"Ноолуурыг хямдаар авахаар нохойтсон үйлдвэрлэгч байхгүй"

Хуучирсан мэдээ: 2023.10.17-нд нийтлэгдсэн

"Ноолуурыг хямдаар авахаар нохойтсон үйлдвэрлэгч байхгүй"

"Ноолуурыг хямдаар авахаар нохойтсон үйлдвэрлэгч байхгүй"

УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2023.10.17/ болж, Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2022 оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар  мэдээлэл сонслоо. Мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхөлөг хийв.

Монгол Улсад 2022 оны байдлаар 40 үйлдвэрт 6017 тонн самнасан ноолуур (энэ нь 9257 тонн түүхий ноолуур) үйлдвэрлэж гаргах хүчин чадал суурилагдсан байсан бол техникийн зохицуулалт гаргаснаар 17 үйлдвэр 3510 тонн хялгас ялгах тоног төхөөрөмж нэмж суурилуулан, 1910 тонн самнасан ноолуур үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг захиалсан байна.

Ноолуурын техникийн зохицуулалт гарснаар шинээр хүчин чадлаа нэмэгдүүлж, 2023 оны байдлаар хялгас ялгах үйлдвэрүүдийн нийт хүчин чадал 11,437 тонн (17595 тн түүхий ноолуур ) болж нэмэгдсэн нь Монгол Улсаас бэлтгэгдэж байгаа 10000 тонн ноолууран түүхийн эдийг 100 хувь боловсруулах боломжтой болжээ.

Мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Г.Ганболд “10 мянган тонн ноолууран түүхий эдийг 100 хувь боловсруулах хүчин чадалтай болсон гэдэгт би хувьдаа эргэлзэж байна. Яагаад эргэлзээ төрөөд байна вэ гэвэл 2014 оноос хойш арьс ширийг түүхийгээр нь гаргадаггүй болсноос хойш  ямар ч үнэгүй болсон. Тэр үед Монголоос гарч байгаа арьс ширийг боловсруулдаг байсан Хятадын хил дагуух үйлдвэрүүд дампуурсан. Түүхий ноолуур гаргахыг нь хориглуулаад үнийг нь унагана. Малчдын гар дээрх ноолуурын үнэ ирэх жил унана. Тэгэхээр Засгийн газар өөрсдөө ажлын хэсэг гаргаад бүх үйлдвэрүүдийг үзэж, хүчин чадлыг нь шалгах ёстой. Тэгэхгүй бол дотоодын үйлдвэрүүд “зээл өгөхгүй бол ноолуур авах боломжгүй” гээд  суучихна. Ингэхээр малчдын гол амьжиргаа болсон ноолуурын үнэ унана. Амьдрал дээр малчид хохирно” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Т.Аубакир “Ноолуур бол Монгол Улсын экспортолж байгаа цөөхөн үнэт зүйлийн нэг. Бид энэ асуудал дээр ухаалгаар тохируулга хийх ёстой.  Хэдэн хувийн хэвшлээ л дэмжихгүй юм бол Монгол Улсад гадаадынхан ирээд Монголд үйлдвэр байгуулчихъя, ажлын байр бий болгочихъё, татвараа төлчихье, малчдыг орлоготой болгочихъё гэж аль улс санаа зовох юм бэ. Засгийн газар нь хувийн хэвшилтэйгээ хэл амаа ололцоод зохицуулалтыг нь зөв хийгээд, бусад улс орнуудын зах зээл дээр ноолуурыг нь үнэ хүргэхийн төлөө УИХ,  хувийн хэвшилтэйгээ л хамтарч ажиллана ш дээ.

 Зээл аваад ажлын байр бий болгоод, өдөр бүр хүү төлөөд тэрэнд хамаг амьдралаа зориулж байгаа хувийн хэвшлээ дэмжихгүй юм бол Үйлдвэржилтийн байнгын хороо гэж байх хэрэг байгаа юм уу. Гаргалгаа олох хэрэгтэй.

Эдийн засгийн хөгжлийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас комиссоо гаргаад дотооддоо ноолуурыг бүрэн үйлдвэрлэчих хүчин чадалтай үйлдвэрээ зоосон юм гэдгээ үзүүлээд, зоогоогүй байсан ч яадаг юм. Алдаж онож байгаад л Монгол Улс үйлдвэртэй болж үлдэнэ.

Өөрийнхөө хүүхдийг шоовдорлоод, айлын тэр хүүхэд мундаг шүү гэдэг шиг дотоодын үйлдвэрлээ шоовдорлоод гадаадын үйлдвэр мундаг юм аа гээд сар луу хараад шагшраад сууж  болохгүй ш дээ.

Үйлдвэрээ байгуулаагүй байсан ч байгуултал бид тууштай бодлогоор дэмжих ёстой. Малчид “Дотооддоо ноолуураа боловсруулдаг үйлдвэртэй болчихоосой. Бидний ноолуурыг аваад байвал бид нар заавал гадагшаа өгөх гээд байгаа зүйл алга” гэж хэлж байгаа. Дотоодын үйлдвэрүүд ч “Малчдынхаа ноолуурыг хямдхан авах гээд байгаа юм аа” гээд нохойтоод байгаа юм ч байхгүй. “Дэлхийн зах зээлийн үнээр ноолуурыг авъя, бид нар хөрөнгө оруулалтаа хийчихье, технологио аваад ирлээ, гадны байгууллага биднээс бүтээгдэхүүн түүхий эд авъя гэж байна. Самнаад угаагаад ээрээд ч юм уу нийлүүлье” гэж байгаа шүү дээ” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Дэлхийн ноолуурын салбарт 20 гаруй тэрбум ам.доллар эргэлддэг. Нийт ноолуурынх нь 50 орчим хувийг Монгол Улс нийлүүлдэг. Гэтэл бид 80 хувийг нь угаагаад л экспортод гаргаж, 20 хувьд нь үйлдвэрлэл эрхэлж, эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Цаашид аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, ноолуураа өөрсдөө самнаад экспортод гаргах, дараа дараагийн үйлдвэрлэлийн шат руу явах зорилгыг дэмжих нь зүйтэй гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал  “Монголчууд дотооддоо ноолуур, ноос хоёроо ахиухан боловсруулж, хэрэгцээт зах зээлд нь гаргавал валютын урсгал нэмэгдэж, улмаар үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдэх боломжтой тул УИХ, холбогдох Байнгын хороод анхаарлаа хандуулж, тууштай тэмцэх.  Цаашид салбарын хэмжээнд бий болсон хүчин чадлаа бүрэн ашиглах, боловсруулалтын түвшингээ ахиулсан хэлбэрийг төрийн бодлогоор тогтвортойгоор дэмжих нь чухал байна” гэсэн юм.

Хуралдааны төгсгөлд, 19 дүгээр тогтоолын хэрэгжилт болон ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хот, орон нутагт хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх үйлдвэрүүдийн хүчин чадал, суурилагдсан тоног төхөөрөмжийн талаар хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тогтоолыг батлав.

Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал ахалж, УИХ-ын гишүүн Т.Аубакир, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Наранбаатар, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж