АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Лхагва гаригт Израильд айлчилна. Тэрбээр Израилийг тууштай дэмжиж буйгаа илэрхийлэхээр дайны цаг үеийн ер бусын айлчлалыг хийх болжээ. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху өнгөрсөн амралтын өдрүүдэд Байденыг эх орондоо айлчлахыг урьсан байна. Даваа гаригт энэхүү айлчалын талаар үндэсний аюулгүй байдал болон тагнуулын албан тушаалтнууд долоон цагийн турш зөвлөлдсөний эцэст мэдэгдэл хийжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен амралтын өдрүүдэд Газын зурваст айлчилсан. Тэрбээр Байдены айлчлалын талаар зарлахдаа "АНУ, Израиль хоёр хандивлагч орнууд болон бусад байгууллагын хүмүүнлэгийн тусламжийг Газын зурваст хүргэх төлөвлөгөө боловсруулахаар тохиролцсон" гэжээ.
Блинкенийг айлчлах үеэр агаарын довтолгооноос хамгаалах дуут дохио дуугарснаар тэд хоргодох байранд орохоос өөр аргагүй болжээ. Энэ үйл явдал нь Израильд айлчлах ямар эрсдэлтэй болохыг харуулсан юм. Цагаан ордны албан тушаалтнууд ерөнхийлөгчийн эрсдэлийг сайтар нягталж үзсэн байна. Газын зурваст нэвтрэх цорын ганц боломжит зам болох Египетийн Рафах гарц хаалттай байсан. Байдены айлчлалаас өмнө уг гарцыг нээсэн эсэх тодорхойгүй байна.
Жо Байден Израилиас гадна Иорданд айлчилна. Энэ айлчлалаар тэр Иорданы хаан II Абдулла, Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси, Палестины засгийн газрын тэргүүн Махмуд Аббас нартай уулзах аж.
Байдены айлчлал нь Иран, Хезболла бүлэглэл гэх мэт бүс нутаг дахь бусад тоглогчид ч бас анхааруулга хүргэх бэлгэ тэмдгийн зорилготой. "Байдены айлчлал бүхэл Ойрхи Дорнодын хувьд стратегийн ач холбогдолтой. Яг одоо бид Газын зурваст анхаарлаа хандуулж, дайнд бэлтгэх алхмуудад анхаарлаа хандуулж байна. Ингэж байж бид ахиц дэвшил гаргах болно" гэж Израилийн армийн захирагч Даниел Хагари хэллээ.
Эх сурвалж: CNN