Япон улс Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цэвэршүүлсэн усыг Номхон далайд асгах шийдвэрийг ойролцоогоор хоёр сарын өмнө гаргасан. Ингээд эхний ээлжий наймдугаар сарын 24-нд, хоёр дахь ээлжийг аравдугаар сарын 5-нд тус тус асгажээ. Гэвч Өмнөд Солонгос, Хятад, Тайвань улсууд Японы энэ үйлдлийг эсэргүүцэж, далайн бүтээгдэхүүний импортын хориг тавиад буй.
Тэгвэл ОХУ энэхүү импортын хоригт нэгдэж буйгаа Даваа гаригт мэдэгдлээ. Тус улсын хөдөө аж ахуйн зохицуулах албан тушаалтнуудын мэдэгдсэнээр энэ шийдвэр нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ аж. Мөн Японы талаас далайн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулсан нэмэлт мэдээлэл өгтөл импортын хоригоо үргэлжлүүлнэ гэв.
Япон улс Оросын хоригийг шинжлэх ухааны үндэслэлгүй, шударга бус бөгөөд харамсалтай байна гэж мэдэгдлээ.
Олон тонн цацраг идэвхт усыг далайд суллаж байгаа нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд эрсдэл дагуулна гэж үзэж олон улс эсэргүүцэж буй. Харин Япон улс энэ усыг аюулгүй бөгөөд Номхон далайд цутгахаасаа өмнө тритиумын хэмжээг олон улсад зөвшөөрөгдсөн хэмжээнээс доогуур хэмжээнд хүртэл шингэлнэ гэж баталсан.
Шинжээчдийн үзэж буйгаар улс орнуудын импортын хориг нь аюулгүй байдал гэхээсээ илүү цэвэр улс төр, санхүүгийн ашиг сонирхлоос үүдэлтэй аж.
Шведийн цөмийн химийн дэд профессор Марк Форман хэлэхдээ “Фүкүшимагийн голомтоос урсаж буй усны цацраг идэвхт бодисын хэмжээ олон нийтэд ямар ч аюул учруулахгүй. Олон улсын хориг арга хэмжээг шинжлэх ухааны үүднээс хамгаалах ямар ч боломжгүй. Би энэ хоригийг улс төрийн ашиг сонирхлын үүднээс хийсэн гэж харж байна. Мөн хориг тавьж буй орнууд өөрсдийн загас агнуурын флотдоо эдийн засгийн давуу байдал бий болгохыг оролдож байна” гэв.
Японы далайн бүтээгдэхүүний хамгийн том импортлогч бол Хятад. Харин ОХУ нь тэгтлээ том зах зээлд орохгүй. Энэ оны эхний есөн сарын байдлаар ОХУ 118 тонн загас, далайн бүтээгдэхүүн импортолжээ.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ