Автобусны мөнгө алга болоогүй. Хулгайлсан хүмүүс нь тодорхой. Буух эзэн, буцах хаягтай хулгайн хэрэг бидний нүдэнд ил явагдсан. Төв талбай дээр түүнийгээ дэлгэсэн. Олон нийт бухимдсан. Хэрэгтнүүд нь эхнээсээ хоригдоод, хавтаст хэрэг нь боогдож байна. Гэвч эцэст нь хотын иргэд автобусгүй үлдэх ёсгүй. Нийслэлийн 1.7 сая иргэн эрх мэдэлтнүүдийн хулгайн хохирогч болох ёсгүй. Татвар төлөгчдийн мөнгө салхинд хийсэх ёсгүй. Тиймээс “ногоон” автобусны худалдан авалтыг цуцалж, нийслэлээс дахин шинэ автобусны эрэлд морджээ.
Тэгвэл 400 сая төгрөгөөр ямар автобус худалдан авч, нийслэлчүүд ямар тохилог нийтийн тээврээр зорчих боломжтойг хайв.
Казахстаны Астана хот одоогоос гурван сар гаруйн өмнө буюу өнгөрсөн долоодугаар сард нийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ автобусуудаа хүлээн авчээ. Астана хот Хятадын “Yutong” (Уйтун) брэндийн 224 автобус худалдан авсан байна. Төв талбай дээрээ шинэ үеийн 50 автобус хүлээлцсэний дотор цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр ажилладаг 20 автобус багтжээ. Өөрөөр хэлбэл, Астана хотын эрх баригчид цахилгаан болон шинэ үеийн дизель түлш хөдөлгүүртэй автобусыг хослуулан нийтийн тээвэрт хэрэглэх бодлого барьж байгаа аж. Энэ нь тус улсын цаг уурын онцлог болон нөөц баялагтай холбоотой. Мөн Астана бол орчин үеийн хот болон хөгжиж байгаа Казахстаны шинэ нийслэл юм.
Нийлүүлэгч талын хувьд дэлхийд автомашины үзэсгэлэнгүүдийн том оврын автобусны төрлийн шагналуудыг түүдэг Хятадын “Yutong” үйлдвэр байх юм. Ер нь элдэв зар сурталчилгаа шаардлагагүй болчихсон том оврын автобус үйлдвэрлэлийн дэлхийн номер нэг брэнд юм байна. Манайх урд хөршийн уг үйлдвэрээс 60 мянган ам.доллар, ойролцоогоор 180-200 сая төгрөгт боломжийн шинэ автобус худалдан авах боломжтой аж. Цаашлаад дуулиант “ногоон” автобусны өртөг гэх 400 сая төгрөгт дэлхийн өндөр хөгжилтэй хотуудад явж буй хамгийн орчин үеийн супер автобус худалдан авч болж байна. Казахстаны Астана хотын жишээнээс үүнийг харж болно. Тэгээд ч дэлхийн хөгжилтэй танилцъя, үзье, мэдэрье гэвэл, Монголд хамгийн ойр нь Хятад. Монголд хамгийн ойрхон дэлхийн өндөр технологи мөн л Хятадад байна. Тэгвэл түүнийг импортлон оруулж ирэхэд хамгийн дөт зам бас Хятад юм. Том оврын автобус худалдан аваад, оруулж ирэх тээврийн зардал хамгийн хямд гэсэн үг. Европоос зөөвөл хэт үнэтэй. Дээр нь сэлбэг хэрэгслийн олдоц ярвигтай. Энэ утгаараа Казахстан Улс “Yutong” автобус нийт 400 ширхгийг авахаар болсон гэдгийг интернэтээс хайгаад үзэж болохоор байна.
Тэгвэл Улаанбаатар хот өмнө нь яагаад “Yutong” автобусыг худалдаж аваагүй вэ гэдэг асуулт гарч ирнэ. Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар 2021 онд автобус худалдаж авах нээлттэй тендер зарлахад, “Yutong” үйлдвэрийн Монгол дахь хамтрагчид иж бүрэн удирдлагын систем бүхий орчин үеийн автобус парк санал болгосон байдаг. Гэтэл хотын тухайн үеийн удирдлагууд тендерийн шаардлага хангахгүй, нэг ажилтантай компанид давуу байдал олгосон зэргээр автобус худалдан авалтад будлиан орсон байдаг. “Ногоон” автобусны алдаа тэр үеэс эхлэлтэй.
Д.ДОРЖ
Холбоотой мэдээ