Нүүрсний сонсгол өдгөө олон нийтийн анхаарлын төвд байна. Нүүрсний сонсголыг энэ намрын чуулганд багтааж чадвал 40 их наядын хулгай, оффтейк гэрээ, нүүрс тээврийн хэрэг шийдэгдэнэ гэж олон нийт хүлээж буй. Гэхдээ анх зарлагдсан олон нэрс, 40 их нядын нүүрсний хулгайн асуудал өнөөдөр ямар шатандаа явж байна вэ гэдэгт олигтойхон хариулт олоход хэцүү. Шалгагдаад, буруутгагдаж буй хоёрхон хүн, тэдний хамаарал бүхий этгээдүүдийг эс тооцвол нүүрсний гэх хэрэг өнөөдөр Прокурорын байгууллагад "хав дарагдаад" хагас жилтэй золгож байна. Улсын ерөнхий прокурор нь нүүрсний хэрэгт 100 гаруй хүн шалгагдаж байгаа, үүний дотор УИХ-ын гишүүд ч бий хэмээн хэвлэлд ярихаас цаашгүй, энэ хэргийн шалгах явц ямар шатандаа яваа гээд олон эргэлзээтэй асуултад иргэд хариулт нэхсээр байна. Хуулийн байгууллага нь "шалгаж байна" гэсэн ганцхан үгтэй өнөөдөртэй золгож байна. Үүнтэй зэрэгцээд олон нийтийн зүгээс Нүүрсний сонсгол зохион байгуулахыг хүлээж байгаа ч саяхан хариуцаж байсан Х.Нямбаатар нь ажлаа өгч, гишүүнээсээ түдгэлзэж, Хотын дарга болохоор яваад өгөв. Харин одоо түүний ажлыг авсан Б.Энхбаяр нүүрсний сонсголоо хэзээ, хэрхэн, яаж зохион байгуулах вэ гэдэг хүлээлт дахиад л үүсэв. Намрын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Г.Занданшатар Нүүрсний сонсголыг яаралтай хийхийг үүрэг болгосон ч МАН дотор энэ сонсголыг хийх сонирхол хэр зэрэг байгаа вэ гэдэг нь ажил удааширч, тоочиг шалтаг нь олширсноос харж болно.
Саяхан нүүрсний хулгайн хэргээр шүүгдэж байгаа Б.Ганхуяг шүүх хурлын танхимд “Би энд золиослогдоод, тэд засагтайгаа тамгатайгаа, төртэйгөө үлдэж болохгүй” гэх үгийг МАН-ынханд хаягласан. Угтаа нүүрсний дуулиан анх дэгдэхэд АТГ-аас нэр холбогдсон гэх 17 хүний нэрийг зарлаж байв.
Үүнд, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Ц.Анандбазар, Ш.Раднаасэд А.Адъяасүрэн, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ж.Мөнхбат, Д.Бат-Эрдэнэ, Ц.Сэргэлэн нарын нэрс багтаж байлаа. Нүүрсний хэрэгт нэр холбогдсон гишүүд тухайн үед ээлж дараалан “буруугүй” гэх тайлбарыг хэлж байсан юм.
Гэсэн ч АТГ газар зүгээр ч нэг нэрс зарлаагүй. Ялангуяа авлигатай тэмцэж байгаа байгууллага нь зүгээр хэн дуртай гишүүнийхээ нэрийг зарлаад, олон нийтэд нэрлээд сууж байна гэдэг зүгээр ч нэг энгийн зүйлс биш. Хуулийн байгууллага шалгаж, тодорхой хэмжээний оролцоо, сэжүүр олсон учраас эдгээр нэрсийг зарласан гэж олон нийт харж байсан. Нүүрсний сонсгол нь хэрхэх, хуулийн байгууллага нь нүүрсчидээ шалгаж байгаа эсэх нь ч эргэлзээтэй, Б.Ганхуягийн хэлснээр Т.Аюурсайхан тэр хоёр хэлмэгдэж, үлдсэн нь уснаас хуурай гарах гээд цаг хожоод байна гэж олон нийт хардаж эхэлсэн.
Тэгвэл АТГ-аас анх сүр дуулиантайгаар зарласан Төрийн ордонд, УИХ-ын гишүүний бүрэх эрхээр халхалагдсан нүүрсний хэрэгт холбоотой хэмээн зарлагдаж байсан нүүрснийхнийг эргэн сануулая.
Тэдний хэргийн талаар эргэн сануулахад, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Би шалгуулахад бэлэн. Улс төрд орсон цагаас хойш намайг маш их хэмжээний гүтгэлэг дагаж ирсэн. 2020 оны тавдугаар сарын 6-нд, УИХ-ын гишүүний сонгуульд өрсөлдөх үед намайг цагдаагийн байгууллагаас шалгасан нь үнэн. УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш олон гүтгэлэгт өртсөн. Монгол Улсад 20 мянган жолооч, 450 орчим нүүрс тээврийн компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нэг нь би байсан. Би нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Үүнийгээ нуугаагүй. Нүүрс тээврийн компаниуд хилээр нүүрс дураараа гаргах эрх мэдэл байхгүй. Монгол Улсын гааль, хилийн цэргээр яаж гарах юм. Хятадын хил, гаалийг яаж аргалах вэ. Ерөөсөө ийм боломж байхгүй” гэж байлаа.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “АТГ-ын мэдэгдлийн дараа өнгөрсөн арванхоёрдугаар сард "Бизнесийн хүнд өөрийн эрхэмлэдэг зан чанар гэж бий. Би хулгай гэдгийг үзэн яддаг. Тиймээс энэ гүтгэлгийг буцааж, ард түмэнтэйгээ нийлж, бүлэг дотроо нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна. Ард түмэнтэйгээ хамтарч тэмцэнэ. Би бүлэг дээр нэлээн шүүмжлэлтэй ханддаг. Намайг хүчирхийллийн хэрэгт холбосон. Цаанаасаа захиалгатайгаар жинхэнэ хулгайчийг олон ард түмний итгэлийг мухардуулж байгаа нэг арга. Тэглээ гээд бид бууж өгөхгүй. Ард түмнээсээ сонгогдсон гишүүнийхээ хувьд хамтран тэмцэнэ.Унтаж байгаа баавгайг сэрээсэн тэр хулгайч нартай өөрсдөө гомдох цаг ирнэ " гэж байв.
Нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай улстөрчдийн нэрийг зарлахад УИХ дахь МАН-ын бүлгийн таван гишүүн нэр холбогдсон. Энэхүү таван гишүүн дунд Н.Наранбаатарын нэр орж, тэрбээр бусад дөрвөн гишүүний хамтаар хурал зарлан “Миний бие нүүрсний хэрэгт холбогдох ямар ч үндэслэл байхгүй. Аймгийн Засаг дарга нүүрсний асуудал руу ордоггүй” гэж тайлбарлаж байв. Гэвч хуулийнхан түүнд хэрэг үүсгэн, яллагдагчаар татахаар болсон. Улмаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал өмнө яригдаж байлаа. Мөн бүрэн эрхтэйгээ байгаа ч холбогдох шалгалтын ажилд саад учруулахгүй гэдгээ мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд “Ард түмэн ч итгэхгүй байгаа нь харагдаж байгаа. Тэд энэ хэрэгт таван хүнийг зарлаад өнгөрөөх гэж байна, жинхэнэ хулгайчдыг зарлах шаардлагыг иргэд тавьж гудамжинд байнга жагсаж байна. Тиймээс бид УИХ-д өргөн баригдаад, хэлэлцэх эсэх нь шийдэгдчихсэн байгаа Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай батлуулахаар тэмцэх болно. Олон нийт хэн нь хулгайч болохыг бүгд мэднэ” гэдгийг хэлж байлаа.
Нөгөө талдаа нүүрсний сонсгол явуулна гэж өнгөрсөн хавраас хойш дуншсан. Одоогийн байдлаар нүүрсний сонсгол шинжээч томилох дээрээ гацжээ.
"НҮҮРСНИЙ" ГЭХ ХЭРЭГТ УИХ-ЫН 12 ГИШҮҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Нүүрсний гэх тодотголтой хэрэгт мөрдөн байцаалт хийж буй 14 хэрэг, хэрэг бүртгэлтийн шатанд байгаа 29 хэрэг бий. Үүнд 143 хүн, гурван ААН яллагдагчаар татагдсан. Үүнээс нийтийн албан тушаалтан 90 хүн, улстөрд нөлөө бүхий буюу УИХ-ын 12 гишүүн шалгагдаж байна. Долоон хэрэг шүүхэд шилжсэн" гэсэн мэдээллийг өгөв. Хувь хүний нууцыг хамгаалах хүрээнд уг 12 гишүүн хэн бэ гэдгийг хэлэх боломжгүй аж. Ил болсон мэдээллээр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд нарын 12 гишүүнийг шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.
ШИНЖЭЭЧ ТОМИЛОХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Түр хорооны даргаар томилогдсон. Томилогдсон даруйдаа нэг хянан шалгагч, хоёр шинжээчийг нэмж томилсон. Дахиж 4-5 хянан шалгагч, шинжээч томилно гэсэн бодолтой байна. Яагаад гэвэл Хөгжлийн банкны түр хороо бүтэн жилийн үр дүн байсан. Хугацаа маш богино байгаа учраас хүний хүчээр шахуу ажиллах шаардлага үүсч байгаа. Нүүрсний түр хорооны талаар урьдчилан янз бүрийн зүйл яримааргүй байна” гэх мэдээллийг өгсөн юм.
НҮҮРСНИЙ СОНСГОЛЫГ ЭНЭ НАМРЫН ЧУУЛГАНДАА БАГТААНА
УИХ-ын дарга Г.Занданшатар “Нүүрсний сонсгол болно. Нүүрсний асуудлаарх хянан шалгах түр хороог 2022 оны зургадугаар сарын 13-ны өдөр байгуулсан. Нүүрсний жагсаал 2022 оны арванхоёрдугаар сард болсон. АТГ-аас мөрдөн байцаалтын саад учруулж буй нөхцөлд нээлттэй сонсгол явуулж болохгүй заалттай учраас хойшлогдсон. Хянан шалгалтын түр хороог шинэчлэн байгуулсан. Уг хороо хуралдаж, нээлттэй явуулах сонсгол явуулах товыг зарлаж байгаа гэж бодож байна” гэв.
НҮҮРСНИЙ СОНСГОЛД Б.ГАНХУЯГ, Т.АЮУРСАЙХАН НАРЫГ ОРУУЛАЯ
Нүүрсний сонсгол болно. Гэхдээ дэглэлт нь ямар байх, гол буруутнаар шүүгдэж буй Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг сонсголд оруулах эсэх нь тодорхойгүй байгаа. Тэд өөрсдийгөө нээлттэй шүүлгэж, нүүрсний сонсголд оролцмоор байгаагаа илэрхийлж байгаа ч өнөөдрийг хүртэл нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ өгөөгүй эсвэл өгүүлээгүй байна. Магадгүй олон нийтэд нээлттэй, түмний нүдэн дээр Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг ил гаргаж ирээд, нүүрстэй холбоотой хүмүүсээ нэрлүүлээд явах зориг МАН-д байхгүй л болов уу. Нөгөө талд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг нүүрсний сонсголд оруулахгүй байх сонирхолтой, Төрийн ордонд суугаа ч нүүрсчин хэмээн цоллуулсан олонх ч бий. Энэ мэтээр нүүрсний сонсголд гол буруутгагдаж байгаа хүмүүс нь оролцох эсэх нь тодорхойгүй, сонсголоо хэзээ хийх, хэн хэнийг яаж дуудаж мэдээлэл авах гээд шинэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт олон ажил хүлээгдэж байна. Гэхдээ Б.Энхбаярыг ямар поп вэ гэдгийг өнгөрсөн Хөгжлийн банкны сонсголын үеэр олон нийт харсан, үзсэн. Тэр шүүгч шиг, яллагч шиг аяглаж байсныг нь ч мартаагүй биз, олон нийт. Намын удирдлага нь ч Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшихэд нь хувийн тоглолт хийж, попрохгүй байхыг хатуу сануулсан байдаг. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гол буруутнуудаа нээлттэй микрофоны өмнө дуудаж чадах уу эсвэл тэднийг оролцуулахгүйгээр Нүүрсний сонсголоо хийх үү гэдэг удахгүй тодорхой болох биз ээ.
Холбоотой мэдээ