутлаа. Г.Ганбаяр ч аргагүй Европд мөртэй гэдгээ харуулж, тоглолтоороо гангарч байв. Харамсалтай нь хожил Монголын талд буусангүй.
Нэг үеэ бодвол шигшээ багийн үе солигдож, залуучууд гол цөмийг бүрэлдүүлж байна. О.Мөнх-Оргил ирээдүйн шигшээ багийн ахлагч гэдгээ харуулж, А.Филип Чинзориг гэх хүү монголчуудын сэтгэлд хүрлээ. Ерөнхийдөө хамгаалалтаасаа эхлээд шигшээ баг учраа олж байна. Удахгүй дундын шугам, довтолгоо жигдрэх биз. Тамирчдын бэлтгэлжилт ч сайжирч, хувийн ур чадвар, бие бялдар нь хөгжиж эхлэв. Тамирчид олон улсын тавцан руу ойртож байгаа ч холбооны бодлого үр дүн харуулалгүй олон жил боллоо.
Туршлага хуримтлуулахаар хангалттай хугацаа өнгөрсөн ч үр дүн алга. Монголын хөлбөмбөг дахиад хэдэн жил туршлага хуримтлуулах вэ?
Өчигдрийн тоглолтын дараа фанатууд Ичиро Оцүкад итгэл алдрах шиг. Өдгөө 58 настай ахлах сургуулийн дасгалжуулагч асан япон мэргэжилтний тухайд үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны багийг 2021 оны арванхоёрдугаар сараас эхлэн удирдсан бөгөөд өдийг хүртэл гавьтай амжилт үзүүлсэнгүй. Хамгийн том амжилт нь гэвэл 2022 онд Йемений шигшээг нутаг дээрээ 2-0 гэсэн харьцаатай хожсон түүхтэй. Үүнээс өөр амжилт байтугай хожил ч тэмдэглэгдээгүй байна.
Статистик, тоо баримт худлаа хэлдэггүй. Энэ онд хөлбөмбөгийн шигшээ баг болон 23 хүртэлх насны баг ганц ч хожил авсангүй. Азийн наадам, нөхөрсөг тоглолт, Интерконтинентал цом, дэлхийн аваргын урьдчилсан шат гээд нийт есөн тоглолт хийн нэг тэнцэж, найм хожигджээ. Ингэхдээ ердөө гуравхан гоол оруулж, 21 гоол алдав. Энэхүү үзүүлэлтэд 2024 онд болох 23 хүртэлх насны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатыг оруулсангүй. Оруулбал ялагдал, алдсан гоол нь л нэмэгдэнэ.
Ичиро Оцүка хоёр жил шигшээг удирдсан боловч ахиц дэвшил тун ядмаг харагдлаа. Одоо түүнийг солих цаг нь болжээ. Японы хөлбөмбөгийн холбооноос санал болгосон дасгалжуулагч бүрээр шигшээгээ удирдуулж дамжин өнгөрөх өртөө болгомооргүй байна. Дасгалжуулагч нартаа цензурь тогтоож, амлалт авч, хариуцлага тооцох цаг нь ирсэн мэт. Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг шиг Монголын хөлбөмбөгийн холбоо болохгүй байгаа, үр дүнгүй дасгалжуулагчаа хоёр жил гаран харав. Явдаггүй морийг нь буцааж өгөөд өөр газраас шинийн эрэлд гарах хэрэгтэй биз. Монголын хөлбөмбөгийн холбоо баргийн дасгалжуулагчийн хүссэн хангамж, цалинг өгөх чадалтай, санхүүжилттэй тул тусламжийн бараанаасаа татгалзаасай. Ямар Монголын бусад спорт холбоод шиг мөнгө санхүүгийн гачигдалд орж, Биеийн тамир, спортын улсын хороог царай алдаж, тоо томшгүй олон дэд ерөнхийлөгч сонгож мөнгө босгож байгаа биш. FIFA, AFC гэх хоёр саалийн үнээнээсээ сайн л татаас авдаг сурагтай.
Монголын хөлбөмбөгийн холбоо олон жил асуудалтай байсаар ирсэн. Тэр тоо томшгүй асуудлуудын нэг нь шигшээ баг. Ядаж нүдэнд ил харагддаг, үр дүн нь шууд мэдрэгддэг шигшээ багаа өөд нь татаасай. Тамирчид нь хөгжөөд байгаа харагдавч холбоо нь ядаж л ганц цэнгэлдэхийнхээ чанга яригчийг ч хүрэлцээтэй хэмжээнд суурилуулж чадахгүй, талбайн дэлгэцээ ч олигтой шинэчлэлгүй бараг л арван жил болжээ.
Монголын хөлбөмбөгийн холбооны "шинэ" удирдлагууд шигшээ багаа цэгцэлж, шинэчлэл хийгээсэй.
Холбоотой мэдээ