Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц ажил албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Түүний суудлыг Лхаарамба Д.Жавзандорж залгамжилж, ажил албыг нь үргэлжлүүлнэ гэсэн албан бус мэдээлэл байна.
Монгол багш гэж олноо хүндлэгдсэн Д.Жавзандорж нь Сүхбаатар аймагт төрсөн бөгөөд 1991 оноос Эрдэнэ-Мандал хийдэд, 1993 оноос Дашчойлин хийдэд шавилан сууж байгаад 1995 оноос Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Дашчойнпэллин дацанд буддын гүн ухаанд суралцаж эхэлжээ. Тэрбээр 1998 оноос Энэтхэг улсын Гомон дацанд буддын гүн ухааны шаталсан сургуулиудад тасралтгүй суралцаж, 2017 онд шарын шашны гүн ухааны дээд зэрэг болох Лхаарамба цолыг нэгдүгээр байраар хамгаалжээ. Энэ нь Монгол Улсад ардчиллаас хойш анх удаа монгол хүн Лхаарамба цолыг хүртсэн түүхэн үйл явдлаар тэмдэглэгджээ.
Тэрбээр 2019 онд Монголдоо эргэн ирж түмэн олны тусын тулд буян номын үйл явуулдаг байна. Одоо Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд давхар багшилдаг аж.
Түүний шавь нар 2013 онд бурхан шашны "Сумади гирди" төв төрийн бус байгууллагыг байгуулж, багшийнхаа номын их үйлсийг дэлгэрүүлж байгаа аж. Энэ төв нь Монголын бурхны шашны сургаалиудыг орчин цагийн шинжлэх ухаантай харьцуулан суралцаж амьдралдаа ач тусыг нь хүртэх, дээд номыг сонсох, бясалгах арга ухааныг эзэмших боломжийг бүрдүүлж, түгээн дэлгэрүүлэх их үйлсийг зорилгоо болгон ажилладаг байна.
Хамба номун хан Д.Чойжамц нь 1992 оны наймдугаар сарын 20-ны билэгт сайн өдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авсан байдаг. Хорин есдүгээр Хамба Номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц нь Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, Да ламын мяндаг тушаалыг 1986-1992 онд хариуцлагатайгаар хашиж байсан. Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын 2018 оны есдүгээр сарын 29-ний өдрийн нэгдүгээр тогтоолоор Өндөр гэгээний үеэс улиран залгамжлагдсан Хамба номун ханы дамжлага, Гандантэгчэнлин хийдийн шашинд зүтгэсэн гавъяа, тус хийдийг тэргүүлж байсан тэргүүн хамба нарын үйлс бүтээл зэргийг үнэлэн дүгнэж 1944 оноос тус хийд тэргүүн хамба ламын өндөр мяндаг тушаалыг хашиж байсан хамба лам нарт Хамба номун хан цол хэргэмийг нөхөн өргөмжилөн олгосон түүхтэй.
Уг тогтоолыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2021 оны зургадугаар сарын 14-ний өдөр зарлиг буулган Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламд “Хамба номун хан” цол хэргэм өргөжилснийг соёрхож баталсан байдаг. Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс “Хамба номун хан” гавж, Дэмбэрэлийн Чойжамц ламд “Бат-Оршил” өргөх ёслолыг /2021.8.12/ зохион байгуулж байв.
Холбоотой мэдээ