Мега төслүүдийг эргэцүүлэх нь

Мега төслүүдийг эргэцүүлэх нь

Мега төслүүдийг эргэцүүлэх нь
ХИЙН ХООЛОЙ
2023 оны гуравдугаар сарын 21-23-нд Москва хотноо Хятадын тэргүүн Ши Жи Пин айлчилж, Оросын тэргүүн В.Путинтай уулзлаа. Дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсыг холбосон хийн хоолойн  шугамын төслийг хэрэгжүүлэх тухай мэдэгдэв. Монголоор дайрна гэв. Гэтэл тусгаар Монгол Улсын нутаг дэвсгэрийг ашиглаж байгаа боловч нөгөө Монгол Улсын төлөөлөл харагдсангүй. Хийн хоолойг тойрсон яриа хэлэлцээ явагдах бүрт нэгэн сонин дүр зураг ажиглагддаг нь зүй тогтол болоод буй. Манай төрийн тэргүүн У.Хүрэлсүх В.Путинтай уулзах үеэр хийн хоолойн тухай ярьдаг. Орос зөвшөөрлөө гэдэг. Гэтэл Хятадын удирдагч байдаггүй. Миний бие олон удаагийн Дээд хэмжээний уулзалтад Монголын төрийн тэргүүн нарыг дагалдан оролцох үеэр ажигласан зүйл бол хийн хоолойн асуудалд БНХАУ-ын тал эцсийн хариугаа өгдөггүй л байсан. Саяхан С.Баяр өөрийн твиттер хуудаснаа түүнийг Элчин сайд байх үед л (2001-2005 онд) энэ төслийг дэмжиж ирсэн, гэвч одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн тухай жиргэсэн байна билээ. Ямар ч атугай олон жил яригдсан хийн хоолойн асуудлыг хоёр хөрш маань бодит болгох тал дээр тохирох төлөвтэй.
Сануулахад
“Сибирийн хүч – 2” нь Сибирийн байгалийн хийн орд газруудыг Хятадын Шиньжаан-Уйгарын бүс нутагтай холбох хийн хоолойн шугамын төсөл юм. Хятадын өөрийнх нь дотоодын “Өрнө-Дорнод” хийн хоолойн шугамтай холбогдож улмаар Шанхайд хүрэх юм. Төлөвлөж буй хийн хоолойн урт нь 6700 км ба үүнээс 2700 нь Оросын нутаг дэвсгэрээр дамжина. Тус шугамын хийн нөөцийн эх үүсвэр нь Чаяндины их хэмжээний шинэ орд, 2022 оноос түүнээс илүү их нөөцтэй Ковыктины орд аж. Төслийн урьдчилсан өртөг  10-13.6 тэрбум доллар.
Төслийн түүх. 
2006 оны хавар В.Путин БНХАУ-д айлчлах үеэр 2011 онд экспортын хийн хоолойн шугамыг тус улсад барьж тус шугамаар алсдаа жилд 80 тэрбум м³ байгалийн хийг тээвэрлэх тухай мэдэгдсэн. Түүний хэлсэнчлэн Хятад руу хоёр чиглэлээр буюу Баруун болон Зүүн Сибирээс хийн шугам тавигдана гэжээ. 2008 оны 10 сард оросын хэвлэлүүдээр ОХУ-ын Эрчим хүчний яамнаас (ЭХЯ) түгээсэн гэх албан ёсны мэдээллийг үндэслэн өрсөлдөх чадваргүй бөгөөд эдийн засгийн үр ашиггүйг харгалзан “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төслийг “ОХУ-ын 2030 он хүртэлх хийн салбарын хөгжлийн Ерөнхий бүдүүвч”-ээс хасагдсан гэсэн мэдээллүүд их хэмжээгээр цацагдсан. Үүнтэй холбоотой  тус яамнаас иймэрхүү албан ёсны мэдээлэл гаргаж байгаагүй гэдгээ илэрхийлж, харин “ОХУ-ын 2030 он хүртэлх хийн салбарын хөгжлийн Ерөнхий бүдүүвч” нь боловсруулалтын шатанд явж буй бөгөөд Газпром болон ЭХЯ ТЭЗҮ гарсны дараа төслийн талаарх эцсийн шийдвэр гаргана гэсэн мэдэгдэл хийсэн.
2014 оны 11 сард Бээжин хотноо болсон Ази Номхон Далайн Эдийн засгийн нийгэмлэгийн (АТЭС) Дээд түвшний уулзалтын үеэр “Сибирийн хүч”-ийн зүүн чиглэлээр Хятадад хий нийлүүлэх тухай 2014 оны 5 сард байгуулсан гэрээний хүрээнд Санамж бичиг байгуулж “Сибирийн хүч-2” баруун чиглэлийн хүчин чадлыг ашиглан нийлүүлэлтийг 2 дахин нэмэгдүүлэхээр болсон.
2020 оны 2 сард Казахстаны Эрчим хүчний сайд Нуран Ногаев “Сибирийн хүч-2” хийн хоолойн шугамыг өөрсдийн нутаг дэвсгэрээр дамжуулж цаашид Хятадын “Өрнө-Дорнод” хийн хоолойн системд холбогдох тухай сонирхож буйг илэрхийлсэн. Яг энэ үед Оросын Эрчим хүчний сайд А.Новак “Сибирийн хүч-2” чиглэлийг Монголоор дамжих боломжийг судлаж буйгаа мэдэгдсэн.
2021 оны 12 сард ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар жилд 50 тэрбум м³ хүчин чадалтай энэхүү төслийг хэлэлцжээ.
Монголоор дамжих чиглэл “Союз Восток”. 
Энэ нь “Сибирийн хүч-2”-ын баруун Хятад руу Монголын нутаг дэвсгээрээр дамжин тавигдах хийн хоолойн чиглэлийн үргэлжлэл юм. Энэхүү төслийг “Газпром” 2020 оны 5 сарын 18-нд эхэлсэн. Түүний урт нь 960.5 км, хүчин чадал нь жилд 50 тэрбум м³ хий. Шугамын зураглалыг зохицуулсан. 2021 оны 4 сард барилгын төслийн ТЭЗ-ийн дүн шинжилгээ батлагдсан.
Эдгээр эдийн засгийн үйл явдлуудтай зэрэгцээд дэлхий ертөнцөд юу өрнөв.
КАЗАХСТАН
Хятад-Оросыг холбох транзит шугамын хувьд манай улсын гол өрсөлдөгч нь яах аргагүй Казахстан. Энэхүү улсын хувьд хэдийгээр тусгаар тогтнолоо олоод удаагүй ч гадны хөрөнгө оруулагчдыг богино хугацаанд татаж үсрэнгүй хөгжиж чадсан нь ч үнэн. Үүний гол “гавьяа” үндсэндээ авторитар буюу Н.Назарбаевын засаглалтай шууд холбоотой. 30 орчим жил энэ хүний удирдлага дор Казахстан улс төвхнөхдөө Сингапурын туршлагыг чамгүй хуулбарласан. Энэ нь юуны өмнө гадны хөрөнгө оруулагчдыг ихээр татаж чадсан, улс төрийн тогтвортой байдал буюу засаг солигдохгүй байсан нь хөрөнгө оруулагчдын хамгийн их олзуурхдаг зүйл болох эрх зүйн таатай орчин бий болсныг тэмдэглэх хэрэгтэй.
Гэвч асар их байгалийн баялагтай тус улсын тэргүүн Н.Назарбаевын клан дэлхийн тэрбумтнуудын зиндаанд очиж, өөрөө амьд сэрүүндээ улсынхаа нийслэлийг өөрийн нэрээр өргөмжилсөн  хэдий ч нийт иргэдээ чинээлэг түвшинд хүргээгүй юм.
Тиймээс ч 2019 онд эрх мэдлээ хэлбэр төдий Касым-Жомарт Токаевт шилжүүлээд насан турш Ли Куан Ю шиг улсынхаа ментор болох гэсэн түүний санаархал талаар болсныг бид 2019 оны төгсгөлөөс эхэлсэн жагсаал, үймээнээс харж болно. Энэ үеэс эхлэн хорь орчим жил манай талаас нефть болон хийн хоолойг Монголоор дамжуулахыг Оросоос гуйж ирсэн явдлыг  Кремль эргэцүүлэн харсан нь дээр өгүүлсэн Газпромын 2020 оны 5 сарын 18-ны өдрийн шийдвэр болов уу.
2022 оны 1-р сарын Казахстаны үйл явдлууд Оросын талын байр суурийг улам бататгасан бололтой. Тус улсад Онц байдал тогтоох хүртэл хүргэсэн үймээн самуун Казахстаны эрх баригчдыг нэн хүнд байдалд оруулсан. Оросоос цэргийн тусламж гуйсан К.Ж.Токаев байр сууриндаа үлдсэн төдийгүй Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулснаар улам бэхжүүлж авсан хэрнээ үйл явдлын хэдхэн сарын дараа НҮБ-ын чуулганд Оросын түрэмгийлэлийг буруушаасан  нь тус улсад гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тооцоолсон нь гарцаагүй.
2022 оны 2 сарын 24-нд ОХУ Украин руу довтлов. Дайн эхэлсний маргааш буюу 2022 оны 1 сарын 25-нд Монголд Шадар сайд С.Амарсайхан “Газпром-ын ТУЗ-ийн дарга А.Миллер нар “Союз Восток” хийн хоолойн ТЭЗҮ-г дууссан гэж үзэж протоколд үзэглэсэн.
2022 оны есдүгээр сард ОХУ-ын Шадар сайд А.Новак (хуучин Эрчим хүчний сайд байсан) “Умардын урсгал-2”-ыг үндсэндээ “Сибирийн хүч-2” орлох боломжтой мөн Хятадтай тохирох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн байна.
ДАЙН ЭХЭЛСНЭЭС ХОЙШХИ ЭНЭ ХУГАЦААНД ДЭЛХИЙД ЯМАР ҮЙЛ ЯВДЛУУД ӨРНӨВ?
Энд би ганцхан жишээг л өрнөдийн хэвлэлүүдээс авсан мэдээлэл дээр үндэслэн дурьдая. Оросоос 55 хувь байгалийн хий, 50 хувь чулуун нүүрс, 35 хувь түүхий нефть худалдан авдаг Герман Кремлийн байгалийн хийн шантажинд автсангүй. Нэг жилийн дотор энэхүү эрчим хүчний хамаарлаа 0 хувь болгосон германы “гайхамшиг”-ийн талаар  дэлхий шуугиж байна. В.Путин Берлины улс төрчдийн шийдэмгий байдал, Германы санхүүгийн хүч чадал, бизнесийн уян хатан чанар, иргэдийх нь сахилга, ухамсар, хариуцлагыг дутуу үнэлсэн ажээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа нурангаас боссон Германы эдийн засгийг тэр улсын эдийн засгийн гайхамшиг хэмээдэг. Тэгвэл “Германы эдийн засгийн гайхамшиг-2” хэмээн тус улсын эрчим хүчний салбарт 2022 онд гарсан эрс шинэчлэл өөрчлөлтийг хэлэх бизээ.  Ялангуяа, байгалийн хийн салбарыг онцлох хэрэгтэй. Далайгаар нефть, нүүрсийг тээвэрлэхдээ нэг орноос бус өөр улстай нийлүүлэлтээ хийх нь хэвийн үзэгдэл.
Харин хэдэн арван жилээр газар зүйн хувьд хамгийн дөт замыг сонгон байгуулсан хийн хоолойн бүхэл бүтэн системийг маш богино буюу хэдхэн сарын хугацаанд өөрчлөх гэдэг нь санаанд багтамгүй зүйл байлаа.
ХБНГУ-ын Эдийн засгийн сайд Роберт Хабек (Robert Habeck)  Оросын түрэмгийлэл болсны хэдэн долоо хоногийн дараа Германыг 2024 оны эхний хагас жил гэхэд Оросын хийгээс хамаарахаа бүрэн зогсооно хэмээн мэдэгдэхэд нь ийм төсөөлөл бодит бус мэт санагдаж байв. Тэгэх тусам Москва бүр итгээгүй нь оросын хямд хийн хэрэглээнд дассан хүн ам, эдийн засаг нь тэсэхгүй учир бага багаар нийлүүлэлтээ багасгаж, бүрэн зогсоох хүртэл арга хэмжээ авна хэмээн “сүрдүүлж” Берлинд улс төрийн шахалт дарамт үзүүлсэн явдлаар илэрсэн хэмээн өрнөдийн судлаачид үзэж байгаа юм. Кремлийн улс төрийн алдаатай шийдвэр нь Газпромын хувьд хамгийн гол худалдан авагч Германыг бүрмөсөн алдсанд хүргэжээ. Хийн хоолойгоор борлуулдаг Газпромын экспортын байгалийн хийн дөрөвний нэгийг Герман улс дангаар бүрдүүлдэг байсан юм. 2022 оны 6 дугаар сарын дунд үе гэхэд Кремль энэ талаар зүүдлээ ч үгүй байхад Герман 8 сарын 31-ний өдрөөс эхлэн Газпромын нийлүүлдэг хийг бүрэн зогсоов.   Дашрамд,  Siemens Energy компаний турбинуудын эвдрэлтэй холбоотой хэмээн шалтаглаж “Умардын урсгал”-аар нийлүүлдэг байсан хийг Газпром 60 хувь багасгасан нь цаг хугацааны хувьд ХБНГУ-ын канцлер Олаф Шольц (Olaf Scholz) Киевд айлчилж, Украиныг ЕХ-нд элсэх нэр дэвшигчийн статус олгосныг зарласантай таардаг.
Долдугаар сард хийн хоолойг 10 хоногийн засварт оруулна хэмээн хаагаад, нийлүүлэлтээ 80 хувиар багасгажээ. Наймдугаар сарын сүүлээр дахин засвартай хэмээж үүнээс хойш нийлүүлэлт хийгээгүй байна.
Гэтэл намар гэхэд Герман хийн хадгаламжаа 100 хувь дүүргэжээ. Олон шинжээч, улс төрчдийн зөгнөсөн Европ, түүний дотор Оросоос эрчим хүчний хамгийн их хамааралтай байсан Герман 2022 оны өвлийг давж чадахгүй ”хөлдөнө” гэсэн таамаглал биелэлээ олсонгүй. Энэхүү гайхамшгийг хэрхэн бий болгов? Өнгөрсөн жилийн хавар  ЕХ-оос оросын нүүрсэд хориг тавих (8 сарын 10-аас хэрэгжсэн), далайгаар нефть тээвэрлэж нийлүүлэх хориг (2022 оны 12 сарын 5-аас хэрэгжсэн)-ийг дөнгөж хэлэлцэж эхлэж байх үед профессор Рюдигер Бахман (Rüdiger BachmannГазпромын бүтээгдэхүүнээс татгалзах боломжтой хувилбар, тооцоог танилцуулжээ. Гэвч Германы ЗГ иргэд болон бизнесийнхний дургүйцлээс болгоомжилж эрсдэл хийгээгүй аж. Гэхдээ 2 сарын 27-ны өдөр буюу Орос Украин руу довтолсны гурав хоногийн дараа канцлер Олаф Шольц өөрийн алдарт “Эрин үе солигдов” хэмээх үгэндээ Германд БШХ (байгалийн шингэрүүлсэн хий) авах хоёр терминал барих тухайгаа мэдэгдсэн. Энэ үед Герман нь Оросоос хийн хоолойгоор байгалийн хий авдаг байсан тул өөрийн нутаг дэвсгэрт БШХ хүлээн авах дэд бүтэцгүй  ЕХ-ны нөлөө бүхий том орнуудаас цорын ганц орон байсан юм. Тиймээс үтэр түргэн төрийн төсвөөс санхүүжүүлж 5 БШХ – терминалуудыг барьж эхэлжээ. Берлин үйл явцыг хурдасгахын тулд бэлэн хөвдөг үйлдвэрүүд буюу хий боловсруулах хөлөг онгоцуудыг урт хугацааны түрээсэнд авчээ. Германд иймэрхүү дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд олон жил үргэлжилдэг зөвшөөрлийн систем үйлчилж ирснийг өөрчилж тусгай хууль гаргасан явдал  германы гайхамшгийн амин сүнс юм.
Түүнчлэн эрчим хүчний бүхий л хэмнэлтийг хийж, төр засгийн шийдвэрээ дэмжсэн германы иргэдийн ухамсар, сахилга, хариуцлагыг магтан дуулахаас өөрцгүй.
МОНГОЛ ДАХЬ ХИЙН ХООЛОЙ
“Financial Times” сонинд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярилцлага өгөхдөө 2024 онд барилгын ажлыг эхлүүлнэ хэмээн мэдэгдсэн. Урьдчилсан төслийн дагуу “Сибирийн хүч-2” хийн хоолойг байгалийн парк – Укок хэмээх өндөр уулын бэлээр дамжуулах гэж байгаа нь ихээхэн шүүмжлэл дагуулж буй. Укок нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн газар бөгөөд алтайчуудын хувьд онгон дагшин газар нь юм. Эрдэмтдийн үзэж буйгаар эдгээр газрын давтагдашгүй байгаль-түүхэн цогцолборыг эвдэж сүйтгэх юм. Тухайлбал,
  • Мөнх цэвдэг бүхий хөрстэй газрууд ихээхэн таарч байгаа нь хөрсний эвдрэлд хүргэж хөрсний суулт (термокарст)-ын үйл явцыг хүчтэй болгоно
  • Хоолой тавих шугамны зарим хэсэг 8-9 магнитудын газар хөдлөлтийн бүсийг дайрч өнгөрч буй тул өрөмдлөг нь сейсмотектоник явцыг тогтворгүй болгоно
  • Шугамыг дагалдан хөрс-ургамлын бүрхүүл тэр чигээрээ үгүй болно. Укокийн хатуу ширүүн уур амьсгалын нөхцөлд биологийн юмсын эргэлт удааширсан байдаг тул байгалийн нөхөн төлжилт ихээхэн цаг хугацааг шаардана.
Йелийн их сургуулийн профессор Жефри Зонненфельд DW телевизд өгсөн ярилцлагадаа Орос Украины дайнаас улбаалж Европын Холбоо 87 хувь ОХУ-аас байгалийн хийг “Умардын урсгал” хийн хоолойгоор худалдан авдаг байсан бол одоо БШХ-г ашиглаж эхэлсэн тул байгалийн хийн хоолойг үндсэндээ хэрэгцээгүй болгосон тухай өгүүлжээ. Тэгээд ч өрнөдийн санкцид орсон улсын хувьд ойрын 6 жил ямар нэгэн байгалийн хийн хоолой барих техник, технологи байхгүй хэмээн хэлжээ.
Монгол түмнийг баярлуулсан нэгэн мэдээ бий. Австралийн Засгийн газрын техникийн туслалцааны хүрээнд 7.4 триллион куб метр метан хийн баялаг манайд тогтоогдсон. Бидэнд өөрсдийн нутаг дэвсгэрээр хийн хоолой дамжуулах гэх төслийг зогсоох цаг нь болжээ.
Монголын эрх баригчид нэг л зүйлийг ойлгоосой билээ. Дэлхий ертөнц асар хурдтай өөрчлөгдөж байна. Украинд дайны гал дүрэлзэж тус бүс нутагт энх тайван тогтоогүй байхад Ойрхи Дорнодод тэсрэлт боллоо.
Израиль улсын хувьд 1948 оны тавдугаар сарын 14-нд байгуулагдаж, маргааш нь буюу тавдугаар сарын 15-нд арабын таван улс дайрч довтлон 1949 онд НҮБ-ын гишүүн 59 дэх улс болсноос хойш 1978 оны Кэмп Дэвид дэх энхийн хэлэлцээ хүртэл бүхий л цаг хугацаанд үндсэндээ дайны нөхцөлд байсан энэ улс Палестины өөртөө засах автономийг бий болгож үүнээс хойш хэдий энх тайвнаар зэрэгцэн оршиж байгаа ч террорист халдлагад байнга өртөж улмаар 2002 онд Газын зурваст Хана босгосон зэргээр энэ бүс нутагт болж буй үйл явдлыг бичвэл тусдаа нийтлэл болно. Тиймээс товчоор хэлье: энэ бүс нутагт дайн болж байна.
Төв Азийн 5 улс: Узбекстан, Казахстан, Туркменстан, Тажикстан, Киргизстан эдгээрт сүүлийн хэдэн жил нэмэх нь 1 гэсэн үйл явц хүчтэй өрнөж байна. ТА-ийн 5+ АНУ, эсхүл ТА-ийн 5+ЕХ, ТА-ийн 5+БНХАУ. Энэ бүс нутагт Хятадын нөлөө маш их, учир нь дэд бүтэц, уул уурхайн салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, гэтэл Хятад-АНУ-ын худалдааны дайн үргэлжилсэн хэвээр, Оросын хямд байгалийн хий, нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтийг зогсоосон ЕХ эдгээр 5 улстай харилцаагаа шинэ түвшинд гаргах эрмэлзэл, гэтэл ЗХУ-ын залгамжлагч ОХУ эдгээр улсыг өөрийн нөлөөллийн хүрээнээс алдахгүй байх хүсэл. Бас нэгэн том зөрчлийн бүс нутаг болчихвий гэсэн болгоомжлолыг олон улсын судлаачид тэмдэглэж буйг анхаарахгүй байж боломгүй.  Нэг үгээр дэлхийн шинэ дэг журам тогтоох, эрх ашгийн дахин хуваарилалт болох, эрчимтэй өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд Монгол хэрхэх вэ гэдэг нь үндэсний язгуур ашиг, тулгар төрийн тусгаар тогтнолын асуудалд хүрч буйг огоорч хэрхэвч болохгүй. Тиймээс хийн хоолой, усан цахилгаан станц, уран олборлолт зэрэг мега төслүүдийг эргэн харах, үндэсний хэмжээний зөвлөл байгуулж судалж, шийдвэрлэх эрх нь парламентад байх, дан ганц төрийн тэргүүн, дан ганц эрх баригч нам шийдэх асуудал биш юм. Гэхдээ энэ УИХ биш шүү.
БАНЗРАГЧИЙН ДЭЛГЭРМАА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж