АН-д хэрэггүй “ХӨХ ТУГ”

Хуучирсан мэдээ: 2023.10.17-нд нийтлэгдсэн

АН-д хэрэггүй “ХӨХ ТУГ”

АН-д хэрэггүй “ХӨХ ТУГ”

У.Хүрэлсүх, З.Энхболд хоёрт мад тавиулж, Монголын улс төрөөс явсан Х.Баттулга “сomeback" хийхийн тулд хүч, хөрөнгө багагүй хаях болсон. Тэрбээр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт томилолтоор ажиллахтай зэрэгцээд “Хөх Монголын хөх туг" акцийг хөдөөгүүр зохион байгуулсан юм.

Хэдийгээр нүүрсний хэргийн гол сэжигтнээр орон даяар зарлагдаж, /АТГ-аас зарласан 17 улстөрчийн нэг/ мухар төмөр зам тавьсан буруутнаар нэрлэгдэж буй ч тэрбээр тийм ч амархан тэтгэвэртээ суучихгүй нь. Самбо бөхийн тамирчнаас улсын Төрийн тэргүүн хүртэл болж үзсэн тэрбээр МоАХ гэх халаасны улс төрийн байгууллага, барьж яваа “Хөх туг” хоёроо ашиглаад ирэх онд “тугал хариулахгүй, туг барина л” гэж тооцчихсон, сценарийг нь эртнээс найруулчихсан яваа нь гарцаагүй. Улстөрч хүнд, тэр тусмаа Х.Баттулгад зорилгогүй үг, үйлдэл гэж байдаггүй.

Төмөр замын хэргийн яллагдагчаас Төрийн ордны “эзэн” болсон түүхэн замналыг нь бодсон ч, хувь хүнийх нь характер, харизмыг нь тооцсон ч Х.Баттулга бол яах аргагүй, АН, МАН-ын толгойны өвчин тэр тусмаа Л.Оюун-Эрдэнийн хамгийн том өрсөлдөгчийн нэг мөн.

1.

Цахим худалдаанд 15 мянгын үнэтэй, Францын дорно дахиныг судлаач, зохиолч, аялагч Давид Леон Кахуны монголчуудын түүхээс сэдэвлэн бичсэн “Хөх Монголын хөх туг” романыг мэдээж Х.Баттулга уншаагүй байх. Угаасаа ч юм уншдаг хүн биш. Тиймдээ  2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд “Ерөнхийлөгчийг нэг удаа, зургаан жилээр томилох заалтыг 2025 оноос хэрэгжүүлнэ” гэснийг дөрвөн жилээр наашлуулсныг мэдээгүй өнгөрсөн байдаг. Мэдсэн бол тэрбээр төрийн тийрэн болж, ордонд түйрэн тавих байсан нь лав, тээр сүүлд нь МАН-ыг тараана гэж төв талбайг түйвээх шахсан нь бодит үнэн, болсон явдал билээ. Үндсэндээ “Монголын улс төрөөс түүнийг зайлсанд баярлах” хүн ганц Ц.Нямдоржоор тогтоогүй ч юм.

Хэрэвзээ, түүнийг Монголын улс төрөөс  зайлуулаагүй бол Монгол дараагийн Беларусь, Х.Баттулга дараагийн Лукашенко болчихсон байж ч мэднэ.

Наанаа “Монгол ялна” гэх түүний пропагандаа цаанаа тэр чигтээ л  Монголыг ялуулахын эсрэг байсан нь батлагдсан. З.Энхболд, Л.Эрдэнэчимэг нартай нийлж Тавантолгойн төслийг гацаасан нь гадны /Оросын/ захиалга байсныг захын чавганц  өдгөө гадарладаг болжээ. Түүний улс төрийг давж чадалгүй унасан Тавантолгойн ордод гадаадын хөрөнгө оруулалтыг татсан бол дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шууд орж ирэх байсан, мөн өнгөрсөн хугацаанд төмөр замгүйгээс болоод 80 их наяд төгрөг салхинд хийссэнийг М.Энхсайхан ч, Л.Оюун-Эрдэнэ ч хэлдэг, ярьдаг.

Харамсалтай нь, төрийн өмчид “Эрдэнэс Тавантолгой”-д 40 их наядын хулгай нүүрлэсэн, нүүрсний мафийн гол эзнээр тэрбээр нэрлэгдэж яваа.

2.

 “Нохой зассан хүндээ янаг”  гэгчээр АН-ын дарга нар “Хөх Монголын хөх туг” манай аян гэж Х.Баттулгад тал засч сууна. Гэвчиг, тэнэг хүн ч “Хөх Монголын хөх туг” бол Х.Баттулгын Л.Оюун-Эрдэнийн сууж буй суудалд санаархсан улс төрийн акц болохыг андахгүй гадарлахтайгаа.

Хэдийгээр Үндсэн хуульд зааснаар Х.Баттулга Ерөнхийлөгч болох боломжгүй ч Ерөнхий сайдын суудалд суух эрх нь нээлттэй. Тэгээд ч энэ намрын чуулганаар Ерөнхийлөгчийн тухай болон Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах юм бол Төрийн тэргүүн зөвхөн бэлгэ тэмдэг болж үлдэнэ гэсэн үг. Тиймээс Ерөнхий сайдын суудлыг Х.Баттулга эртнээс горилж буй, чухам энэ шалтгаанаар МоАХ-г нам болгох тухай сэвж буй нь түүний мөрөөдлийнх нь нэг хэсэг. Х.Баттулгын рейтинг өссөн, МоАХ нам болбол АН-д ашиггүй гэдэг үнэндээ ээлжит нэгэн зохиол нь. Женко гэдэг чинь жинхэнэ мафийн толгойлогч, хар зохиолын хаан шүү дээ.

Ерөнхийлөгчийн суудлаасаа буухаас өмнө Монгол Улсын баатар цолоор шагнасан МоАХ-ны хэргийг тэр одоо л гаргана. Цэргийг мянган өдөр тэжээж нэг өдөр хэрэглэдэг гэдэг.

Тэр хүртэл АН-ыг гаднаас нь ч, дотроос нь ч хагалан бутаргах байх. Түүний ганц айдас нь АН дахь С.Баярцогтын “сomeback". Женкод байхгүй нэг юм С.Баярцогтод бий, тэр нь мэдлэг боловсрол. Тиймээс боловсролтой монгол хүнд Женко, Орос хоёр дургүй байдаг нь бас үнэн. Учир нь, Монгол ядуу, монголчууд боловсролгүй байх тусмаа тэдэнд сайн.

3.

Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгчээр Х.Баттулгаас АН-ынхан ч, МАН-ынхан ч айж байгаа. Өнөө ч АН дотор түүнийг “загалмайлсан эцэг” гэж хардаг, уяаны нохой шиг улс төрд нь гүйдэг залуус АН-д цөөнгүй. МАН дотор ч Х.Баттулга хайр зарладаг “хар масс” бий.  Х.Баттулгын хүч, нөлөөгөөр албан тушаалд очсон Ардын намынхан өнөөдөр түүний Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төрийн сан,төмөр замын луйврыг нь шалгаж чадахгүй л явна.

“Хөх Монголын хөх туг” АН-ынхны хэлээд байгаа шиг аян биш, Х.Баттулгын улс төрд эргэн ирэх замыг засах акц нь худлаа биш шүү дээ.С.Ганбаатар, А.Адъяасүрэн хоёрыг дагуулаад Х.Баттулга зүгээр ч нэг орон нутгийг зориогүй. Улс төрд эргэж ирэх хөрс, масс хоёроо бэлдэж яваа хэрэг. Харамсалтай нь, Х.Баттулга эргэн ирэх нь МАН-д, Монголд ч муу. Тэр Гитлер, Сталины сүнсийг босгож мэдэх учраас.
Тэр тусмаа Х.Баттулгатай АН сонгуульд ялж байснаас бараг ялаагүй нь дээр. Үндсэндээ энэ нь, Ардчилсан нам ороо, жороогоор ялгараад явах цаг болсон гэсэн үг. Үсрээд С.Ганбааатар явна биз. Их сайндаа л, П.Галиндэв нь дагаад зайлна биз. Х.Баттулгыг дагаад явбал ордон биш шорон угтдаг болохыг олон нийт бол аль хэдийнэ ойлгочихсон.

Алийн болгон АН-ынхан Х.Баттулгаас айж суух билээ.  Өөрсдийг нь "өвдөг шороодуулж" мэдэх “Хөх туг”-ийг хөсөр хаясан нь дээр. Тэгээд “Алтан улиасыг минь хуга мөргөдөг эвэр чинь аль вэ? Аравгар өдийг минь зулгаах сарвуу чинь аль вэ” гээд сууж байх ёстой юм шүү дээ, уг нь. Даанч Женкогийн өөдөөс ингэж хэлж чадах цөстэй хүн АН-д бий бил үү?!

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж