Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2023.10.17/ их, дээд сургуулийн эрэмбэ, чансааг анх удаа зарлалаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Бид алсын хараагаар олон улсын шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллагын тоог нэмэгдүүлнэ. Чанарыг дээшлүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр бүхий үндэсний судалгааны их сургуультай болсон байна гэдэг алсын хараатай. Сая батлагдсан Дээд боловсролын тухай хуулиар дээд сургуулийн үндэсний эрэмбэ чансаа хөтөлбөрийн чанарыг энэ хуулийн 12.13 заалтад заасан цахим сангийн мэдээлэлд үндэслэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний үнэлгээний байгууллагатай хамтран хоёр жил тутам хийж, олон нийтэд мэдээлнэ гэж тусгасан. Тийм учраас бидний үндсэн үнэлгээ ирэх хавар зарлагдана. Өнөөдөр зарлаж байгаа эрэмбэ чансаа бол урьдчилсан үнэлгээ гэдгийг хэлье. Бид тавдугаар сард Лондон хотод "Дэлхийн боловсролын сайд нарын чуулган"-д оролцох үеэрээ дэлхийн их дээд сургуулиудын эрэмбэ чансааг зарладаг "Times Higher Education" байгууллагын удирдлагуудтай уулзаж, манай улсын сургуулиудын дотоодын эрэмбэ чансааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Олон улсад нэр хүндтэй "Times Higher Education" байгууллага болон Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэнтэй хамтарч, өнөөдөр зарлаж байгаа урьдчилсан эрэмбийг гаргасан.
Өнгөрсөн хугацаанд намайг анх ажлаа авахад улсын хэмжээнд 100 орчим их дээд сургуультай байсан. Одоо 27 их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож, 4000 орчим хөтөлбөртэй байсныг 1286 орчим хөтөлбөрийг цуцалсан.
Монголд энэ эрэмбээр сургалтын гүйцэтгэлээрээ 60-аас дээш хувийг хангаж байгаа 18-хан их сургууль байна. Харин 50-иас дээш хувийг хангаж байгаа их сургууль 30 орчим байна. Өнөөдрийн эрэмбэ чансаагаа зарлаж байгаа 61 их сургуулийн 50-иас дээш хувь нь сургалтын чанарт хүрч чадахгүй байна. Эндээс харахад, их сургууль нь боловсролын өндөр чанар шаарддаг институц байх ёстой. Дээд сургууль гэж 2025 оноос байхгүй болж, зөвхөн их сургуулт, коллеж гэж байдаг болно. Цаашдаа их сургуулийн статусыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага үүсч байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог өсгөхөөс эхлээд олон зүйлийг өөрчлөх шаардлагатай. Өнөөдөр их дээд сургууль төгсч байгаа гурван хүүхдийн хоёр нь ажлын байргүй байна. Монголд өнөөдөр идэвхтэйгээр ажил хайж байгаа 20 мянган залуусын гуравны нэг нь дээд боловсролын дипломтой мөртлөө ажлын байраа олж чадахгүй байна. Нөгөө талаасаа ажил олгогчдын хүссэн ур чадварыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон дээд сургуулиуд хангаж чадахгүй байна. Ажлын байран дээр очоод ур чадвараараа гологдож байна гэдэг дүгнэлт гарсан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын жилүүдэд 38 мянган инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх шаардлагатай байгаа ч үүнийг хангаж байгаа их дээд сургууль цөөн байна.
Мөн арванхоёрдугаар ангиа төгссөн хүүхдүүд дотоодод бус гадаадад дээд боловсрол эзэмших эрмэлзэлтэй болсон байна. Тийм учраас Монголынхоо дээд боловсролын чанарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог бий болгохоор эрэмбэ чансааг зарлаж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны "Дээд боловсролын чанарын үнэлгээ хийх тухай" А/240 дугаар тушаалаар дээд боловсролын сургалтын байгууллагад эрэмбэ тогтоох ажлын хүрээнд сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрийн болон тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд их дээд сургуулийн үзүүлж буй үр нөлөөг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг тус тус баталсан. Дээд боловсролын чанарын үнэлгээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг Боловсролын үнэлгээний төвд даалгасны дагуу 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны аравдугаар сарын 15-ны өдрийн хооронд дээд боловсролын сургалтын байгууллагын шалгуур үзүүлэлтийн дагуу мэдээлэл цуглуулж, дараах эрэмбийг тогтоолоо.
Эрэмбээр эхний 20-д жагссан их сургуулийг үлдээж, хойш жагссан бол дээд боловсролын сургалтын үйл ажиллагааг ирэх 2024 оноос зогсооно. Урьдчилсан эрэмбэ чансааг танилцуулбал,
- Монгол Улсын их сургууль
- Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургууль
- Шинжлэх ухаан, технологийн их сургууль
- МУБИС
- ХААИС
- Монгол-Германы хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургууль
- СЭЗС
- Отгонтэнгэр их сургууль
- Моносын Эм зүйн шинжлэх ухааны их сургууль
- СУИС
Судалгааны их сургуулийг байгуулахад магистр, докторын сургалт маш чухал. Эхний гуравт эрэмбэлэгдсэн МУИС, АШУҮИС, ШУТИС их сургуулиудад 20 докторын судалгааны сургалтыг төрөөс 100 хувь санхүүжүүлж, цалинтай сургана.
БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир:
-Олон улсын байгууллагаас арга зүйн дэмжлэг авч, их дээд сургуулиудыг 272 үзүүлэлтийг хэмжиж, 39 түлхүүр үзүүлэлтээрээр нь харьцуулж ажилласан гэж ойлгож болно. Дээд боловсролын статистик мэдээлэл үнэн бодит гарч ирнэ. Энэ үзүүлэлтийн араас мэргэжлийн хяналт ажиллаж, аудит хийнэ. Гурван үе шаттай хяналт хийсэн боловч алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Бодит үр дүнг урьдчилсан байдлаар зарлаж байна.
Холбоотой мэдээ