Х.Нямбаатар нийслэлийн хоёр орлогчийг чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2023.10.16-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар нийслэлийн хоёр орлогчийг чөлөөлнө

Х.Нямбаатар нийслэлийн хоёр орлогчийг чөлөөлнө

ШИНЭ ДАРГЫН ХАЛАА СЭЛГЭЭ “НОГООН” АВТОБУСНЫ БУРУУТНУУДААР ЭХЛЭВ

Өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээж авсан Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар бүтэц зохион байгуулалтаа шинэчилж эхэлсэн байна. Энэ хүрээнд хэд хэдэн томилгоо хийжээ. Тухайлбал, хамгийн түрүүнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан И.Баатархүүг чөлөөлөв.  И.Баатархүү “ногоон” автобусны хэргээр шалгагдаж эхэлсэн. Тэгвэл түүний оронд Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Хосбаярыг томилохоор болжээ. Мөн автобусны парк шинэчлэлийг голлон зохин байгуулсан Нийтийн тээврийн газрын даргаар нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга Д.Отгонжаргалыг томилсон байна. Нийтийн тээврийн газрыг удирдаж байсан С.Жавхлантбаатар “ногоон” автобусны хэргээр шалгагдаж байх үедээ өөрийгөө хутгалан амиа хорлохыг завдсан юм.

            Үүний араас хэд хэдэн хариуцлагатай томилгоо яригдаж байгаа нь хотын хоёр орлогчийн асуудал. Тэгвэл Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өмнөх удирдлагууд багаараа хариуцлага хүлээх ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн байна. Тиймээс хотын хоёр орлогч болох Ж.Сандагсүрэн, З.Төмөртөмөө нарыг чөлөөлж, тэдний орны хүмүүсийн томилгоог өнөө маргаашдаа хийхээр болсон гэдгийг эх сурвалж мэдээлэв.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч буюу Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгийн оронд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилох нь тодорхой болсон. Тэгвэл Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөг орлож хэн очих нь одоогоор тодорхойгүй байна. Түүнчлэн хотын даргын хуулийн зөвлөхөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны  Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Цолмонг томилжээ.

Х.Нямбаатар өнгөрсөн Баасан гаригт хотын даргаар томилогдсон даруйдаа, “Тендер, худалдан авах ажиллагаанд гарсан алдаа, дутагдлыг засаж, цаашид ил тодоор хууль тогтоомжид нийцүүлж зохион байгуулна. Өнөөдөр үүсээд байгаа автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг нягтлан шалгаж, холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд шуурхай авах болно” гэж мэдэгдсэн юм.

Д.ДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж