Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнөөдөр /2023.10.16/ Улаанбаатар хотын ерөнхий архитектор болон нийслэлийн барилга байгууламж, чанар стандарт хариуцсан эрх бүхий албан тушаалтнуудын гэрт нэгжлэг хийж, байцаалт явуулж буй ажээ. Бидэнд олдсон мэдээллээр “Авлига” хороолол гэж нэрлэгддэг“Аука гарден” хотхонд олгосон зөвшөөрөлтэй холбоотойгоор дээрх асуудал хариуцсан хэд, хэдэн хүнийг байцааж буй юм байна.
Усан сан бүхий газарт “Акуа гарден” орон сууцны хорооллыг барих зөвшөөрлийг Улаанбаатар хотын холбогдох албан тушаалтнууд олгосон асуудалтай холбоотойгоор хэдэн сарын өмнөөс АТГ нь мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байсан бөгөөд энэ хүрээнд нэгжлэг хийгдсэн байж болзошгүй аж.
Усны сан бүхий газарт “Эм Энд Жи Констракшн” ХХК нь орон сууц барьсан бөгөөд анх худалдаа, нийтийн үйлчилгээний цогцолбор байгуулах нэрээр газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан ч явцын дүнд “худалдаа, үйлчилгээ, орон сууц, сургууль, цэцэрлэг” болгож өөрчилсөн байдаг. Ингэхдээ ажлаа хүлээлгэн өгөөд удаагүй байгаа Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тус газрын зориулалтыг орон сууцных болгон өөрчлөх эрхийг олгосон гэдэг асуудал хөндөгддөг юм.