Хойд Солонгос, Орос хооронд наймдугаар сарын дунд үеэс хойш Москвагийн хоёр хөлөг онгоц дор хаяж таван удаа нааш цааш явсныг хиймэл дагуулын зургаас тодорхой болгожээ. "Washington Post" сонинд бичсэнээр эдгээр хөлөг онгоцоор зэвсэг тээвэрлэсэн байж болзошгүй. Хөлөг онгоцууд Хойд Солонгосын зүүн хойд хэсгийн Нажин боомт, Оросын алс дорнодын Дунай боомт хооронд явсныг Лондонд төвтэй "Royal United Services Institute" мэдэгдэв.
Үүнээс өмнө өнгөрсөн Баасан гаригт АНУ-ын засгийн газар мөн ижил мэдэгдэл хийсэн. Тодруулбал, ОХУ сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд 1000 гаруй чингэлэг бүхий зэвсэг, сумыг Хойд Солонгосоос далайн тээврээр авчээ.
Тээвэрлэлт наймдугаар сарын дунд үе буюу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн Пёньян дахь айлчлалын дарааханаас эхэлсэн байна. Мөн тээвэрлэлт эхлээд сар орчмын дараа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Владивостокт айлчилсан билээ.
Оросын тугтай "MV Angara" гэх ганц л хөлөг онгоц есдүгээр сарын 7-ноос аравдугаар сарын 1-ний хооронд явсан гэж Цагаан ордон мэдэгдсэн. Харин "Washington Post" сонинд мэдээлснээр "MV Maria" нэртэй өөр хөлөг онгоц ч бас хиймэл дагуулын дуранд буужээ. Эдгээр хөлөг онгоц нь зэвсэг тээвэрлэсэн эсэх нь тодорхойгүй. Гэхдээ хөлөг онгоцууд Оросын цэргийн ложистикийн сүлжээтэй холбоотой гэж үзэж байна. Ажиллагааны өмнөхөн хоёр хөлөг онгоц автомат танилтын системээ унтраасныг мөн илрүүлжээ.
Дашрамд дурдахад, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв гаригт Хойд Солонгост айлчилна.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ