Нисэх-Яармаг-Энхтайваны гүүр хүртэлх замын нэгдүгээр эгнээг автобус зорчих боломжтой болгож бусад эгнээнээс хайсаар тусгаарласан. Нийт долоон км урттай Наадамчдын өргөн чөлөөний зам гурван эгнээ зорчих хэсэгтэй. Тэгвэл тус чиглэлд тавьсан тусгаарлах хайсыг энэ долоо хоногт хурааж эхэлжээ.
Тусгаарлах хайс тавьсан гол зорилгыг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг тайлбарлахдаа, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх. Хайсуудыг туршилтаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2024 оны өвлийг дуустал хураахгүй гэж байв.
Тусгаарлах зориулалттай цагаан хайснуудын хувьд 3.5 метр сууриар нь хашлагыг салгах боломжтой. Одоогоор Яармагийн чиглэлд гурван км хаалт хийгээд буй. Хашлагыг нөөцтэй авсан учир мөргөх осол гарсан ч дахин нэмэлтээр суурилуулахыг албаныхан онцолсон юм.
Гэвч автомашины зорчих хэсэгт саад учруулж байгаа Наадамчдын өргөн чөлөөний замд байршуулсан хашлагуудыг хурааж эхэлжээ.
950 сая төгрөгийн үнэтэй нийт 12700 метр урт хашлагаар замын нэгдүгээр эгнээг тусгаарлахаар зарлага гаргасан. Үүнээс Яармагийн зам дээр 3000 метр орчмыг л тавьсан. Өртөг нь 200 орчим сая төгрөг болж, "Улаанбаатар зам засвар арчилгааны газар" хийж гүйцэтгэсэн билээ. Харамсалтай нь, бодит ажил хэрэг болж чадаагүй тус өндөр өртөгтэй хайсуудыг буцаан татан авч байна.
Гэхдээ хураасан хашлагуудаа шаардлагатай бүсэд дахин ашиглахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа онцолсон юм.
Тодруулбал, 2023 оны эхний хагас жилийн байдлаар Улаанбаатарт шинээр 60 мянган машин бүртгэгдсэн. Тээврийн хэрэгслийн зохистой ашиглалтын зардал буурахгүй байна. Тиймээс нийтийн тээврийг үйлчилгээг хүмүүст хүргэх үүднээс тусгаарлах хайсыг цаашид ч шаардлагатай замуудад байлгах аж.
Холбоотой мэдээ