Туркийн нийслэл Истанбул хотод Палестиныг дэмжигчид Баасан гаригаас эхлэн жагслаа.
Ерөнхийлөгч Эрдоганы хүү болон хүргэн нь Бямба гаригийн жагсаалд оролцсон аж. Эрдоган засаглалынхаа хугацаанд Палестины талд удаа дараалан байр суурь илэрхийлж байв. Тухайлбал, 2009 онд Давосын форумд оролцохдоо тэр Израилийн ерөнхийлөгч асан Шимон Пересийг буруутгасан удаатай. Улмаар өнгөрсөн жил тэрбээр Израильтай 10 гаруй жил үргэжилсэн дипломат харилцаагаа дуусгавар болгожээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал өнгөрсөн сард Нью-Йоркод зохион байгуулагдах үед Эрдоган анх удаа Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзсан.
Өдгөө Газын зурваст үргэлжилж буй мөргөлдөөнийг Эрдоган шүүмжлээд, Израилийг төрт улс шиг аашлахгүй байна гэжээ.
Истанбулын жагсаалд оролцсон 30 эргэм насны иргэн хэлэхдээ “Тэд олон жилийн турш хүмүүсийг орон гэрээс нь хөөж байна. Одоо харин өдөр бүр хүмүүсийг алж байна. Израильчууд ийм зүйл хийж байгаа тул бид эсэргүүцэн жагсаж байна” гэв.
Туркээс гадна АНУ-ын олон хотод Газын зурвасын мөргөлдөөнтэй холбоотой жагсаал цуглаан үргэлжилж байна. Тухайлбал, Цагаан ордны гадаа Палестиныг дэмжигчид Бямба гаригт жагсчээ. Тэд “Палестиныг чөлөөл” гэсэн уриатай жагсав.
Лос Анжелест ч бас Бямба гаригт Палестиныг дэмжигч 1000 гаруй жагсагч цуглав.
Харин Нью-Йорк нь еврей хүмүүсийн тоогоороо Израилийн араас дэлхийд хоёрдугаарт ордог. Нью-Йорк дахь еврейчүүд Израиль, Палестиныг дэмжин хоёр хуваагдаад байна. Өнгөрсөн Баасан гаригт тус хотын Бруклин дүүрэгт олон зуун хүн жагсчээ. Тэд “Еврейчүүд палестинчуудын эсрэг геноцид хийхийг зогсооно” гэсэн лоозон барьсан байв. Харин Манхэттэнд олон жил ажилласан еврей иргэн энэхүү халдлагыг 1948 оноос хойш Израилийн өмнө тулгарч буй хамгийн том аюул гэж нэрлэжээ.
Түүнчлэн Лондон тэргүүтэй Их Британийн хотуудад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо. "Эрх чөлөөт Палестин" гэсэн уриа лоозон барьсан олон мянган жагсагч нийслэл хотын төвөөр ерөнхий сайд Риши Сунакийн Даунинг Стрит дэх ордонг чиглэн жагсчээ.
Эх сурвалж: AFP
Холбоотой мэдээ