Израилийн Батлан хамгаалах хүчин Газын хойд хэсгийн оршин суугчдыг аюулгүй газарт нүүхийг анхааруулсан тул Ням гаригт өмнөд хэсгийн Хан Юнис хот руу олон мянган палестин иргэн дүрвэжээ. Хан Юнист ирсэн иргэд талханд дугаарлан, эмх замбараагүй байдал үүсч буй бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэн. Гэтэл Палестины дүрвэгсдийн асуудлыг эрхэлсэн НҮБ-ын агентлаг бүслэлтээс болоод цаашид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжгүй гэж мэдэгджээ.
“Газын зурвас усгүй болж байна. Тэнд амьдрал тасарч байна. Удахгүй ямар ч хоол хүнс, эм тангүй болно байх. Хүмүүнлэгийн тусламжийн бүслэлтийг цуцлахыг шаардаж байна” гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссар Филипп Лаззарини хэллээ.
Тасралтгүй бөмбөгдөлт Бямба гаригт улам эрчимжсэн. Үүнтэй зэрэгцээд талх, ус хомсдож, цахилгаан тасрав. Тиймээс иргэд дүрвэж явсан гэр бүлийнхнээ эсэн мэнд байгаа эсэхийг мэдэх боломжгүй болжээ.
“Цахилгаан тасрав. Хүнс, ус хомсдов. Бүх зүйл хомсдлоо. Бурхан л үүнийг шийдэж чадна” гэж Хан Юнис дэх дүрвэгч ярив. Наад захын хоол хүнс ч тасарсан. Израильчууд өлсгөлөнг дайны зэвсэг болгож байна гэж дүрвэгчид хэлж байна. Үндсэндээ Газын ихэнх иргэн дэлхий ертөнцөөс тасарсан гэв.
Дүрвэгчдийн аюулгүй байдлыг хангах тодорхой хугацаа зааж өгсөн ч хүмүүсийг тээвэрлэж явсан машиныг дайрсны улмаас 70 хүн амь үрэгдсэн гэв. Бямба гаригийн байдлаар амиа алдагдсдын тоо 2200 даваад байна. Мөн 1700 орчим барилга байгууламж, өндөр цамхаг, 7000 гаруй орон сууцны барилга нурсан гэж Хамасын хэвлэлийн алба мэдээлэв.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Баасан гаригт энэхүү хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхийн тулд Израиль, Египет, Иордан, Арабын орнууд болон НҮБ-тай хамтран ажиллахыг нэн тэргүүний зорилт болгосон гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ