Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны дэлхийн аваргад болон 2027 оны Азийн цомд оролцох эрхийн төлөөх тун чухал тоглолтыг өнөөдөр/2023.10.17/ 15.00 цагаас Афганистаны эсрэг Улаанбаатар хотноо хийх гэж байна. Хоёр багийн эхний тоглолт Тажикстанд болж, Афганистаны шигшээ баг Ахадигийн гоолын ачаар 1-0 гэсэн харьцаатай ялалт байгуулсан. Тэгвэл өнөөдөр хэн нь дараагийн шатанд шалгарах вэ гэдгээ үзэх гэж байна.
Монголын шигшээ багт зөвхөн ялалт л хэрэгтэй.
Эхний тоглолт Монголын шигшээд тун гарзтай болж өнгөрсөн. Тодруулбал, багийн ахлагч, дундын шугамын ноён нуруу Х.Цэнд-Аюуш улаан хуудас хүртсэнээр энэ удаагийн тоглолтыг өнжихөөр болсон юм. Түүний талаар шигшээ багийн ахлагч Ичиро Оцүка ярихдаа “Х.Цэнд-Аюуш бол бидний зүрх, гол тоглогчдын нэг хэдий ч түүнийг нөхөх боломжтой, чадалтай тоглогчид бий” гэв.
Харин Афганистаны шигшээ багийн дасгалжуулагч Абдулла Альмутаири юу ч дуусаагүй байгаа гэдгийг сануулж, Чингис өлгий нутагт бүх зүйл шийдэгдэнэ гэсэн юм. Тэрбээр “Тажикстанд ердөө нэг хувь л шийдэгдсэн. Харин энд үлдсэн 99 хувь нь шийдэгдэнэ. Афганистанд хүн бүр л бүх зүйл дууссан юм шиг баярлаж байна” гэжээ.
Холбоотой мэдээ