Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлт өчигдөр /2023.10.16/ нээлтээ хийлээ.
Энэ жилийн кино наадам аравдугаар сарын 16-22-нд Улаанбаатар хотноо болно. Наадмын нээлтийн киногоор Венецийн "Алтан арслан" шагнал хүртсэн найруулагч П.Лхагвадуламын бүтээл "Сэр сэр салхи" уран сайхны кино сонгогдсон юм.
“Монгол кино уралдаан”-д урьд нь дөрвөн төрөлд шилдгийг шалгаруулдаг байсныг өргөтгөж, нийт 11 төрөлд шагнал хүртээснээрээ онцлог болов. Энэ үдэш Улаанбаатар наадмын шилдгүүд тодорч, "Баавгай болохсон" уран сайхны киноны найруулагч П.Золжаргал "Шилдэг найруулагч"-ийн шагнал хүртжээ. Харин "Шилдэг жүжигчин" шагналыг "Хүний ээж" уран сайхны киногоор жүжигчин А.Ганчимэг хүртсэн бол "Шилдэг эрэгтэй дүр" болон "Шилдэг зураач"-ийн шагналыг найруулагч Б.Ганболдын "Намаг" дэлгэцийн бүтээл, "Алдагдсан өдрүүд" киноны уран бүтээлчид "Шилдэг дууны найруулагч"-ийн шагналыг хүртсэн байна.
Дэлхийн А зэрэглэлийн хамгийн том кино наадам болох Францын Каннын кино наадамд монгол найруулагч бүсгүйн кино албан ёсоор сонгогдсон. Түүхийн хуудас эргүүлсэн энэ уран бүтээл бол П.Золжаргалын “Баавгай болохсон” уран сайхны кино. Залуу найруулагч П.Золжаргалын бүтээл 2024 оны нэгдүгээр сарын 12-ноос Монголын кино театруудын дэлгэцнээ гарч, үзэгчдийн хүртээл болох юм.
Сонирхуулахад, 96 дахь удаагийн Оскарын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох киногоор "Сэр сэр салхи" уран сайхны кино тодорчээ.
УЛААНБААТАР КИНО НААДМЫГ "СЭР СЭР САЛХИ" КИНО НЭЭЖ, "СЭВЭЛЗҮҮЛЭВ"
Венецийн олон улсын 80 дахь удаагийн кино наадмын "Оризонти" хэсгийн шилдэг эрэгтэй жүжигчнээр “Сэр сэр салхи” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл шалгарсан. Венецийн кино наадмыг 2023 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 9-ний өдрүүдэд Итали улсад зохион байгуулсан. Тус кино наадмын "Оризонти" уран сайхны кино хэсэгт найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” кино сонгогдон оролцож, дэлхийн нээлтээ хийсэн юм.
"Сэр сэр салхи" кинонд онгод тэнгэрийн ивээл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгөө хайх 17 настай бөө хүүгийн тухай өгүүлдэг.
Уг уран сайхны кино нь залуу найруулагч П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний кино бүтээл бөгөөд түүнийг Английн кино урлагийн мэргэжлийн нэр хүнтэй "Screendaily" сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр нэрлэж байв. Залуу найруулагч П.Лхагвадулам нь “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоороо 2022 оны Венецийн наадмын шилдэг богино хэмжээний “Алтан Арслан” шагналыг хүртсэн анхны Монголын уран бүтээлч болж байсан бахдам амжилттай уран бүтээлч.
- XV “Улаанбаатар” ОУКН-ын онцлох орноор Швейцар улс сонгогдсон бөгөөд энэ хүрээнд Швейцарын кино уран бүтээлчдийн шилмэл гурван бүтээл хүрнэ.
- “Улаанбаатар” кино наадам Локарногийн олон улсын наадамтай цөөнгүй жил үр өгөөжтэй хамтран ажиллаж ирсэн бол энэ жилээс Швейцар улсын Ньон хотод жил бүр зохиогддог "Visions du Réel" олон улсын баримтат киноны наадамтай хамтран ажиллахаар болсон. Иймээс баримтат киноны төрлөөр олон жил уран бүтээл туурвиж, төсөл хэрэгжүүлж ажилласан, олон улсын туршлагатай мэргэжилтнүүд “Улаанбаатар” кино наадамд оролцох юм.
- “Монгол кино уралдаан”-д урьд нь дөрвөн төрөлд шилдгийг шалгаруулдаг байсныг өргөтгөж, нийт 11 төрөлд шагнал хүртээхээр боллоо.
- Наадмын олон улсын хөтөлбөр дэлхийн тэргүүлэх кино наадмуудад шилдгээр нэрлэгдсэн бүтээлүүдийг толилуулдаг. Энэ жил мөн дэлхийн кино урлагийн чиг хандлагын илэрхийлэл болсон 10 бүтээлийг хүргэнэ.
- Кино үзвэрээс гадна олон улсын кино форум, “Авдраа уудал” кино уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулна.
Гэрэл зургийг О.Болорсувд
Холбоотой мэдээ