Ардчилсан намын бүлгээс төсөвтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2023.10.16/ мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Бид бүлгийн хурлаараа дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Нэгд, арваннэгдүгээр сард улсын төсөвтэй холбоотой нэгдсэн төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцдэг. Үүнтэй холбоотой ажлын хэсэг гарч, нухацтай ажиллая. Төв нам руу санал гаргаж, ирэх оны төсөвт өмнөх жилүүдээс илүү хариуцлагатай хандахаар ярилцлаа. Өнгөрсөн жил анх удаа 20 их наядын зарлагыг давсан бол 2024 оны төсөв 28 их наяд руу очих нь ээ. Нэг жилийн дотор 40 хувийн тэлэлттэй улсын төсөв дарга нарын гарын үсгээр шийддэг мөнгө нэмэгдэх нь ээ. Хоёрт, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах урт нэртэй хуулийн хүрээнд "нууц" нэрээр шууд худалдан авалтыг хийдэг. Энэ хуулийн 3.4 заалтыг ашиглаж, өнгөрсөн хугацаанд маш олон худалдан авалтыг хийсэн.
Сүүлдээ төрийн нууцад авалгүй Тагнуулын ерөнхий газрын зөвлөмж нэрийн дор ногоон автобусыг шууд худалдан авсан. Эдгээр дүн нь тэрбум бус их наядаар яригддаг. Үүний цаана авлига, хээл хахууль, хулгайн асуудал нуугдаж байна.
Гуравт, аравдугаар сарын 23, 24-нд УИХ-д Ардчилсан намын бүлгийн санаачлагаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ сонсголоор цар тахлын үеэр асар олон шууд худалдан авалтыг төрийн нэрээр хийсэн. Зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгодог зээл гэхэд хэдэн их наядаар яригдаж байх жишээтэй. ЖДҮС-гийн зээлийг 2017 онд 50 тэрбум төгрөгийн асуудлыг ярьж байсан бол цар тахлын үеэр 10 их наяд буюу 50 тэрбумаас 50 дахин мөнгөний асуудал яригдаж байна. Ерөнхий тоон мэдээлэлтэй, иргэн, аж ахуйн нэгжийн нэр, мэдээллийг хүсэхэд өгөхгүй байна. Цар тахлын сонсгол явуулахын тулд өнгөрсөн долоо хоногт шинжээч томилж өгөх хүсэлтийг УИХ-д тавихад байнгын хороогоор хэлэлцэх байсан ч ирц хүрэлцээгүй гэдэг шалтгаанаар шинжээч томилсонгүй. Бид бүлгийн хурлаараа хэлэлцэж, байр сууриа нэгтгэлээ.
Мөн сэтгүүлчид өнөөдөр мөрдөн байцаалтын нууцыг задруулах гэдэг нэрийн дор хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдэх эрхэд халдах гэж байгаа зүйл заалтыг ярьж байна. Ардчилсан намын зүгээс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлд нээлттэй байхад өөрийн байр сууриа илэрхийлнэ. Иргэний мэдэх эрхийн талд зогсоно. Цар тахлын сонсголд таван гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан.
"ЭРХ БАРИГЧИД 20 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗАДАРГААГ МЭДЭХЭЭС АЙЖ БАЙНА"
Ардчилсан намын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ж.Батсуурь:
-Өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард БНХАУ-д цар тахал дэгдэж, онцгой дэглэм тогтоосон. Үүнээс хойш гурван жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд асар олон зүйлийг хийж, бас олон үйл явдлыг мартсан байна. Энэ хугацаанд цар тахал нэрийн доор 5.1 их наяд, дараа нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 10 их наядын хөтөлбөр, бас гадаадын зээл тусламжаар 3 их наяд, "Эрдэнэт үйлдвэр"-ээс 1.2 их наядыг дайчилж, "Оюутолгой"-гоос нэг их наяд гээд 20 их наядыг зарцуулжээ. Мөнгөний тоо ярихаар утгаа алдлаа. Саяхан тэрбум төгрөг ярьж байсан. Нүүрсний хулгай 40 их наяд төгрөг байх жишээтэй.
Нэг их наяд гэхээр нэг хонийг 200 мянган төгрөгөөр тооцоход 20 их наяд төгрөг 100 сая хоньтой тэнцэж байна. Энэ их мөнгийг гарынхаа салаагаар урсгажээ.
Энийг тодруулахаар цар тахлын төсвийг тодруулах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлсэн төлөвлөгөө, ААН-ын хандив тусламж, гадаадын зээл тусламж, орлого зарлагыг нийтэд ил болгох тухай ажлын хэсэг байгуулж, олон удаа хуралдсан. Төрийн байгууллагаас мэдээлэл авч, мэргэжлийн шинжээч томилоё гэхээр томилж өгөхгүй байна. Хүмүүсийн ам тагласан мэдээлэл өгөхөөс нарийн мэдээллээ өгөхгүй байна. Ирцээр бойкотлоод Эдийн засгийн байнгын хороогоор шинжээч томилж өгөхгүй байна. Эрх баригчид 20 их наяд төгрөгийн задаргааг мэдэхээс айж байна. Нийт 20 их наяд төгрөгөөс хоёр их наядаар нь хүүгүй болон хүүгүй зээл өгсөн. Энд ямар компани байна гэхээр мэдээллийг нь өгөхгүй. Цар тахлын төсвийн задаргааг мэдье, олон нийтэд ил болгож тайлагная гэсэн. Энийг ярих ганц боломж нь Ерөнхий хяналтын сонсгол байдаг. Энэ сонсголыг тухайн намын бүлэг болон есөөс дээш УИХ-ын гишүүн санаачлага гаргах боломжтой, Төсвийн зарлагын дэд хорооноос санаачлага гаргах боломжтой байдаг юм. Энэ сонсгол мухардаж байна. Бидний асуултад төрийн байгууллага тайлангаа ирүүлэхгүй байна.
Холбоотой мэдээ