Хамас бүлэглэл Газын зурваст 250 орчим хүнийг барьцаалжээ. Хамасын хэвлэлийн төлөөлөгч Абу Убайда Даваа гаригийн орой мэдэгдэл хийхдээ "Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-нд дайралт хийснээс хойш 200 хүнийг олзолсон. Мөн 50 орчим хүнийг өөр газар хорьж байгаа" гэв.
Барьцаалагдсан хүмүүсийн тоо Ням гаригт 126 байсан. Сүүлд нь 155 болж шинэчлэгдээд, Даваа гаригийн өглөөний байдлаар 199 болжээ.
"Барьцаалагдсан хүмүүс хаана байгааг бид олж мэдэхийг хичээж байна. Бид ард түмэндээ аюул учруулах халдлага үйлдэхгүй" гэж Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари хэллээ.
Барьцаалагдсан хүмүүсийн дунд нялх хүүхдээс эхлээд 80 настай буурал хүртэл бүх насныхан байгаа аж. Мөн тэдний олонх нь давхар иргэншилтэй. Их Британи улс 10 иргэнээ сураггүй алга болсон гэж мэдэгдсэн ч тэдний зарим нь нас барсан байх магадлалтай. Түүнчлэн АНУ-ын 20 орчим иргэн барьцааны хүмүүс дунд байгаа гэж таамаглажээ. Тел-Авив хотын гудамжинд барьцаалагдсан хүмүүсийн зураг мэдээллийг наасан байна.
Ийнхүү Газын зурваст олон хүнийг барьцаалсан нь нарийхан нутаг дэвсгэрт халдлага хийх Израилийн төлөвлөгөөг улам хүндрүүлсэн байна. Хамас бүлэглэл Израилийн цохилтын хариуд барьцааны хүмүүсийг устгана гэж анхааруулжээ.
Эх сурвалж: THE GUARDIANS
Холбоотой мэдээ