“Хэнтийд бусад аймгаас 2-4 дахин өндөр төсөв тавьсан”

Хуучирсан мэдээ: 2023.10.17-нд нийтлэгдсэн

“Хэнтийд бусад аймгаас 2-4 дахин өндөр төсөв тавьсан”

“Мандал” санхүүгийн нэгдлийн ерөнхий эдийн засаг Г.Батзориг үүнийг сонгуульд угтсан хэт өөдрөг төсөөлөл хэмээн дүгнэж байна

“Хэнтийд бусад аймгаас 2-4 дахин өндөр төсөв тавьсан”

Засгийн газраас ирэх 2024 оны төсвийн орлогыг 25.3 их наяд төгрөг, зарлагыг 27.4 их наяд болгон үлэмж нэмэгдүүлэхээр УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Тэгвэл “Мандал” санхүүгийн нэгдлийн ерөнхий эдийн засаг Г.Батзориг үүнийг сонгууль угтсан хэт өөдрөг төсөөлөл хэмээн дүгнэж байна. Түүнтэй ирэх 2024 оны төсвийн төслийн эргэн тойронд ярилцлаа.


-Засгийн газраас ирэх 2024 оны төсвийн төсөлд зардлаа олон их наяд төгрөгөөр өсгөн УИХ-аар хэлэлцүүлж байна. Шинжээчдийн зүгээс төсвийн зардлын өсөлтийг хэрхэн харж байгаа вэ?  

-Засгийн газар жил бүр төсвөө нэмдэг. Гэхдээ сонгуулийн жил зардлаа илүү өндөр дүнгээр өсгөдөг. Аль ч нам эрх барьсан сонгогчдын саналыг авах шаардлага байгаа учраас зарлагаа нэмэгдүүлдэг зүй тогтол бий. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг үнийн өсөлттэй уяхын тулд нэмнэ гэж байна. Цалин хөлсний нэмэгдэл төрийн 300 мянган албан хаагчид нөлөөлнө. Дээр нь тэтгэвэр авагч 500 мянган хүн байна. Нийлээд 800 мянга орчим гэж үзвэл, бүгд сонгуулийн насныхан. Хүүхдийн тэтгэмж үргэлжилбэл, нийт 1.5 сая хүн рүү төсвийн бодлогоор дамжин хүрнэ. Миний хувьд сонгогчдын сэтгэл санааг эргүүлэх арга хэрэглэж байгаа гэж харж байна. Тэгвэл урьд жилүүдэд яагаад цалин, тэтгэврийг нэмээгүй юм. Яагаад заавал, сонгуулийн жил урьтаж нэмж байгаа юм. Төсвийн төсөлд тусгасан 27.4 их наяд төгрөгийн зардал УИХ-аар хэлэлцээд хэд болохыг хэлж мэдэхгүй. Ямартай ч төсвийн зардал ДНБ-ий 47 хувьтай тэнцэхээр байгаа. Нийт эдийн засгийнхаа тал хувьтай тэнцэх мөнгийг төсвийн зардлаар эдийн засагт цутгана гэсэн үг. Ерөөсөө төсвийн гол зорилго орлого дахин хуваарилах, хөрөнгө оруулах хийх байдаг. Гэтэл орлогын дахин хуваарилалтыг хийхдээ барилга, зам дээр төвлөрүүлсэн байна.

Аймгаар нь ангилахад, ганц Хэнтий аймагт бусад аймаас 2-4 дахин өндөр төсөв тавьсан байгаа.

Уг нь тэгш сонгон шалгаруулалт хийсэн бол Хэнтийн хүн амын тоог Баян-Өлгий аймгийнхтай харьцуулахад мэдэгдэнэ. Адилхан татвар төлж байгаа мөртлөө нэг нь харьцангуй их төсвийн хуваарилалт хүртээд байна шүү дээ. Ийм сонин үзэгдлүүд бий.

"ӨӨДРӨГ ОРЛОГО ТӨСӨӨЛӨХӨӨР ӨӨДРӨГ ЗАРДАЛ ГАРЧ ИРНЭ"

-Монголд гол орлого оруулж байгаа уул уурхайн төсөөллийг ч өөдрөг тавьсан байгаа. Уул уурхайн салбарт дэвшүүлсэн зорилтыг хэрхэн харж байна даа?

-Төсвийн зардлыг орлого дээрээ тулгуурлан гаргаж байгаа. Олж байгаа орлого гэхээр төсөөлөл. Нийт 60 сая тонн нүүрс экспортолно гэх мэтээр уул уурхайн салбарын орлогыг маш өөдрөг төсөөлж байна. Өөдрөг орлого төсөөлөхөөр өөдрөг зардал гарч ирнэ. Тэгэхээр эдийн засгийн өсөлт, нүүрсний экспорт, валютын нөөц гэх мэтээр бүх үзүүлэлтээ өөдрөг өндрөөр төсөөлсөн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа төсвийн алдагдал, гадаад өрийн хэмжээ хоёрыг бага харагдуулахыг зорьж байна.  Ийм байдлаар 2024 оны төсвийн төслийг бичсэн юм уу даа.

-Засгийн газрын өр сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн. Төсвийн алдагдал ч өндөр гарсаар байгаа. Өр, алдагдлаа төсвөө томруулах замаар бага харагдуулж байгаа нь “заль” гэж тодорхойлох эдийн засагчид байгаа?

-Тоон дээр л тоглож байна шүү дээ. Өөр аргагүй.

-Тэгвэл төсвийн төсөөллүүд биелэх боломж хэр харагдаж байна. “Мандал”-ын шинжээчид үнэлэлт дүгнэлт хийсэн үү?

-Биелэх боломж бага. Энэ жил үүлэн чөлөөний нар гэдэг шиг Хятад улс эдийн засгаа нээлээ. Дээрээс нь Австралиас коксжих нүүрс авсангүй. Ийм хоёр хүчин зүйлээс болоод Монгол Улс Хятадын коксжих нүүрсний импортын талыг нь хангаж чадлаа. Улс төрийн харилцаа ч сайн байлаа. Үүнээс шалтгаалаад Монголын нүүрсний экспорт 50 сая тоннд хүрлээ. Тэгвэл ирэх онд нүүрсний экспортыг нэмэгдүүлээд, 60 сая тонн гэж байна.

Хятадын сүүлийн 10 жилийн коксжих нүүрсний импортыг харахад, жилд дунджаар 70-80 сая тонныг гаднаас худалдаж авдаг.

Импортын квотоо ингэж барьж ирсэн. Тэр дундаа 70-80 сая тоннын 30 нэг улсаас авах бодлого баримталдаг. Энэ жилийн онцлог нь Австралиас нүүрс авсангүй. Монголоос ахиу авлаа. Тэгэхээр энэ таатай нөхцөл байдал давтагдах уу гэвэл, магадлал бага. 60 сая тонн нүүрс экспортолно гэдэг төсөөлөл тодорхой бус дүн. Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлтийг долоон хувьд хүрнэ гэж төсөөлсөн. Эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ гэдэг компаниудаас татвар өндөр авна гэсэн үг. Компаниудын орлого өсч, илүү өндөр татвар төлнө гэсэн тооцоо. Ихэнх мэргэжлийн байгууллагууд суурь тооцоолол дээрээ эдийн засгийн өсөлтийг 4-5 хувь гэж тооцоолсонтой харьцуулахад, хоёр хувийн өндөр тоо явж байна.  Гуравдугаарт, зэсийн үнийг нэлээд өндөр буюу 9000 ам.доллароор тавьсан байгаа. Зэсийн үнийг төсөөлөхийн тулд Ойрхи Дорнодод үүссэн асуудал, Хятадын үл хөдлөхийн хямрал, Орос, Украины сунжирсан байдал гэх мэт дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг харах хэрэгтэй.

Зэсийн үнэ дэлхийд үйлдвэрлэл, бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байж өсдөг. Бүтээн байгуулалт эрчимтэй явсан тохиолдолд, автомашины үйлдвэрлэл нэмэгдсэн тохиолдолд зэсийн хэрэглээ өснө.

Дайны үед үйлдвэрлэл нэмэгдэх үү гэх мэтчилэн суурь үзүүлэлт дээр анхаарах шаардлагатай. Валютын нөөцийг гэхэд л таван тэрбум ам.доллар болж, нэг тэрбум ам.доллараар өснө гэж тооцоолсон. Монгол Улсын валютын нөөц өнөөдөр дөрвөн тэрбум байгаа. Гэтэл төсвийн зарлага импортыг 70-80 хувьтай дэмждэг. Импортыг дэмжинэ гэхээр валют шаардлагатай. Энэ хоёрын зөрүүг яаж нөхөх юм. Төсөв нэмэгдэнэ гэдэг валютыг хэрэглээг нэмэгдүүлнэ гэсэн үг. Жилийн жилд төсвийн зарлага нэмэгдсэний нөлөөгөөр валютын нөөц буурдаг зүй тогтол байдаг. Ерөнхийдөө эдийн засгийн голлох үзүүлэлтүүдээр төсвийн төсөөлөл өндөр байна. Биелэх магадлал бага.

-Нөгөө талаар Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд нар төсвийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх замаар компаниудаа, нийт эдийн засгаа дэмжиж байгаа. Эсвэл цалин, тэтгэвэр нэмэгдүүлж байгаа нь эдийн засаг дахь хэрэглээг дэмжинэ гэж тайлбарладаг шүү дээ?

-Цалинг инфляцитай уялдуулан нэмэх нь зөв. Худалдах авах чадварыг дэмжих хэрэгтэй. Гэхдээ яг өнөөдөр дэлхий нийтэд цалин өсөхөөр дагаад үнэ өсдөг тойрогт орчихоод байгаа. Америк хүртэл инфляциа барьж дийлэхгүй болсон. Америкийн төв банк инфляцийн өсөлтийг дарахын тулд 2025 он хүртэл бодлогын хүүгээ өндөр байлгах бодлого баримталж байна. Олон улс ийм сорилттой тулгараад байгаа.

Олон улсад төсвийн хөрөнгө оруулалтыг тэлэхээс аль болох зайлсхийхийг зөвлөдөг. Төсвийн хөрөнгө оруулалт тэлснээр хувийн хөрөнгө оруулалтаа шахаж эхэлдэг.

Төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэх үед банкны зээл, бонд, хувьцаа гаргах сонирхол буурдаг. Банкны зээл авахын оронд төсвөөс мөнгө авч, бизнес хийхийг эрмэлзэж эхэлдэг. Зах зээл нь төсвийн мөнгөтэй өрсөлдөж чадахгүй болж ирдэг. Улсаас тендер авч байгаа хүнд банкны зээл хэрэггүй.

"ГОЛ 10 БҮТЭЭГДЭХҮҮН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР 70 ХУВИАР БУУРСАН"

-Төсвийн зардал ийм өндөр байгаа үед үнийн өсөлт ямар гарах бол. Монголбанк, Засгийн газар аль аль нь инфляци буурна гэдэг төсөөлөл хэлж байгаа?

-Хоёр оронтой тоонд хэвээрээ байна байх. Нэг оронтой тоонд оруулна гэдэг зорилт биелэх магадлал маш бага. Төсвийн бодлого тэлэхээр мөнгөний бодлогын хүү бага түвшинд байх боломж хомс. Засгийн газар төсвийн бодлогоор инфляцийг дэмжихэд, нөгөө талд нь Монголбанк инфляцийг хазаарлах үүргийнхээ дагуу бодлогын хүүгээ өсгөдөг. Монголд хамгийн удаан хугацаанд бодлогын хүү бага үе цар тахлын хугацаанд л тохиосон. Түүнээс өөрөөр бодлогын хүү бага байсан тохиолдол байхгүй. Бодлогын хүү бага байснаар хөрөнгийн зах зээл тэлсэн.

Арилжааны банкууд дахь 18 их наяд төгрөгийн хадгаламжийн тодорхой хэсэг нь өөр хөрөнгө оруулалт руу орсон. Өнөөдөр бодлогын хүү өндөр байгаа болохоор арилжааны банкууд эдийн засагт орж байх ёстой хөрөнгө оруулалтыг хадгаламж хэлбэрээр татаад байна.

Хадгаламжийн хүү өндөр байхаар зээлийн хүү өндөр байна. Зээлийн хүү өндөр байхаар цалин өсөхгүй. Компанийн захирлын хувьд өндөр хүүтэй зээл төлөөд эхлэхээр ажилчдынхаа цалинг өсгөх боломж хумигдаж байгаа юм. Өндөр хүүтэй зээл төлж байгаа нөхцөл нөгөө компанийн үйл ажиллагаа ч томорч чадахгүй. Мөн ажилчдын цалин өсөхгүй нөхцөлд эдийн засаг дахь хэрэглээ нэмэгдэхгүй. Эцэст нь борлуулалт өсөхгүй гэх мэтээр эдийн засгийн тойрог томрохгүй байна. Тэгэхээр инфляци өндөр байгаагийн гол шалтгаан төсвийн тэлэлт. Түүний оронд төсвөө хямагдвал, инфляци буурна.

Инфляци буурсан тохиолдолд төв банкны бодлого хүү бага байна. Эргээд зээлийн хүү бага байна. Энэ нь иргэдийн цалингийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөө дэмжих боломжтой. Инфляци гэдэг ганцхан үг байгаа боловч цаана зээлийн хүү, худалдан авах чадвар, хөрөнгийн зах зээлийн хөгжил гэх мэт олон зүйлийг энэ үзүүлэлтээр харж болно.

-Сүүлийн үед эдийн засгийн орчныг хэт хөөсрүүлэх тохиолдол их байна л даа. Тухайлбал, эдийн засаг сэргэлээ, хөрөнгө оруулалт нэмэгдэж байна гэх мэт хүн рүү онилсон магтаал сайшаал их явж байгаа. Мэдээж, цар тахлын жилүүдээс хойш сэргэлт гарсан. Сэргэлт 2019 оны түвшиндээ байж чадаж байна уу?

-Дэлхий нийтээрээ том сорилттой тулгарсан. Ихэнх улсын валютын ханш унасан. Бүгд инфляцийн асуудалтай. Улс орнууд ядуурлаас гарах зорилтоосоо ухарсан. Дэлхийн 500 гаруй сая хүн эргээд ядуурлын шугам руу уналаа. Дэлхийн нийтийн сүүлийн 20-30 жилд босгосон бүхэн цар тахлын үеэр нуран унасан. Монголд ч энэ зүйл тохиолдсон. Хэрэглээ талаасаа одоо л дөнгөж 2019 оны түвшиндээ хүрэх гэж байх шиг байна. Худалдан авах чадвар маш буурсан.

Бидний хэрэглэдэг гол 10 бүтээгдэхүүний үнэ 2019-2023 онд 126 хувиар өссөн. Гэтэл цалингийн дундаж өсөлт 50 орчим хувьтай. Зөвхөн гол 10 бүтээгдэхүүн дээр худалдан авах чадвар 70 хувиар буурсан гэсэн үг.

Үүнийг нөхөхийн тулд цалин нэмэхээр бараа бүтээгдэхүүний дагаад өсөх эрсдэл үүссэн. Жил бүр төсөв яригдах үед үнийн өсөлтийг хөнддөг. Улс төр, эдийн засгийн том шийдвэр учраас үр ашигтай байна гэдэг хэцүү. Бид үүнийг юугаар зохицуулах ёстой гэхээр Төсвийн тогтвортой байдлsн тухай болон Өрийн удирдлагын тухай хуулиудаар хязгаарлах юм. Энэ хоёр хууль бүр замбараагүй байхаас сэргийлж чадаж байгаа. Гэхдээ дахиад хийх ёстой зүйлс байна. Иргэд нийслэлийн автобус худалдан авалт шиг төсөвт хяналт тавих хэрэгтэй. Автобусны худалдан авалт дээр илэрсэн нь тэр болохоос биш өөр юу болж байгааг ёстой чөтгөр бүү мэд.

Сөрөг хүчин үүнийг гаргаж тавиад, бариад зогсдог байх ёстой. Бидэнд төсөвт хяналт тавих эрх зүйн орчин хангалттай байгаа боловч ердөө гарч байгаа үр дагаврыг нь л яриад байна. Улс төрийн шийдвэр гарч байгаа үед сөрөг хүчин, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэд хяналт тавьдаг байх ёстой. Нөгөө талдаа хяналт тавих боломжийг олгосон шилэн төсөвтэй байх ёстой. Ингэж шахаж шаардаж, айж ичээхгүй бол яриад яриад нэмэр алга даа.

-Уул уурхайгаас орж ирсэн хэдээ төсвийн хөрөнгө оруулалтаар дамжуулан хуваарилж байгаа гэдэг. Гэхдээ ирэх оны төсвийн төслөөс яг өрхийн үүдээр орж байгаа юм харагдаж байна уу?

-ДНБ-ий өсөлт долоон хувь гэдэг бол компаниудын ашиг, нөгөө талдаа ажилчдын цалингийн өсөлтийг авч үзэж байгаа юм.

Жишээ нь, Америкт ДНБ-ий өсөлтийн 60 орчим хувь нь ажилчдын цалин өсөлтөөс бий болдог. Харин Монголд ДНБ-ий өсөлтийн 60 орчим хувь нь компаниудын ашгийн өсөлтөөр гарч ирдэг.

Ажилчдын цалин 20 орчим хувийг бүрдүүлдэг. Гэтэл компаниудын ихэнх нь хаалттай учраас хаалттай хэлбэрээр баялаг хуваарилагдаж байна. Нээлттэй байвал хувьцаа эзэмшигчид тэр бялуунаас хүртэх боломжтой. Монголын топ-100 компанийн 97 хувь нь хаалттай хэлбэртэй. Мөн ДНБ-ий өсөлтийг салбараар нь задлаад үзвэл, уур уурхайн салбар ноёлж байгаа. Уул уурхай, түүнийг дагасан тээвэр, хэдэн ханган нийлүүлэгчид тэр ашгийн ихэнх хувийг хүртдэг. Тэгтэл уул уурхай өөрөө ажиллах хүчин шингээдэг салбар биш.

Эдийн засгийн өсөлтийн иргэдэд очих хүртээмж бага байгаа нь ийм шалтгаантай.

Дээрээс нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компаниараа ялгаатай. Дотоодын компаниудын бүтээсэн баялгийг үндэсний нийт бүтээгдэхүүн гэж ДНБ-ээс тусгаарлан хэмждэг. Энэ хоёрын хороондын зай явах тусам холдож байгаа. Холдож байна гэдэг нь үндэсний компаниуд баялгаасаа ашиг хийж чадахгүй байгааг илтгэж байгаа юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өөрөө үр ашиггүй байна гэдгийг илэрхийлнэ. Тэгэхээр 7 хувийн өсөлт хүн бүрд хүртээмжгүй байх нь аргагүй. Үүнийг нөхөхийн тулд улсын төсөв байдаг.

Д.МЯГМАРДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж