Спорт хороод тамирчдадаа хариуцлага тооцох цаг иржээ

Хуучирсан мэдээ: 2023.10.17-нд нийтлэгдсэн

Спорт хороод тамирчдадаа хариуцлага тооцох цаг иржээ

Спорт хороод тамирчдадаа хариуцлага тооцох цаг иржээ

Монголын спортын салбарт асуудал гэвэл жижиг, томгүй бишгүй л их бий. Зөвхөн үндэсний бөхөд л зовлон болоод байна гэсэн өнөөх допинг нь их спортод ч нүүрлэжээ. Сүүлд л гэхэд Ханжоугийн Азийн наадамд оролцсон Монголын хоёр тамирчин допингт бүдрэв. Тодруулбал, тус наадмаас алтан медаль хүртсэн, ирэх олимпийн найдвар гэгдээд байсан Б.Чинзоригоос метадиеноны метаболит, хүндийн өргөлтийн залуу тамирчин Б.Эрдэнэзулаас дростанолоны метаболит тус тус илэрчээ. Эдгээр хоёр бодис нь хоёулаа WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориотой эмийн жагсаалтын S1 буюу бүх цаг үед хориотой ангилалд багтдаг. Мөн тамирчид өргөн хэрэглэдэг гэдгээрээ алдартай.

Гол асуудал МОНАДА-д байгаа гэдгийг монголчууд ч, гадныхан ч гаргаад ирсэн. Үүнээс гадна спортын хороодын тамирчдадаа тавьж буй хяналт тун тааруу байна. "Алдар" спорт хорооноос л гэхэд Б.Чинзориг, Б.Эрдэнэзул нараас эхлээд улсын арслан М.Бадарч хүртэл допингт бүдэрлээ.

Ер нь допингтой холбогдоогүй спорт хороод тун цөөхөн. Саяхан "Хүч" спорт хорооны дасгалжуулагч Э.Мөнхдөл нь хүртэл допингтой нэр холбогдов. Ц.Содномдорж арслан "Увс, Архангай допингоороо уралдаад байгаа юм уу?" гэж хэлсэн шиг спорт хороод бас допингоороо уралдаад байна уу даа. Хэрэв тийм бол Алдар спорт хороо бусдаасаа тасрах шинжтэй. Өмнө нь тус хорооны чөлөөт бөхийн тамирчин П.Орхон ч Азийн наадмын шинжилгээнд бүдэрч, медалиа хураалгаж байсан түүхтэй. Нэгэнт л спорт хороо байгуулж, тамирчид элсүүлж байгаа учир хяналтаа сайн тавих цаг иржээ. Хэдхэн спорт хороод Монголын спортын салбарын амжилт, ялалтыг нуруун дээрээ үүрч байгаа нь нууц биш. Одоо харин тамирчдаа хянаж, үүрэг хариуцлагыг нь ухамсарлуулах хэрэг гарлаа.

Монгол Улс WADA-ийн хараанд өртөөд буй энэ цаг үед дээрх мэдээллүүд гарсан нь тун тоогүй. WADA Монголд зөрчлөө арилгах дөрвөн сарын хугацаа өгсөн. Эхний сар нь бараг л өнгөрч байна.

Ахиц, алдаа дутагдал нь ямар шатанд явж байгаа талаар мэдээлэл одоог хүртэл алга. Сүүлд Б.Бат-Эрдэнэ сайд өөрийн цахим хуудаснаа "Өнөөдөр MONADA буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын шинэ ерөнхийлөгч Ц.Уугангэрэл, гүйцэтгэх захирал Ц.Мөнхболд нартай уулзаж гарын үсэг зурагч, холбогдох байгууллагуудын хооронд олон жил үл ойлгоцол маргаантай явж ирсэн асуудлуудад цэг тавьж цаашид нягт хамтран ажиллах талаар тохиролцлоо.

Юуны түрүүнд Монгол улсын баг тамирчдыг олимпод оролцуулахгүй байх эрсдэлд оруулаад байгаа Дэлхийн допингийн эсрэг байгууллага ( WADA)-аас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага(MONADA)-д ирүүлсэн зургаан зөрчлийг арилгах шаардлагыг яаралтай ханган биелүүлэх, түүнчлэн MONADA байгууллагыг допингийн эсрэг ОУ-ын гэрээ, WADA-ийн дүрэм, үндэсний допингийн эсрэг дүрмийн хүрээнд ил тод нээлттэй ажиллуулах, засаглалыг сайжруулах, хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох, засгийн газрын зүгээс MONADA байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад онцгой анхаарах зэрэг асуудлаар ярилцлаа" гэжээ.

Ямартай ч МОНАДА-ийн шинэ ерөнхийлөгчөөр Ц.Уугангэрэл гэх хууль, хүчний байгууллагад олон жил ажилласан хүн тодорчээ. Бушуухан л ажилтайгаа танилцаж, байгууллага дотроосоо их цэвэрлэгээ хийж, нээлттэй байгууллага болох хэрэгтэй байна. Татварын төлөгчдийн мөнгөөр санхүүждэг, төрийн бус байгууллага гэх тодотголтой байж тайлангаа ч тавьдаггүй, Засгийн газар, үндэсний олимпийн хороотойгоо ч хамтарч ажилдаггүй, олон улсын жишиг яриад сууж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж