Сурвалжлага: "II төрөх"-ийн газрыг булааж, орон сууц барихаар болжээ

Хуучирсан мэдээ: 2023.10.18-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: "II төрөх"-ийн газрыг булааж, орон сууц барихаар болжээ

Сурвалжлага: "II төрөх"-ийн газрыг булааж, орон сууц барихаар болжээ

Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлгийн газрыг 2003 оноос хэсэгчлэн олгох зөвшөөрөл өгсөөр өдгөө өөрийн байрнаас бусад талбай нь хувийн хэвшилд шилжжээ. "Хүрээ" амаржих газрын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт стандарт шаардлагад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмжтэй есөн давхар, 150 ортой төрөх эмнэлэг барих төсвийг баталж өнгөрсөн 2021 оноос барилгын ажил эхэлсэн байдаг. Гэвч барилгын стандарт, эмнэлгийн орчны ногоон байгууламж, дүрэм журмыг зөрчиж хувийн хэвшлийн аж ахуй нэгж тус амаржихыг дээрэлхэж, түүнд нь төрийн байгууллага, нийслэлийн эрх бүхий хүмүүс удаа дараа найр тавьсан үйлдэл гаргаж байгаа аж. Тиймээс амаржих эмнэлгийн эмч, ажилчид, үе үеийн ахмад эмч нар болон эмэгтэйчүүдийн зүгээс удаа дараа төрөх эмнэлгийн газраас хэсэгчилж олгосон асуудлыг шалгуулахаар АТГ, БХБЯ, НЗДТГ бусад холбогдох нэгж, газруудад хандсан байна. Эмнэлгийн газрын маргаан яагаад үүссэн, одоо ямар асуудалтай байгаа талаар сурвалжиллаа.

ХОТЫН ТӨВИЙН 12 МЯНГАН ГА ГАЗРААС ТӨРӨХ ЭМНЭЛЭГТ 7 МЯНГАН ГА ГАЗАР Л ҮЛДСЭН БАЙНА

Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 жилийн түүхтэй "Хүрээ" амаржих анх 12 мянга гаруй га газартай байжээ. Гэвч 2001-2003 онд эзэн холбогдогчгүй дуудлага худалдаа явагдаж, улмаар тус эмнэлгийн газраас хувьд шилжүүлсэн байна. Тус газрын маргаан Дээд шүүхээр орж, газрыг буцаан улсын өмч болгох шийдвэр гаргасан ч эрх бүхий хүмүүсийн тушаал, шийдвэрээр тухайн олгосон газар хувийн өмч хэвээр үлдсэн аж. Тодруулбал, 2005 оны долдугаар сарын 20-ны НИТХ-ын 154 дүгээр тогтоолоор II амаржих газрын хуучин ашиглаж байсан зөвлөх амбулаторийн 305 мкв талбай бүхий барилгыг "Баялаг бийлд инвест" ХХК-д шилжүүлэх шийдвэр гарч. Тухайн тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2006 оны есдүгээр сарын 21-ний 461 дүгээр захирамжаар "Баялаг бийлд инвест" ХХК-д конторын зориулалтаар 985 мкв газрыг олгосон байна. Улмаар хувьд шилжүүлсэн газрын га өсч, нийслэлийн өмчийн газрыг хувийн хэвшлийнхэнд эрх шилжүүлэн өгсөн байгаа юм.

Тухайлбал, Хүрээ амаржихын эзэмшлийн газрын доод хэсэгт байрлах дулааны шугам сүлжээг, дээд хэсгийн хоосон талбайн хамт хувь иргэнд эзэмшүүлэхээр зөвшөөрөл олгосон байна. Түүгээр ч зогсохгүй зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагууд нь архитектур төлөвлөгөөг давхардуулан гаргажээ. Улмаар эмнэлгийн шинэ барилгаас 10 хүрэхгүй метр зайд 400 машины авто зогсоол бүхий үйлчилгээний байр баригдахаар зураг төсөл нь батлагдсан байна.

Эмнэлгийн удирдлагууд энэ асуудалтай холбоотойгоор газрын албанд хандахад Нийслэлийн газрын албаны 2021 оны А-646 захирамжаар иргэнд шилжүүлсэн гэжээ. Газрын албанаас хоёр байгууллага хоорондоо зөвшилц гэдэг хариуг өгсөн ч улсын байгууллага, хувийн аж ахуй нэгжтэй тохиролцох боломж гараагүй байна. II төрөхийн зүгээс амаржих газрын өмчтэй эзэмшлийн талбайгаа л авъя, бусад хэсгийг нь өөрсдөө зөвшөөрлөөрөө авна уу гэхэд "үгүй" гэх хариулт өгчээ. Улмаар маргаан шат шатны харьяа нэгж дээр үл тоогдож, шүүх рүү шилжээд байгаа юм.  Одоо эмнэлгийн эзэмшилд үндсэндээ 7000 гаруй га газар л үлджээ.

Төрөх эмнэлгийн шинэ барилгыг барихад архитектур төлөвлөгөөний норм дүрмийг зөрчиж, ямар ч стандартгүй барилга барих гэж байгаа нь тогтоогдож. Учир нь барилга хоорондын зай 20 метр, эмнэлгийн барилгад 30 метр байдаг бол төрөх эмнэлгийн тусгай бүсэд обьект хоорондын зай 50 метрээс дээш байх стандарттай. Гэвч хоёрдугаар төрөх эмнэлэг дээр хууль бусаар энэхүү стандартыг зөрчиж улсын өмчийг эрх мэдлээр дамжуулан авсан асуудал үүссэн байна.

"ТӨРӨХИЙН УДИРДЛАГУУД ГАЗРАА АВАХААР ТУУШТАЙ ТЭМЦЭЖ БАЙГАА Ч АЛБАН ХАРИУ ХЭН Ч ӨГДӨГГҮЙ"

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин байраа олон улсын стандартад нийцсэн төрөх эмнэлгийн барилгаар шинэчлэх болсонд тус эмнэлгийнхэн сэтгэл өндөр байсан нь саяхан. Гэтэл иргэн Г.Баттүшиг тухайн эмнэлгийн архитектур төлөвлөгөө гарч батлагдсан газрын хагасыг нь авч эмнэлгээс 10 хүрэхгүй метр зайтай газраа тасдаж аваад буй. Өнөөгийн нөхцөл байдлыг анхаарч, тохиролцохыг удаа дараа тус иргэнээс хүссэн энэ хүсэлтийг нь хүлээж аваагүй учир арга буюу II төрөх шүүхэд хандаад байгаа аж. Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Эмнэлгийн зориулалттай барилгын төлөвлөлтийн тухай хууль, бусад журмыг зөрчсөн ч үйл ажиллагаагаа үл зогсоож буй иргэний талд яагаад давуу байдал үүсэв.

Биднийг очиход "Хүрээ" амаржихын шинэ барилгын ажил эд өрнөхийн зэрэгцээ, иргэн Г.Баттүшигийн эзэмшлийн хэсэгт ч барилгын материал буулгасан байдалтай, техник хэрэгсэл хашаанд оруулсан байсан юм. Тиймээс амаржихын газрын маргааны талаар эмнэлгийн удирдлагатай ярилцллаа.

"Хүрээ" амаржих газрын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал Б.МӨНХСАЙХАН:

-Манай эмнэлгийн архитектур төлөвлөлтийн даалгавар гараад барилга эхлээд явж байхад тус газар дээр дахин зураг төлөвлөлт хийгдсэн. Өөрөөр хэлбэл эмнэлгийн барилгын хойно шинэ төлөвлөлт гарч ирсэн. Тодруулбал, тэрхүү архитектур төлөвлөлт нь барилгын бүхий л норм, стандартыг зөрчсөн даалгавар байгаа юм.

10 метр хүрэхгүй зайтай 400 машины авто зогсоол бүхий үйлчилгээний байгууламж, орон сууц барина гэдэг стандарт, эрүүл ахуй талаас ч тэр эх, нярайн аюулгүйн байдлын тухайд ч авч үзсэн боломжгүй. Эмнэлгийн барилгын залгаа шахуу зайгүй орон сууц барьж нарны гэрлийн шууд тусгалыг хаахаар байна.

Эмнэлгийн дулаан алдалт нэмэгдэж, эмчийн үзлэг, байгалийн ариутгалын хувьд ч зохисгүй үйлдэл гараад байгааг бид хэлэх боломжтой холбогдох шат, шатны нэгжүүдэд мэдэгдсэн. Гэвч одоог хүртэл албан хариу өгсөн газар цөөн байна.

Бид дүрэм журмын дагуу л зөвшөөрлөө олгохыг хүсч байна. Хэрэв хууль, журмынхаа дагуу анхнаасаа газраа олгосон бол эмнэлгийн эзэмшлийн талбайг хувь иргэнтэй булаацалдах шаардлага үүсч, газрын маргаан гарахгүй байсан.

АМАРЖИХ ГАЗРЫН ОНЦГОЙ БҮСЭЭС ХОТЫН СТАНДАРТАА НЭХЭХИЙГ ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ШААРДАНА

"Хүрээ" амаржих газрын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ахмад эмч Д.АДИЛБИШ:

-Хотын үе үеийн Засаг дарга нарын захирамжаас болж нийслэлд зайлшгүй шаардлагатай амаржих эмнэлгийн газрыг эрх мэдэл, албан тушаал, хахуулиар авсан тохиолдол их байна. Түүний нэг нь "Хүрээ" амаржих. Бид хардах эрхтэй. Үнэхээр хууль, дүрэм зөрчөөгүй газар олгосон бол холбогдох байгууллагууд нь нийслэлийн өмчийн газрыг иргэнд шилжүүлсэн шийдвэр, дуудлага худалдаа явуулсан тайлант тэмдэглэл нь байх ёстой.

"Хүрээ" амаржих газрын тухайд 2000 оноос хойш хэсэгчилж, нийт гурван удаа хувь иргэнд шилжсэн байдаг. Тухай бүрд нь шүүх дээр маргаан үүсгэж, улс газрыг эргүүлж авах шийдвэр, тогтоол гарсан ч хэрэгжилт огт байгаагүй. Энэ бүхэн авлигажсан албан тушаалтнуудтай холбоотой. Дээд шүүхийн шийдвэр, бусад холбогдох бүх баримтны хуулбар бий.

Тиймээс ахмад эмч миний бие төлөөлж энэ асуудлын төлөө, төрөх эмнэлгийнхээ газрыг авахаар амаржихын эмч, ажилчидтайгаа нэгдэж ажиллаж байна. Иргэн Г.Баттүшигт олгосон гэх газар бол 100 хувь хууль зөрчиж, стандарт хангахгүй нөхцөлөөр олгогдсон. Тиймээс асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан. Цаашид хотын стандартыг хамгийн ихээр ярьдаг хэрнээ хэрэгжүүлдэггүй Шадар сайд С.Амарайханд ч энэ асуудлаар хандана.

Амаржих газрын онцгой бүсэд хууль бусаар архитектур төлөвлөгөө гаргуулж, эрх мэдлээрээ далайлгаж, эмнэлгийн газраас хэсэгчилж авсан этгээдэд хариуцлага тооцож, газрыг улс мэдэлдээ авах нь зүйн хэрэг.

Хотын стандартаар бол барилгын эзэмшлийн талбайн 20-иос дээш хувьд ногоон байгууламж байх ёстой. Эмнэлгийн онцгой бүсэд ногоон байгууламжийн хэсэг бүр ч их байх шаардлагатай. Хотын А бүс дэх төрөх эмнэлгээ газаргүй болгож байгаадаа тушаал, шийдвэрийг нь гаргасан хүмүүс ичих хэрэгтэй. Хэрэв амаржих эмнэлгийн газарт хувь иргэний эзэмшлийн барилга, зогсоол баригдаж эхлэх л юм бол амаржихын эмч, ахмад ажилчид талбайд суулт зарлахад бэлэн байна. Амаржихын орчны агаар цэвэр байх ёстой байтал 400 автомашины зогсоол, үйлчилгээний зориулалттай орон сууц барина гэдэг харамсалтай. А бүс дэх газрыг бага багаар нь хувьчилж бизнес хийдэг нөхдүүдийн эхнэр төрдөггүй мэт авир гаргаж байгаад харамсч байна.

ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРТ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ БОЛОН ХОЛБОГДОХ ДҮРЭМ ЖУРАМ ЗӨРЧСӨН БҮХ БАРИМТЫГ ХҮРГҮҮЛНЭ

Амаржих газрын удирдлагууд өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатарт холбогдох газрын маргаанд хамаарах бүхий л баримт бичгийн хуулбарыг хүргүүлж байгаа аж. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан түүний хувьд асуудалд арай ул суурьтай хандаж, төрөх эмнэлгийн газрын улсад үлдээж өгөх байх гэсэн итгэл үнэмшилтэй байгаагаа эмч нар хэлж байлаа. Амаржихынхан чадлаараа тэмцэж, эвээр асуудлыг шийдэхийг хичээсэн ч зөвшөөрөлтэй гэхээс өөр тайлбар хэлдэггүй иргэн хэдийнэ дулааны шугам сүлжээг гаргах ажлыг эхлүүлсэн байна. Биднийг очиход эмнэлгийн шинэ дулааны шугам сүлжээний ажил хийгдсэн байлаа. Эмнэлгийн барилга дээр ажилчид байгаагаас гадна эзэмшлийн гэх бүсдээ үйл ажиллагаа эхлүүлэх хувь иргэний талаас өөрийн газраас эмнэлгийн дулааны сүлжээг гаргахаар бэлтгэсэн байна. Гэхдээ цаг агаар хүйтэрсэн учир Дулааны шугам сүлжээнээс боломжгүй гэх хариулт өгчээ. Ямартай ч үндсэн барилгын суурь ухагдахаас өмнө эмнэлгийн газрыг амаржихад нь үлдээхэд холбогдох эрх бүхий хүмүүс анхаарах бизээ.

Бид дараагийн хэсэгт 2000 оноос хойш дуудлага худалдаагаар амаржихын газрыг худалдаж авч, гурван удаа эзэмшил шилжүүлсэн талаар тухайн компаниудтай холбогдож, он, дараалалтай мэдээллийг нэгтгэн хүргэнэ.

Мөн зөвшөөрөл олгосон үе, үеийн эрх бүхий дарга нарын зөвшөөрлийн бичиг, төрөх эмнэлгийн газрын хувьд шилжүүлсэн газрыг улсын өмч болгох шийдвэр зэрэг шүүхийн шийдвэр бусад баримттай сурвалжлан дахин мэдээлнэ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж